Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн гишүүд ШЕЗ-ийн гишүүд, шүүгчидтэй уулзаж санал солилцов

Aдмин / Хууль

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ш.Раднаасэд нар өнөөдөр /2020.09.21/ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, Шүүхийн багц хуулийн талаар санал солилцлоо.

Эхлээд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхим, шүүгчдийн ажиллах орчин нөхцөл, цахим систем хэрхэн ажилладаг зэрэг асуудлаар мэдээлэл сонсож, нөхцөл байдалтай танилцлаа. Тус шүүхийн үйл ажиллагаа явуулж буй байр нь стандарт бус, шүүн таслах үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй, 1 шүүгчид ногдох хэргийн ачаалал их зэрэг асуудлууд байгааг Тамгын газрын дарга П.Одхүү хэллээ. Шүүхийн эдийн засгийн баталгаа хангагдаагүй байгаа нь шүүхийн бусад үйл ажиллагаанд нөлөөлж байна. Мөн хүний нөөцийн бүрдүүлэлтийн асуудал тулгамдаж байгаа тухай мэдээлэлдээ онцоллоо.

Үүний дараа УИХ-ын гишүүд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдтэй уулзаж саналыг нь сонслоо. Монгол Улсын хэмжээнд нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байна. Жил ирэх тусам төсөв, хөрөнгө оруулалт багассан статистик байгаа ч шийдвэрлэж байгаа хэргийн тоо өссөн байна. Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125 байсан бол 2019 онд 195 болж нэмэгдсэн байна. Шүүгчийн орон тоог үе шаттайгаар тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай ч төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар Шүүхийн салбарт сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал Архангай аймаг дахь шүүх Аймгийн ЗДТГ-ын зүүн жигүүрт, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх ОХУ-ын эзэмшлийн байрыг түрээслэдэг, Завхан аймгийн шүүх цэцэрлэгийн зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулдаг зэрэг жишээг дурдлаа.

УИХ-ын гишүүд энэ зөвхөн шүүхийн ажилчид, шүүгчдийн асуудал биш иргэний шүүхээр үйлчлүүлэх эрхийн асуудал гэдгийг онцолж, цаашид үүнийг анхаарахгүй бол шүүхээс иргэдэд үйлчлэх үйлчилгээ доголдох бодит эрсдэл үүссээд байна гэлээ. Мөн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналуудаа ярилцлаа. Маргааш уг хуулийн төслийн танилцуулга хэлэлцүүлэг болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.