ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД: "Татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банканд байршуулж, эргээд иргэдээр төлүүлдэг бүлэглэл шүүхэд хяналтаа тогтоохоор увайгүй дайрч байна"

Aдмин / Хууль

1. Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд.

340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн ял авч шоронд хоригдон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байна.

2. Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал.

Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч, мөн шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн “шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах” ганцхан зарчим баримталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхүүдээс татгалзан, энэ чиглэлийн өөрчлөлтийг бүрэн дэмжсэн.

Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй.

3. Монгол Улсын Ерөнхийлөгч бол өөрийн бүрэн эрхийн мандатыг нийт ард түмнээс авсныхаа хувьд төр засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн тэргүүний хувьд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллах тэнцвэрийг хангахад дэмжлэг, нөлөө үзүүлэх эрхийг зүй ёсоор хадгалдаг цорын ганц албан тушаалтан байдаг.

Би цаашид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд Та бүхэнд зохих шаардлагаа тавьж ажиллана.

4. Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаар, мөн л шинэчлэлийн гоё сайхан уриагаар халхавчлан, нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш, ил болсоор байна.

Үнэн юм шиг, үүнээс нь өөр гарцгүй юм шигээр итгэтэл нь ярьж олон нийтийг төөрөгдүүлдэг, үндэсний эрх зүй, хууль тогтоомжийг үл тоодог, дур зоргоороо өөрчлөхийг санаархдаг, уншсан ном автсан онол, соёлоо тулгадаг, төрийн бодлого болгох гэж улайрдаг, ард түмний амьдрал, өв уламжлал, онцлогийг үл тоомсорлдог, үндэстний болон өөрийн улсын оршин тогтнохын баталгаа, эрсдлийг тооцох мэдрэмжгүй, тийм хэмжээнд асуудлыг харах чадваргүй, зарим талаар бүр ойлголт ч үгүй гэж хэлж болох нөхдүүд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг элдвээр мушгин, өнгөрсөн жил оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол, зорилгыг үнэгүйдүүлэх эрсдэл үүсгэж байгааг хууль тогтоогчид нухацтай ажиглаж анхаарах нь зөв.

5. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдсөн нэг том асуудал бол шүүхийн асуудал мөн байсан.

Шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, оновчтой хүртээмжтэй болгох чиглэлд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн зорилгын хүрээнд ажиллах ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх,огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах зэрэг тодорхой ач холбогдол бүхий гурван нэмэлт, өөрчлөлт Монгол Улсын Үндсэн хуульд орж баталгаажсан.Эдгээр нэмэлт, өөрчлөлтийн хоёрыг миний бие төрийн тэргүүний хувиар санал болгож, нэгийг нь зөвшөөрч дэмжсэнээр батлагдсан.

Шүүхийн шинэчлэл аль хэдийн, тодорхой хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан өдрөөс эхэлсэн.

Шүүхийн асуудлыг хэт улс төржүүлж, шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлж, удирдаж байгаа мэтээр өөрийгөө дөвийлгөн бусдыг гутаах гэсэн өчүүхэн зорилгоо орхи, үлгэрээ зогсоо, ашиг сонирхлоо тат, асуудалд нухацтай ханд. Үүний тулд Та бүхэн нөхцөл байдлаа эргэн хар, дүгнэ.

6. Үнэхээр ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн царцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм-төрийн байгууллын болон иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахуйц туйлын хүнд, бусармаг байдалд шүүхийг оруулсан, анхаарч арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд шүүх эрх мэдэл орсон байсныг өнгөрсөн хугацаанд бид бүгд ярьсан, бүгдээрээ хэлэлцсэн.

Дүн өвлийн хүйтнээр Улсын Их Хурлын 5 гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг Та бүхэн мартаагүй байх. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байна.

Аливаа асуудал шалтгаантай, бас шийдэлтэй байдаг. Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нэн чухалд тооцогдох олон бодлого нуран унаж байсныг бид мартах учиргүй.

7. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг 2012 оны 3, 5 дугаар сард Монгол ардын намын гишүүдээс олонх нь дэмжиж УИХ баталсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилж байх бүрэн эрхийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгож, үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон.

Үр дүнд нь Монголын төр хараат бус байдлын ард нуугдсан шударга бус шүүгч нартаа хариуцлага тооцож чадахгүй хэмжээнд хүрсэн, шударга бусын хонгил үүссэн, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүд хууль шүүхийн байгууллагыг авлигдан хүссэнээрээ хөдөлгөж, өөртөө үйлчлүүлэн ажиллуулдаг болсон зэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй ноцтой нөхцөл байдал бодитой бий болсон. Үүнийг мөн л бүгд мэдсэн, нотлогдсон, шүүжилсэн, арга хэмжээ авахыг шаардсан.

Хамгийн тодорхой жишээгээр салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн асуудлыг дурдаж болно. Өөр олон жишээ баримтыг шударга бусын хонгилоор ороод гарсан хүмүүс ярьдаг.

8. Хуулиар хийгдсэн, хараад суухад хэцүү, эвлэрээд явах боломжгүй бусармаг байдлыг залруулах, шүүх эрх мэдлийн нэр хүндийг аврах, нийгэм-төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах, дур зоргоо татаж зөвхөн хуульд захирагдан ажиллахыг шүүх болон шүүгчдээс шаардах төрийн бодлого тухайн үед нэн чухал болоод байсныг өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэдэг, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүмүүс бүрэн ойлгож байгаа.

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарч тус зөвлөлөөс зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээлгэж, үүний хүрээнд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал тухайн үед нь хэлэлцэн баталсан.

Амаргүй цаг үед гарсан энэ хууль туйлын зөв биш байж болох ч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй Монгол төрийн арга ядсан арга хэмжээ байсныг Та бүхэн мэдэх хэрэгтэй.

Хууль шүүхийхэнд цочроо өгч, хэсэг хугацаанд ч болов хуулиа барих гэж, шударга ажиллах гэж хичээхэд хүргэсэн энэ хууль ач холбогдлоо үзүүлсэн. Энэ бол зөвхөн миний биш чамгүй олон хуульч, өмгөөлөгчдийн илэрхийлсэн дүгнэлт.

9. Сүүлийн үед шударга, сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг, Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн шүүгч нарыг хүссэнээрээ чөлөөлж, огцруулах эрх мэдлийг олж аваад түүнийгээ дур зоргын байдлаар хэрэгжүүлээд байгаа юм шигээр олон нийтийг илт төөрөгдүүлсэн, бодит байдлыг илэрхий мушгин гуйвуулсан үзэл суртлыг нийгэмд түгээж, шүүхийн шинэчлэл нэгэнт эхэлсэн, холбогдох хуулийн төслүүд Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэгдээд эхэлчихсэн байхад тусгайлсан хууль өргөн барин бяцхан улс төр хийж байгаа нь өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй байх юм.

Өнгөрсөн хугацаанд Монголын төр, ард түмний зовлон болж байсан нөхцөл байдлыг бүрэн өөрчиллөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг нь хангах нөхцөл боломжийг бодитойгоор бүрдүүллээ.

Би өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төсөлдөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болдог хуулийн заалтыг тусгалгүй хасч, цаашид ийм хууль, ийм зохицуулалт шаардлагагүй гэдгийг тов тодорхой илэрхийлсэн.

10. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил болон үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалж, аюулгүй байдлыг хангахад хяналт тавьж ажилладаг төрийн зөвлөл дэхь байгууллага бөгөөд зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга 3 санал нэгдсэнээр шийдвэр гаргадаг хуультай.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аливаа асуудлыг энэ хүрээндээ харж, шийдвэрлэн ажилладаг болохоос шүүгчийн ёс зүй, мэргэжлийн алдаа, сахилгын зөрчил мэтийг хэлэлцдэг, ийм шалтаг шалтгаанаар, эсвэл бүр ямар ч үндэслэл шалтгаангүйгээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, өөрсдийн үзэмжээр халж солих шийдвэрийг хуйвалдан гаргадаг өчүүхэн зорилготой байгууллага огт биш. Үүнийг хоёрхон хууль уншаад бүрэн ойлгож болно.

Эрүүл ухаантай хүн бүр Үндэсний аюулгүй байдлын тухай болон МонголУлсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг уншаад маш тодорхой ойлголтыг авч чадна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хүрээнд нэг удаа зөвлөмж гаргасан.

Улсын Их Хурлын гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хадгалагдаж байгаа баримт материалтай зохих журмаар нь танилцаж болно.

Бүх насаараа хөдөлмөрлөж зүтгэчихээд эцэст нь тэтгэврийн зээлд дарлуулан, чадан ядан амь зууж байгаа нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх хэмжээний үр өгөөжтэй ард түмний баялаг, ордыг эзэмшиж, хууль шүүхийн байгууллагыг авлигдан өөртөө үйлчлүүлж, хоорондоо тэмцэлдэж байсан гадны иргэдийн зүй бус үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлоор татагдан оролцсон, энэ үйлдлээрээ Монгол төрийн үнэлэмжийг үнэгүйдүүлэн, нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар бий болгох эрсдэл үүсгэсэн шүүгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, хуулийн өмнө хүн бүр тэгш байх Үндсэн хуулийн зарчим, шаардлагын дагуу зохих хууль, хяналтын байгууллагад шударгаар шалгуулах, энэ үйл ажиллагаанд албан тушаалын халдашгүй бүрэн эрхээ ашиглан аливаа байдлаар нөлөө үзүүлэхийг хориглох зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан.

Зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авч бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулсан зарим шүүгчдийн гэм буруу зохих түвшиндээ тогтоогдон, ял шийтгэлээ хүлээгээд явж байгаа бол гэм буруугүй нь тогтоогдсон шүүгчдийн бүрэн эрх зохих журмынхаа дагуу сэргэн, ажил, албан тушаалдаа хэвийн ажиллаж байна.

11. Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн, эдгээр хуульд байгаа ололт, дэвшилттэй зарим зохицуулалтуудыг хассан, хүчингүй болоод удаж байгаа 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шүүхийн хүрээний асуудал, шаардлагыг ул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон.

Монгол түмний хүсэн хүлээж байгаа шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ийм хэмжээнд харж хийх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь бүрэн алдагдуулж байгаа юм.

Үүнийг ганц би биш хууль зүйн салбарын чамгүй олон эрдэмтэн судлаачид, хуульчид хэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийгмийн хөгжил, нийтийн эрх ашигт нийцүүлэн засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг давамгай илэрхийлж байгаагаас бүрэн харж болно.

12. Шүүхийн багц хуулийн шинэчлэлд хандахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг хатуу баримталж, асуудлыг нийт ард түмний эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс харж, ач холбогдлыг нь өргөн хүрээнд дүгнэж ажиллах хэрэгтэй, бас тийм шаардлагатай.

Монгол ардын намын бүлэг, Улсын Их Хурлын ажлын хэсгийн зүгээс өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулна гэх зүйл ярьж, сурталдаж байгаа боловч хатуухан хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг илэрхий гажуудуулсан,Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгын эсрэг гэж хэлж болох, нийгэмд шударга ёс тогтоох бус шударга бус байдлыг улам бэхжүүлэх ноцтой үр дагавар бүхий олон асуудалтай, хуучнаа хуулсан, ухарсан үзэл баримтлалын хүрээнд бичигдсэн хуулийн төслийг тухайн үзэл баримтлалаас нь ангид, тодруулж хэлбэл уг хуулийн үзэл баримтлалд огт тусгагдаагүй асуудлуудаар хачирлан сайжруулах боломж хууль зүйн хувьд байгаа эсэх нь эргэлзээтэй, Улсын Их Хурал энэхүү хуулийн төслийг батлагдсан үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхээр шийдвэрлсэн байгаа нь завхралд хөтлөх хуулийн төслийг хэлэлцүүлэгийн явцад засаад сайжруулчихна гэсэн итгэл, үнэмшлийг огт төрүүлэхээргүй байгаа юм.

13. Миний бие Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн ажлыг салбарын яам хариуцах нь зөв гэдэг байр суурийг баримталж, тодорхой арга хэмжээг авч ажилласан.

2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлдөө санал авахаар манай Тамгын газарт ирүүлсэн.

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Монголын Хуульчдын холбооноос шүүхийн багц хуулийн талаарх тодорхой санал, төслийг надад ирүүлж, хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын байр суурь, бодлогыг тусгасан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг хүссэн.

Миний зүгээс эдгээр хуулийн төслүүдийг судлах ажлын хэсгийг байгуулж, салбарын яам болон мэргэжлийн холбооноос тус тус ирүүлсэн хуулийн төслүүдийн нэгтгэсэн буюу тодруулж хэлбэл Хууль зүйн яамны төслийг зөвтгөж, залруулсан хувилбарыг боловсруулан, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд тухайлан хүргүүлж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг судлан, олон нийт, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээр өргөн хүрээнд хэлэлцүүлж, ажил хэрэгч саналуудыг тусган, зөрчил маргаан багатай, оновчтой зөв бодлого, шийдэл бүхий хуулийн төслийг салбарын яам нь эцэслэн боловсруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зөв гэдэг байр суурийг албан ёсоор илэрхийлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулсан хуулийн төслөө олон нийт, хуульчдаар хэлэлцүүлэх, эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн холбооны тавьж байгаа үндэслэл бүхий санал, шаардлагуудыг харгалзан үзэх, шийдвэрлэх арга хэмжээг огт авалгүй, нэг ёсондоо үл тоомсорлосон байдлаар алдаа завхрал ихтэй хуулийн төслөө шууд өргөн мэдүүлсэн.

Би хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын саналд үндэслэн боловсруулагдсан шүүхийн багц хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Засгийн газрын төсөлтэй нэгтгүүлэн, сайн мууг нь сайтар шүүсэн,эрсдэл хийдэл багатай, оновчтой зөв хууль гаргахыг зорьсон.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлгийн улс төрийн шийдвэрээр энэ боломж өнөөдөр бүрэн хаагдаж,хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын санал ор тас хаягдаж байна.

14. Шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй

Засгийн газрын төсөлд энгийнээр хэлбэл улс төрийн намуудын их хурал шиг шүүгчдийн төлөөлөгчдөөс бүрдсэн “Шүүгчдийн зөвлөл” гэх бүтэц бий болгох асуудал туссан.

Энэ нь шүүх эрх мэдлийн хүрээнд явцуу зорилго, эрх ашгаар нэгдсэн бүлэглэл, фракцуудыг хуульчлан байгуулах,шүүгч өөрийн эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс аль нэг бүлэглэл, фракцид эрхгүй татагдан орох, нэгдэх байдлаар хараат бус байдлаа бүр мөсөн алдаж, өнөөгийн байгаа нөхцөлийг улам дордуулах эрсдэлд хүргэнэ.

Өнөөдөр Монгол Улсад 520 гаруй шүүгч ажиллаж байна. Эдгээр шүүгчид эрх тэгш байж, ямар ч болзол шалгуургүйгээр саналаа илэрхийлж дотоод асуудалдаа оролцох эрх, боломжоор бүрэн хангагдсан байх ёстой.

15. Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй

Засгийн газрын төсөлд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог байх зохицуулалт туссан.

Аливаа сонгууль оролцогчдоо тодорхой эрх ашгаар нэгдэх, түүндээ захирагдах, хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох, өөр хоорондоо үүрэг хүлээх, үгсэл тохиролцол хийх, байнгын хамтын ажиллагаа үүсгэх зэрэгт зүй ёсоор түлхдэг бөгөөд үүнийг үгүйсгэх аргагүй, дэлхий нийтэд тогтсон зарчим гэж хэлхэд болно.

Ерөнхий шүүгчийг сонгох тухай зохицуулалт нь мөн л шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах, Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан том, тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, шүүх эрх мэдлийг хэдэн хэсэгт тасчин,ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгилоо байгуулдаг, түүнийгээ удирддаг хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай.

Монгол ардын намын гишүүд Та бүхэн хууль тогтоох үйл ажиллагаанд хэт олонхоороо эрдэж, ингэж хүч түрэн, дур зоргын байдлаар хандах нь ямар эрсдэл дагуулж, ард түмний жигшил дургуйцлийг дээд зэрэгт хүргэдгийг өөрсдийнхөө 2017 онд баталсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг будилаантуулах замаар зарим нэгэндээ хамаарч, хардагддаг олон тэрбумын хохиролтой, 13 авлига, албан тушаалын хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгоход хүргэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөсөө бүрэн харж болно.

Ийм хуулийг санамсаргүй хийчих, анзаарахгүй баталчих боломжгүй юм.

16. Ерөнхий шүүгчийг сонгох утга бүхий зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг илт зөрчсөн, дур зоргын шинжтэй зохицуулалт хийх оролдлого.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болгон өргөтгөсөн бол өргөн баригдсан хуулийн төслүүдэд энэ зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал томилохоор нэгэн адил тусгагдсан . Ийм нөхцөлд Ерөнхий шүүгчдийг ур чадвар, туршлагыг нь харгалзах тодорхой болзол, шалгуурын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж, Үндсэн хуулийн дагуу томилох нь зөв.

17. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болгон өргөтгөж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий энэ байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь улам төгөлдөржүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго байсан.

Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг орон тооны, 5-ыг нь орон тооны бус нөхцөлөөр ажиллуулах асуудлыг хуулийн төсөлдөө тусгасан бөгөөд энэ нь одоогийн байгаа нөхцөлөөс дээрдэх хувилбар огт биш юм.

Би өргөн мэдүүлсэн төсөлдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг бүгд орон тооны байж, үр дүнтэй ажиллах нөхцөл боломжийг олгохоор тусгасан.

18. Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

Өнгөрсөн хугацаанд шүүгчид хариуцлага тооцох чиг үүргийг орон тооны бус зарчмаар ажилладаг Шүүхийн ёс зүйн хороо гэдэг байгууллага хэрэгжүүлж ирсэн.

Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2015 оноос энэ оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдлыг хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн үр дүнтэй байна. Энэ бол өнөөх хонгилын нэг үзүүр, тасалбал зохих ёстой сэжим гэдгийг харуулсан бодит үзүүлэлт.

Шүүхийн нэр хүнд ямар байгааг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн ихээр авилгад автсан, хүнд суртал нүүрлсэн салбарын тоонд манлайлан явж байгааг тогтоосон судалгаа хүртэл байна.

Шүүхийг шинэчилнэ хэмээн хөөрцөглөж, гоё сайхан уриа лоозон болж яваа эрхэмүүд шүүгчийн хараат бус байдал хэмээн ярьж дөвчигнөхөөс сахилга, хариуцлагыг нь дээрдүүлэх асуудлыг ор тас хөндөхгүй, ярихгүй байгаа нь гайхаш барж байна.

19. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон боломжийг ашиглаж, шүүгчийн хараат бус байдал болон сахилга хариуцлагын асуудлын торгон хил, хязгаарыг зөв тогтоож, иргэдийн итгэлийг хүлээсэн, эрхийг нь хангасан шударга тогтолцоог бүрдүүлэн, нэр хүндтэй шүүхийг байгуулахын төлөө ажиллаж, эрх зүйн шинэтгэлийн нэг том хэлэлцүүлэг, бодлогыг үүнд чиглүүлэх ёстой биш үү.

Харамсалтай нь миний өргөн мэдүүлсэн төсөлд тусгалаа олоод байгаа, олон улсын жишиг хандлагад бүрэн нийцсэн тодорхой бодлого, зорилтоос өөр санал, санаачлага огт алга.

20. Засгийн газар нь төсөлдөө Шүүхийн сахилгын хороог 9 гишүүнтэй байхаар, 9 гишүүнийх нь 3 нь орон тооны бусад нь орон тооны бус нөхцөлөөр ажиллахаар тусгаж, Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдаж байгаа Шүүхийн сахилгын хороог одоо ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хорооноос огт ялгарахааргүй, ор нэр төдий байгууллага болгон, хонгилын тогтолцоог хамгаалж бэхжүүлэхээр санаархаж байгааг зүй бус эрх ашиг гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг эрх баригчид, Монгол ардын намын гишүүд хаана гээчихэв. Шударга ёс, шударга нийгэм, өөрчлөлт, шинэчлэлтийг горьдон хүлээж байгаа Монголын ард түмэнд үүнийгээ тайлбарла.

Нийтээр хэлэлцэж, зөвлөлдөж, зүтгэн байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлэх, ач холбогдлыг нь алдагдуулах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хөсөрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх бус өөгшүүлэх ийм бодлого өөрчлөлт, шинэчлэлт мөн үү.

21. Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн атга эрхийг аархан булааж болохгүй

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо зэрэг шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагыг Улсын Их Хурлын харьяаны байгууллагатай адилтгаж болохгүй.

Улсын Их Хурлын сонгууль бүрийн дараа төрийн албанд халгаа сэлгээ өрнөж, алба хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх эрх мэдлийг савчуулж, шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдалд улс төрчид эрээ цээргүй халддаг болох нь.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хэн ч үл зөрчих Монголын их цааз, Үндсэн хуулийн шаардлага.

Би хуулийн төсөл өргөн мэдүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурал томилохоор тусган, Үндсэн хуулийн зарчим, шаардлагын үүднээс томилох эрх бүхий байгууллага нь нэр дэвшүүлэх буюу сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байх, үүний оронд ард түмний төлөөлөлд зүй ёсоор хамаарах Монголын нийт хуульчдаас, 6000 гаруй гишүүнтэй Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх, тэдгээрийг Улсын Их Хурал томилгооны сонсгол явуулсны үндсэн дээр томилж байхаар тусгасан.

Хууль тогтоогчид Та бүхэн 6000 гаруй гишүүнтэй мэргэжлийн холбоог байнгын хорооноосоо байгуулагдсан ажлын хэсгийн 9 хүнээс дорд үзэж яав ч болохгүй. Би зарим гишүүдийн сурталдаад байгаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтыг жишээлэн хэлж байна.

22. Батлагдсан цагаасаа хойш бодлого, зарчмынхаа хүрээнд хэрэгжээгүй нэг хууль байна. Энэ бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль. Агуулга, ач холбогдлоор нь дүгнэвэл хэрэгтэй хууль мөн.

Харамсалтай нь Засгийн газар энэ хуулийг амилуулах, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, үүрэг оролцоог боловсронгуй болгох чиглэлд огт санаачлага гаргасангүй.

Шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд иргэний хяналт байх ёстой юм бол тодорхой үүрэгтэй байх шаардлагатай. Тиймээс би шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгах, энэ шаардлагыг давах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд нэгэн адил хамааруулах зэрэг тодорхой зохицуулалтуудыг тусгайлан зааж тусгасан.

23. Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд нь хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай.

Засгийн газар хуулийн төсөлдөө давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг тогтоолгох дүгнэлтийг гаргуулахаар Шүүхийн мэргэшлийн хороонд хандах, түүнийх нь үр дүнд шүүгчийг ажлаас нь чөлөөлөх, огцруулах хүртэл арга хэмжээ авч болох зохицуулалт тусгасан байх бөгөөд энэ нь шүүгчийг хараат бусаар ажиллуулах бус мэргэжлийн хариуцлагын арга хэмжээгээр дамжуулан шүүгчийг дээрээс нь дарамтлах, удирдах, хууль бус нөлөөлөл, шахалтыг үзүүлэх нөхцөл боломжийг хуулиар бүрдүүлэн өгч байгаа хэрэг болж байна.

24. Сүүлийн таваас долоон жилийн байдлаар шүүхэд хөрөнгө оруулалтын шинжтэй нэг ч төгрөг улсын төсвөөр хуваарилагдсангүй, шүүхийн хөрөнгө оруулалтыг Улсын Их Хурал улсын төсвөөс тогтмол хасаж ирлээ. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэлдээ саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг мөн.

Засгийн газрын зүгээс үүнийг даруй залруулж, шүүхийн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны нөхцөлийг нь сайжруулахад анхаарах ёстой байтал улам хамааралтай болгох бодлого, хуйвалдаан явуулж байгааг зөвтгөх аргагүй юм.

25. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарлигийг Шүүхийн сахилгын хорооноос дуусгавар болгох хэмжээнд төр, ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.

Засгийн газрын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид томилуулахаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилж байх үүрэг хүлээх зохицуулалт туссан бол Шүүхийн сахилгын хороо шүүгчийг огцруулах, чөлөөлөх шийдвэр гарснаар тухайн шүүгчийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өөрийнх нь оролцоогүйгээр мөн дуусгавар болж байх ёстой гэсэн зохисгүй үзэл суртал чамгүй түгээгдэж байна.

Эдгээрийн аль нь ч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, шаардлагад нийцэхгүй гэдгийг тодотгож, байж болох хэмжээнд, баримжаатайгаар асуудалд хандахыг зөвлөе.

26. Нөхцөл байдал ийм байхад миний өргөн мэдүүлсэн төслийг ач холбогдолгүй, эрх мэдлээ хамгаалах ганц хоёр заалттай, бусад нь хуулбар мэтээр сурталдаж суух нь хэр оновчтой вэ.

Манай анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай нэгэнтээ “хуульд үг нь байтугай таслал нь хүртэл утгатай байдаг” хэмээн хэлж байсныг Улсын Их Хуралд сууж байгаа хуульч гишүүд нь мэдэх байх. Хоёр хуулийн төсөлд цэг, таслал гэлтгүйгээр бодлого, зарчмын зөрүүтэй олон асуудал бий.

27. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол ач холбогдол болсон шүүх эрх мэдлийн асуудлыг хатуу хөл хорио, онцгой дэглэм тогтсон, ард түмний элч болж ажиллах ёстой Улсын Их Хурлын гишүүд нь чуулганыхаа хуралдаанд өөрийн биеэр ирж, итгэл үнэмшлээрээ оролцох боломжгүй ийм үед, яаран сандран, цахим гэгч хурлаар, дэлгэцний цаанаас хоосон хөндий хэлэлцэхээр улайрч байгаа нь ямар эрх ашигт дөрлөгдсөнийг таах аргагүй, туйлын хариуцлагагүй, бас болчимгүй алхам боллоо.

Үүнийг бусармаг аргаар хөлжсөн, хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүйд хүрсэн, түүнийгээ нууж хаах боломжгүй болсон, уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр аргагүй байна.

28. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох үйлажиллагаанд оролцох, тодруулбал “Хууль санаачлахаас гадна Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих, Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжийн талаар Цэцэд хүсэлт гаргаж хянуулах” зэрэг тодорхой боломжуудыг олгосон байдаг тул цаашид энэ хүрээнд шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудалд анхаарч, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж ажиллана.

Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа. Ямараар хариулах нь өнөөгийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхээ эрх ашгийг урдаа барин улс төржөөд байдаггүй аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо, хүч түрэн бярлхадаг бус үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар, чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа, бодлого, зүтгэлээс шууд хамаарна.

Хэрхэхийг эрхэм гишүүд мэдэхтүн.


Сэтгэгдэл

Шударга ёсоо л больчих... [202.9.40.84] 2020-12-01 02:52:49

Шударга ёс гэдэг нь өөрөө илүү философийн категори, ухагадхууны хувьд хууль, шүүхийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанд тухайлан нааж ярих нь учир дутагдалтай юм. Өдрөөр хэлбэл шударга ёс нь хэтэрхий субъектив ойлголт ба Батад шударга санагдах зүйл Доржид шударга бус санагдахын тухай хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр бид объектив, нийтийн эрх ашгийг илэхийлсэн, агуулсан хууль ёсны тухай ярих нь чухал. Энэ утгаараа нийгэмд тогтсон жишиг, зөв хийгээд буруугийн талаарх нийтлэг агуулгыг хуульд тусган өгч түүнийгээ хууль ёсны хүрээнд хууль, шүүхийн байгууллагууд нь барьж ажилладаг болох учиртай гэсэн үг. Нөгөөтэйгүүр алив бүхний эх суурь нь эдийн засгийн бүтэц, тогтолцоо байхын хувьд өдгөө яваад байгаа буруу гажиг энэ фундаментаа буюу сууриа-эдийн засгаа өөрчлөх ахул бидний энэ улс төржиж дотор талдаа хүч тарамдуулаад байгаа үр ашиггүй тэмцэл одоо зогсох нь дамжиггүй. Амжилт хүсье!

Гомбоо [139.5.218.74] 2020-11-27 15:19:59

Ундармаа ЖДҮ сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан хэрэгтээ л одоогоор торгох ял аваад байгаа юм билээ.Капитал банкны 340 тэрбумын хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байгаа юм бна лээ.

Зочин [202.126.88.200] 2020-11-27 14:14:44

МАНгасууд зуун жилийнхээ ой дээр Монгол улсыг дампууруулж бэлэг барих юм байна

Зочин [202.126.88.229] 2020-11-27 14:14:18

Humuusiin bankind hadgaluulsan mungiig huvaagaad avya gesen hun baihgui, harin tend tanar munguu bairshuulbal bid undur huu tulj usguj ugii gesen tohiroo l yavj bga biz de. Herev zeeldegchid undur huu tuluhgui geed zeelee bogino hugatsaand shuud tuluud dahij ter banktai hamtrahgui bolj irvel bank nuguu tald tohiroogoo bieluulj chadahgui bolj ter undur huutei hadgalamjuudaa tsutsalj boloh l bailgui. Hervee turiin medeld bank baidag yum bol ter bankaaraa 1 huviin huutei zeel iheer gargaj zuvhun uur bankind baisan jijig dundiin zeeliig chuluuluh zoriulaltaar busad bankuudad urtei humuusiin zeeliig tegluulj uur deeree tedgeer zeeluudiig huraaj tsugluulj boloh bailgui. Tegsen tsagt nuguu bankuudaas zeel avah hun garahgui bolj zuvhun undur huutei hadgalamj ezemshigchdiinhee zugeer hevtej bgaad oldog bsan orlogiig n ugch chadahgui sandrahdaa hadgalamjiin huugee buulgana. Dagaad zeeliin huugee ch buulgana bh gej bodj bn.

Зочин [202.126.88.229] 2020-11-27 14:37:13

Humuus bankind munguu hadgalah n ashig muutai bolood ireheer biznest iluu hurungu oruulj ehlene. Zuv biznes yavuulj chadval ter n ch iluu ashigtai orlogotoi bh. Harin biznes dampuurval munguu aldahaas sergiilj daatgal gargaj ugvul humuus aih n bagasch jijig dund uildver jinhene utgaar tsetseglen hugjih bh.

Зочин [202.126.88.229] 2020-11-27 14:24:03

Dahin helehed bankind bgaa hunii mungiig hen ch deeremdej avah geegui. banknii usguj ugnu gej humuustei tohiroo hiisen ireeduid oloh orlogo n l niigmiin baidal, koronagaas bolood buurahaas argagui boloh baih gesen,

Зочин [64.119.25.222] 2020-11-27 13:50:17

Хүүк Манан тай сүлбэлдвэл иргэд гудамжинд шууд гарна шүү. Бага омойтоорой.

Зочин [192.82.76.125] 2020-11-27 13:26:45

Хүрэлсүхийг Е.Сайд болж байхад би нээх их баярлаж билээ зальтай амьтан байж хог гж

Зочин [192.82.70.232] 2020-11-27 12:09:09

Мафийн толгойлогчидоо барьж хорихгүй болохоор ингэж байгаа юм даа

Зочин [66.181.161.77] 2020-11-27 11:53:31

МАН- ын цорын ганц мэргэжсэн - хулгай хийх хуулийа буюу НО-той шийдвэрээ гаргадаг арга нь ЧОНО БОРООНООР ... Монгол улс МАН - ыг уг үндсээр нь УСТГАСАН тэр цагт л хөгжлийн замдаа орно - өөр арга зам хайхын ч хэрэггүй , шууд л МАН аасаа салцгаая ....

ЗОЧИН [64.119.20.218] 2020-11-27 11:23:28

САРАНГЭРЭЛ ЭМД-ЫН 139 ТЭРБУМ, ЧИНЗОРИГ НД-ЫН 106 ТЭРБУМЫГ ЯАХ ГЭЖ ЗОРИУД УНДАРМААГИЙН БАНКИНД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛАВ, ЯАГААД ЭДНУУС ЭНЭ МӨНГИЙГ МӨДХӨН АЛГА БОЛГОВ,ЯАГААД ДАРААХАН НЬ 31 БАЙГУУЛЛАГЫН НИЙТ 375 ТЭРБУМ ХАДГАЛСАН КАПИТАЛ БАНКИЙГ ЭД НАР ЗОРИУД ДАМПУУРУУЛАВ,ЯАГААД ТӨР ЗАСАГ ЭНЭ ИХ МӨНГИЙГ АРД ТҮМНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ХУУЛЬ ГАРГАЖ,ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХУЛГАЙЛСАН ЭНЭ ИХ МӨНГИЙГ АРД ТҮМЭН ТӨЛӨХ БОЛОВ,УИХ, ЗГ,ЕС ХҮРЭЛСҮХ ЯАГААД ИЙМ ШИЙДВЭР ГАРГААД ЧИВ ЧИМЭЭГҮЙ БНА, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД, УЛСЫН ЕР. ПРОКУРОР, ЭЗ-ИЙН ЦАГДАА, МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР ЯАГААД ҮҮНИЙГ САНААЧЛАГААРАА ШАЛГАХГҮЙ ХАЯВ.МАН, УИХ, ЗГ, ЕС, АСАР ТОМ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭНЭ ЛУЙвар ХУЛГАЙНД ОРОЛЦСОН УЧРААС МӨРДӨН ШАЛГАХГҮЙ БНА ГЭХ ХАРДАЛТ БНА,

ЗОЧИН [64.119.20.218] 2020-11-27 11:02:37

САРАНГЭРЭЛ, ЧИНЗОРИГ УНДАРМАА 3

Ганаа [43.242.243.157] 2020-11-27 10:20:52

МАНАНгын НҮҮРСНЫ намын тролууд Баттулгын эсрэг бичнэ биз

Зочин [202.9.46.232] 2020-11-27 10:07:22

bANK UUL UURHAI CH TERTEE TERGUI ASHGIIN BAIGUULLAGA,HUWIIN UMCH IHENH NI.TUSWIIN HULGAICHDAA YAH WE

Зочин [202.9.46.232] 2020-11-27 10:06:00

Baahan bantan bolgochood odoo serj bgaa yum shig bna.umnu ni shuuh sain baigaagui gehdee odoonoos deer baisan sanagdah yum.Olon ulsiin baiguullaguud ch tegj dugnsen.huuli batlah erh ni ulsiin ih hurald baidagaas bish bank shuuh uul uurhaid baihgui.ALBAAR TSOORHOI HUULI GARGAJ TUUGEEREE HURNGU HULGAAILAH YUMAA.ULSIIN IH HULGAICHDAA TEDNII LOBIND ORDOGGUI BOLGOH YUMAA EHELJ HIIHGUI BOL MATRIIN NULIMAS URSAJ DUUSAHGUI.MONGOLIIN NIIGMEM MUUHAI CH GESEN HUULIND ZAHIRAGDDAG.TIIMEES HUULI BATLAHAAS EHLEED ONGORHOI TSOORHOIGUI BOLGOMOOR BNA INGEWEL HEREGLEJ BAIGAA SHUUGCHIDDEE CH AMAR DAGAJ ZAHIRAGDAJ BAIGAA BIDEND CH AMAR.

Зочин [202.21.98.238] 2020-11-27 10:01:54

TUMUR ZAMIIN 700 TERBUMAA AVYAA ERHEM ERUNHIILUGCHUU?! TATVAR TULUGCHDIIN 700 TERBUM OVOOLSON SHOROO BOLOOD ZAMHARSAN. TER MUNGUU AVCH HUND NUHTSULD AMI ZUUJ BGAA IRGEDDEE TUSLAY!!! EH ORONCH ZAN GARGAAD TATVAR TULUGCHDIIN 700 TERBUMIIG ULSAD BUTSAAGAAD UGCHIH TEHUU!?

Иргэн [66.181.161.44] 2020-11-27 09:35:37

Өөрөө шударга бусын хонгилын шинэ эзэн шүү дээ энэ жонхуу!!! Хонгилоо алдахгүй гээд сандарч байна даа, хонгилоо алдчихвал өөрөө шоронд явах хулгайч шүү дээ энэ

Зочин [103.26.194.223] 2020-11-27 09:24:01

Энэ хүн байхад хонгил байсаар байна, сахал Эрдэнэбилэг яах ч үгүй, Эрдэнэтийг санаархаад л байна

зэээ [66.181.184.88] 2020-11-27 08:38:24

Терийн эрх барих уйл ажиллагаа нэрээ л 2018-2019 оны уеуудэд ямар хунд байдалд орлоо доо!!! Тэгэхэд УИХ -н 5 гишууд нэгдэж Шудрага тэмцэл явуулж улмаар УАБЗ -н гишууд нэгдэн байж Хурц Асуудлын ард гарч бсн?! Тэрийг умартан УАБЗ ,Еренхийлегчийн гэх Терийн Институциудйн хувь оролцоог угуйсгэж болохгуй штээ?! Одоо ч улстерийн ерселдеен тийм ч Амаргуй нехцелд бна Тиймээс Еренхийлегчийн Тайлбар шаардлагыг Тунгаан хэрэгжуулээсээ ? Ялангуяа Нямбаатар сайд тунгааг тун!!!

Зочин [66.181.169.162] 2020-11-27 08:28:34

2020 онд байгуулагдсан УИХ маш муу гишүүдээс бүрджээ. Дуу гардаг гишүүн алга

Зочин [64.119.18.70] 2020-11-27 08:06:05

zub l helsen bn

Монгол хүн [202.9.46.239] 2020-11-27 08:05:21

Мөхсөн коммунизмийн амилсан сүнс МАН -ын Мафийн хүчээ авсан харгис бүлэглэл нь Монгол төрийг хэрхэн багалзуурдсаныг Ерөнхийлөгчийн энэ хоригоос олж мэдлээ. Засах арга зам нь МАН -ыг шууд татан буулгаж, төр, засгийн бүх түвшний эрх мэдлээс үүрд зайлуулах явдал мөн. МАН -ын Мафийн толгойлогчид, тэдний гар хөлийг үнэн шудрагын шүүхээр оруулж зохих ялыг нь үүрүүлэн, улсаас зүй бусаар луйвардсан бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй!

иргэн [192.82.67.210] 2020-11-27 07:42:17

сонгосон МАН чинь хүчээ нэгтгэн мандуулж байна. Баяр хүргье алгаа ташаад баярлах хэрэгтэй үхэрнүүдээ

zochin [202.9.47.5] 2020-11-27 07:36:35

ungursun khugatsaand arai l denduu davarsan daa yag odoo khatuu khariutslaga tootsokhgui bol uls oron maani suirekh deeree b.na shuu...


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.