Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт товлон зарлав.
Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.
Харин яллагдагч Ж.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Отгонбаатарт авсан хязгаарлалт тогтоох, бусадтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус тус өөрчилж, Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаан авах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх, ...дуудсан цагт ирэх, ...саад учруулахгүй байх үүргийг яллагдагч нарт үүрэг болгож, мөн хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Барьцаалуулагч нь өөрийн үүргээсээ татгалзаж барьцааны мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан нь яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих үндэслэл болно.” гэснийг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл