“Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2020.09.28/ “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус байнгын хорооноос салбар бүрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохын тулд нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, ”Ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө дэлхийн эдийн засгийн голлох байр суурийг газар тариалан, мал аж ахуй эзэлж, үйлдвэржилтийн техник технологиуд анхлан гарч ирж байсан. Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхтэй харьцуулан үзэхэд маш богино хугацаа юм. Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цоо шинэ салбар болох хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан төрөл бүрийн цахимчлал, орон зайн нөлөөлөлд үл хамаарах техник технологийн цоо шинэ нээлтүүд ар араасаа бий болсноор биднээс цоо шинэ сорилт, цоо шинэ хөгжлийн бодлогыг шаардаж байна. Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын Хараа 2050” Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн төр хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж баталсан. Энэ бол Монгол Улс цаашдын цоо шинэ 30 жилд цахим засаглал буюу ухаалаг төрийн тогтолцоог бий болгож, иргэндээ дарамт учруулдаг биш иргэддээ үйлчлэх үндсэн чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгаагийн илрэл юм.

Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа 3 үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд Үр нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд үндсэн зорилго болох Иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөж байна.

Бидний нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх ажил юм” гэв.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ 21 дүгээр зуун бол “ХУРД”-ны зуун. Хурдыг бүтээмж дагадаг. Хурдыг цахим дээр суурилсан ухаалаг, баталгаатай, зөв цогц шийдэлтэй, орчин үеийн технологийн ачаар бий болгож чадна гэдгийг онцоллоо.

Дараа нь Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, цахим албан хэрэг хөтлөлт” сэдвээр, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia” төслийн үйл ажиллагааны талаар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн байгууллага хоорондын цахим албан бичиг солилцооны ерөнхий бүдүүвч, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Илтгэлүүд болон хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулж оролцогчид төрийн цахим албан бичиг солилцоо, тоон гарын үсгийн асуудал гээд өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар оролцож, байр сууриа мөн илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

1 [103.229.121.42] 2020-09-29 08:50:39

Учрал IT гийн хүн биш хүнээс сонсоноорро л худлаа шоудаад яваад байхын

ЗОЧИН [66.181.182.139] 2020-09-29 07:46:52

ТООН ГАРХЫН ҮСЭГ ГЭЭЧ ХИРИЙН ХҮН ОЙЛГОХГҮЙ, МАШ ТҮВЭГТЭЙ, ХЭРЭГЛЭХЭД ХЭЦҮҮ, ИХ ХҮНДРЭЛТЭЙ, АЧ ХОЛБОГДОЛ ТУН БАГАТАЙ, ҮҮНИЙГ НЭВТРҮҮЛЖ МӨНГӨ СААХ ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ОЙЛГОСОН, ХЭРЭГЛЭЭ ИХ ЯВЦУУ, ТИЙМ ИХ ЧУХАЛ ЭД БИШ ЮМ БИЛЭЭ, ҮҮНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [192.82.76.181] 2020-09-29 03:21:54

ХУД шаахаа өөр юм байнуу. Зүгээр хуулиа баталж. Энд тэнд шоудаад мөнгө цохих гээд гүйгээд байх юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.