Г.Цэндмаа: Суралцахаас хойш сууж хэрхэвч болохгүй

Aдмин / Боловсрол

Учрыг мэдсэн эс мэдсэн сониучдын “энэ яачихсан хүн юм бэ?” гэсэн асуултад "би ээжээсээ төрөхдөө тархиндаа авсан гэмтлээсээ болоод ийм болчихсон юм аа" гэж зоримог бөгөөд нээлттэй хариулах бүсгүйг Цэндмаа гэдэг. Түүний өөртөө итгэлтэй, зоримог байдал нь өөрөөсөө ичиж хэн ч биш байхыг хүсээгүйг илтгэнэ. тэрээр саяхан цахим орчинд өөрийн хүсэл сонирхлын талаар ярьсан нь олон хүнд хүрсэн төдийгүй удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтанд Монгол хэл бичгийн хичээлээр бэлтгэж өгөх багш хайж буйгаа учирласан юм. "Багш ажилд авна цалин тохиролцоно" гэж бичсэн түүний зар дор түмэн утгатай сэтгэгдэл хөвөрнө.

image

Амжилт ерөөсөн утга голлох сэтгэгдлүүд дунд бүсгүйд урам өгөхөөс эхлээд хүсэл тэмүүлэл дүүрэн түүний чин сэтгэл зүтгэлийг үнэлж үнэгүй хичээл заах багшид танилцуулж өгөх, туршлагатай багшийн хувьд туслахыг хүссэн хүмүүс цөөнгүй харагдах аж. Харин Цэндмаагийн зүгээс өөрийн харагдах байдлаа давуу тал болгож хүний хөдөлмөрийг үнэгүй ашиглах хүсэлгүй бөгөөд бусдын адил сургалт авахад цалин хөлс харилцан тохиролцдог үндсэн дээр “багш ажилд авах” хүсэлтэйгээ илэрхийлж харагдлаа.

Ингээд түүнтэй ярилцахаар утас цохилоо. Ерөнхий боловсролын сургуулийг энэ онд төгсөгчид тун онцлогтой хичээлийн жилийн ард гарч байгаа. Дэлхийг нөмөрсөн цар тахлын аюулаас шалтгаалан гэрээсээ хичээлээ судалж сургуулиа дүүргэж байгаа сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа ч бие даан бэлтгэж шалгалт өгөхөөр дор бүртээ хичээж буй. Тиймээс төгсөх ангийхан маань шалгалтандаа хэрхэн бэлтгэж байгаа талаарх сониуч бодолтой зэрэгцэн гарч ирсэн сонирхол татам жишээ Цэндмаа байж таарсан болохоор түүний цахим хаягаар захидал илгээсэн нь тэр. Гэвч бүсгүй "Та надаас юу асуух гэсэн юм. Хэрвээ намайг шалгалтанд бэлтгэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бичих гэж байгаа бол би танд яриа өгөхгүй" гэж шулуухан асууж татгалзах аястай байсан ч үнэн учраа хэлж тайлбарласны эцэст тэрээр намайг гэртээ аваачихаар зөвшөөрсөн юм.

image

Бичил хороололд гэр бүлийн хамт амьдардаг Цэндмаа бид хоёрын яриа албархуу маягтай болж өнгөрсөн. Энд түүний хувийн амьдрал, хөгжлийн бэрхшээл гэсэн сэдэв рүү орсонгүй. Учир нь бид энэ талаар тохирсон нөгөө талаар сэтгүүлч миний өнцөг ч тийм биш юм.

Өглөө ирэх нийгмийн багш маань ирсэнгүй гэсээр хаалгаа нээсэн Цэндмаа 21 настай. Ирэх долоодугаар сард ЭЕШ өгөхөөр хичээнгүйлэн бэлтгэж байгаа бүсгүй. Тэрээр 9-р ангиа 2014 онд төгсөөд хоёр жил гэртээ суусны дараа 2016 онд коллежид элсэж өнгөрсөн өвөл хэвлэлийн график дизайнераар сургуулиа дүүргэжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нөхөртэйгээ зөвлөлдсөний эцэст дээд мэргэжил эзэмшихээр шийдэж элсэлтийн шалгалтаа МУБИС-ийн Багшийн сургуульд өгөхөөр шаргуу хичээллэж байна. Хичээл хийж байгаа хүнд хэрэгцээтэй бүх л зүйлс түүний ширээнд өрөөстэй. Багш нь нямбай гэгч нь бичиж өгсөн хуучин монгол бичгийн үсгийн цагаан толгойноос эхлээд амжилттай гэгч нь бөглөсөн сорилууд хичээл төрөл бүрээр харагдана.

image

Хөл хорионы хугацаанд явагдсан тв хичээл Цэндмаагийн хувьд жаахан хэцүү байсан тул шалгалт өгөхөөр сонгосон нийгэм, монгол хэл бичгийн хичээлийн мэдлэгээ илүү өргөн хүрээгээр авах шаардлагатай учраас ганцаарчлан багштай хичээллэж байгаа гэсэн юм. Сургалтын төвүүдэд хичээл заадаг багш нар нэг цаг хичээл өгөхдөө 8-10 мянга гээд байгаа нь надад жаахан үнэтэй тусч байна. Тиймээс хөл хорионы хугацаанд гэртээ орлого багатай сууж байгаа багшид таван мянган төгрөгөөр тохиролцож хичээл заалгах саналыг тавьсан. Эхэндээ бүтэлгүйтэж цалин голсон багш нар ч гарч ирсэн гээд тэрээр инээв. Үнэгүй хичээл заалгах боломж байсан шүү дээ гэсэн асуултад "үнэгүй юм чанаргүй л байдаг" гэж хэлсэн түүний үгэнд худал байсангүй. Ингээд бидний яриа түүний яагаад багш болохоор шийдсэн тухай үргэлжиллээ. Энэ тухай тэрээр өөртэйгөө адилхан хүүхдүүдэд туслах хичээл заах хүсэлтэй гэж хариулсан. Түүний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох зайлшгүй хэрэгцээ байдаг атал харагдах болон зарим талаар өнгөцхөн төсөөллийн алдаанаас шалтгаалж сурахад ямар ч бэрхшээлгүй олон хүүхдүүд боловсрол эзэмших эрхээсээ хагацаж байдаг. Үүний дээр хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хүүхдүүд заавал сургуульд сурч нийгэмших хэрэгтэй. Тэр дундаа жирийн хүүхдүүд сурдаг сургуульд хамтдаа суух ёстой. Монголын боловсролын систем хүүхдийг онц сурсан амжилтаар нь дүгнэдэг. Гэтэл хүүхдүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хүүхдүүдэд заавал A,B сурах хэрэгцээнээс илүү эрүүл хүүхдүүд дунд амьдрах хэрэгцээ нь илүү бий. Ингэснээр бид ч тэд ч өөрсдийгөө тусгаарлах ханыг өрж эхлэхгүй. Балчир насанд нь бид бүгд адилхан нэгэн хүсэл зорилготой гэдгийг ойлгуулах нь эрүүл хүүхдэд ямар ч хүн сурч боловсрохын төлөө хичээл зүтгэл гаргаж болдгын үлгэрлэл болох төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хүмүүст өөрийгөө голох, дутуугаар үл мэдрэх айдас хураагаагүй сэтгэл зүрх бүтээх гол үндэс юм. Хүн болж төрснийхөө хувьд эрүүл өвчтэй гэлтгүй амьдралыг өөр өөрийнхөөрөө туулаад өнгөрнө. Үүнд ялгавартай хандах шаардлага хэрэгцээ хэнд ч юунд ч байх ёсгүй. Такси барихаар гар өргөж байгаа хэн нэгнийг сайн муу, мөнгөө төлж чадах үгүй эсэхээр урьдчилан дүгнэх үнэндээ утгагүй асуудал хэмээн тэрээр бодлоо ярив.

image

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн харагдах байдлаасаа болж урьчилан дүгнүүлдэг байдлыг эерэгээр эргүүлсэн үүнийхээ төлөө тэмцсээр байгаа Болороог Цэндмаа даган дуурайхыг хичээдэг. Мөн яг л Болороо шиг олон Болороо өөрийгөө нээхийг өрөөлд нөлөөлөхийг тэр хүсч байна. Бид Болороо нэртэй байх албагүй. Харин Болороо шиг боловсролд тэмүүлэх түүн шиг, бид адилхан хүн гэж хэлэхдээ зоригтой байгаасай гэж тэр хүснэ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.125] 2020-07-28 20:09:25

шал худлаа охин шүү дээ энэ чинь харагдаж байгаа байдал шигээ зан ааш харилцаа нь хүртэл адилхан хог байдаг юм байна лээ иймэрхүү хүмүүст хүмүүс итгэж болохгүй шүү

Зочин [66.181.161.104] 2020-07-27 09:02:33

Мундаг байна. Нэг зүйлийг дурьдахад 1-р хорооллын араар гарч явахад Содон хорооллоос нийлдэг уулзвар дээр нэг тэргэнцэртэй залуу өдөр болгон шахуу гартаа мөнгө барьчихаад такси дохиж зогсох юм. Энэ ямар учиртай юм болоо. Хэрэв энэ сурвалжлагч үнэхээр хэрэгтэй мэдээ түгээх, бодит амьдралыг сурвалжлах зорилготой бол тэр хүний талаар анхаарал тавьж үзээч. Үнэхээр хэцүү харагддаг. Ямар хүн тэгэж зовж байдаг болоо гэж байнга санаа зовниж явдаг юм. Хичээнгүйлэн хүсье.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.