Коронавирусээс хамгаалахын тулд гараа тогтмол угаах нь өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална
Коронавирусийн халдвар (COVID-19)-ын адил амьсгалын замаар дамждаг вирусүүд нь салст эсвэл вирус агуулсан агаар дусал хэлбэрээр таны нүд, хамар, хоолойгоор дамжин хүний биед нэвтэрч тархдаг. Олонх тохиолдолд вирус нь нэг хүнээс нөгөө хүнд гараар дамжин тархдаг. Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм.
Гараа хэрхэн зөв угаах талаар та бүхний мэдвэл зохих бүх зөвлөгөө энд байна.
1. Гараа хэрхэн зөв угаах вэ?
Таны гарт байж болох вирусийн бүх ул мөрийг арилгахын тулд гараа сайтар үрж, бүрэн угааж усаар зайлна. Гараа үр дүнтэй угаах үйл явцыг дараах хэсэгт алхамлан харуулав.
- Алхам 1: Цоргоны усаар гараа норгоно.
- Алхам 2: Нойтон гартаа хангалттай хэмжээгээр саван түрхэнэ.
- Алхам 3: Гарын бүх гадаргууг, түүний дотор гарын ар тал, хурууны завсар, хумсны доод хэсэг зэргийг наад зах нь 20 секундийн турш үрж угаана.
- Алхам 4: Урсгал усаар сайтар зайлна.
- Алхам 5: Цэвэр даавуу эсвэл нэг удаагийн алчуураар гараа арчина.
2. Гараа хэр удаан угаах ёстой вэ?
Та гараа наад зах нь 20-30 секундийн турш угаах хэрэгтэй. Хугацааг хялбархан тооцоолохын тулд “Төрсөн өдрийн мэнд” дууг хоёр удаа бүрэн дуулахад болно.
Гараа ариутгахад мөн адил арга хэмжээ авна. Үүнд: дор хаяж 60 хувийн спирт агуулсан ариутгагч бодисыг наад зах нь 20 секундийн турш гарын бүх хэсэгт хүргэн гартаа түрхэнэ.
3. Гараа хэзээ угаах ёстой вэ?
Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор та дараах нөхцөлүүдэд гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Үүнд:
- Нусаа нийх, ханиалгах, найтаасны дараа
- Нийтийн тээвэр, зах, мөргөлийн газар зэрэг олон нийтийн газарт очсоны дараа
- Цаасан мөнгө зэрэг гаднаас гэрт орж ирсэн эд зүйлсэд хүрсний дараа
- Өвчтэй хүнийг асрахын өмнө, асрах үеэр, асарсны дараа
- Хоол идэхийн өмнө ба дараа
Ерөнхийдөө та дараах нөхцөлд гараа тогтмол угааж байх хэрэгтэй.
- Ариун цэврийн өрөөнд орсны дараа
- Хоол идэхээс өмнө ба дараа
- Хог хаягдалтай харьцсаны дараа
- Амьтан, тэжээвэр амьтанд гар хүрсний дараа
- Хүүхдийн живхийг сольсны дараа эсвэл хүүхдүүд бие засахад нь тусалсны дараа
- Таны гар илт бохирдсон үед
4. Гараа угаахад нь хүүхдэд хэрхэн туслах вэ?
Хүүхдүүдийн хувьд гар угаах ажлыг амар хялбар, зугаатай болгоход туслах хэдэн аргыг энд дурдаж байна. Үүнд:
- Амар хялбар болгох - Бага насны хүүхдүүд угаалтуурт бие даан хүрэхэд хялбар болгох үүднээс сандал тавина. Хүүхэд хүрч чадахуйц газарт саван байрлуулна. Угаалтуурын дэргэд цаг хугацаа тоологч тавьж, тэднийг 20 хүртэл тоолоход тусална.
- Хөгжилтэй болгох - Гараа угааж байхдаа хамтдаа дуу дуулна. Энэ нь 20 секундийн турш гараа үрж угаахад тусална.
- Гэр бүлийн ажил хэрэг болгох - Гэрт байгаа бүх хүмүүс шаардлагатай үед гараа заавал угаадаг сайн жишиг тогтооно.
- Энгийн болгох.
- Ойлгоход нь туслах – Тухайлбал, бичил биетүүд нүдэнд үзэгдэхгүй бөгөөд тухайн газартаа өсөж үржсээр байж болох тухай хүүхдүүдэд хэлж өгнө. Хүүхдүүд яагаад угаах шаардлагатайг ойлгосон бол гараа дуртайяа угаах болно.
5. Гараа угаахдаа заавал бүлээн ус хэрэглэх шаардлагатай юу?
Үгүй ээ, та гараа угаахдаа ямар ч хэмийн түвшинд байгаа усыг ашиглаж болно. Саван хэрэглэж угааснаар хүйтэн эсвэл бүлээн ус нь вирус, нянг устгахад адил үр дүнтэй байдаг.
6. Гараа алчуураар арчих шаардлагатай юу?
Нянгууд хуурай арьстай харьцуулахад нойтон арьсанд амархан тархдаг тул гараа бүрэн хатаах нь нэн чухал алхам юм. Цаасан алчуур болон цэвэр даавуу нь бусад гадаргууд тараахгүйгээр нянг арилгах хамгийн үр дүнтэй арга юм.
7. Аль нь дээр вэ: гараа савантай усаар угаах уу эсвэл гар ариутгагч хэрэглэх үү?
Ерөнхийдөө савантай усаар гараа угаах, гар ариутгагч хэрэглэхдээ зөв хэрэглэж хэвшсэн бол нян, эмгэг төрүүлэгч бичил биетнийг устгахад дээрх хоёр арга хоёулаа үр дүнтэй байдаг. Саван нь коронавирусийг хамгаалдаг гаднах бүрхүүлийг устгах замаар уг вирусийг устгадаг. Хэрэв таны гар илт бохирдсон харагдаж байгаа бол та савантай усаар гараа угаах хэрэгтэй. Мэдэгдэхүйц бохирдсон гарт гар ариутгагч хэрэглэх нь үр дүн багатай байдаг. Гэрээс гадуур байх үед гар ариутгагч илүү тохиромжтой боловч онцгой байдлын нөхцөлд олж хэрэглэхэд бэрхшээлтэй, өртөг өндөр болдог. Мөн спиртэн суурьтай гар ариутгагч коронавирусийг устгадаг боловч бүх төрлийн бактери, вирусийг устгаж чаддаггүй. Тухайлбал суулгалт өвчинд хүргэдэг норовирус, ротавирусийг устгадаггүй ажээ. Мөн гар ариутгагчийг уусан, залгисан тохиолдолд хортой бөгөөд хүүхэд хүрэх боломжгүй газарт хадгалж, зөвхөн насанд хүрэгчдийн хяналтан дор хэрэглэнэ.
8. Саван байхгүй тохиолдолд хэрхэх вэ?
Хэрэв саван, цоргоны ус байхгүй тохиолдолд дор хаяж 60 хувийн спирт агуулсан гар ариутгагч хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм. Савантай ус эсвэл үнс хэрэглэх нь хамгийн үр дүнтэй биш ч бактерийг арилгахад тусална. Хэрэв эдгээр аргыг хэрэглэж буй тохиолдолд гар угаах хэрэгсэлтэй болох хүртэл гараа аль болох хурдан угаах хэрэгтэй бөгөөд энэ хооронд хүмүүс болон бусад гадаргуутай харьцахаас зайлсхийх хэрэгтэй.
9. Коронавирусийн тархалтыг зогсооход хэрхэн тус нэмэр болох вэ?
Зай барих зарчмыг мөрдөх: бусдаас дор хаяж нэг метр зайтай байх, өрөө тасалгаагаа агааржуулах, цонхоо онгойлгох, мөн гар барих, бусдыг тэврэх, үнсэх, хоол хүнс, сав суулга, аяга, алчуур зэргийг дундаа хуваалцан хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Орон зайн хувьд зай барих боломжгүй үед ялангуяа гэртээ, байшин барилга дотор маск зүүж байгаарай. Таны бие тавгүйрхвэл гэртээ байх, ханиад, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр зайд харилцахаас зайлсхийхийг анхаарах; Хэрэв та эсвэл таны хүүхэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авахаар хандах хэрэгтэй.
- Найтаах, ханиалгах үед тавигдах шаардлагыг сайтар мөрдөнө: Үүнд ханиалгах, найтаахдаа ам, хамраа тохой, эсвэл алчуураар дарах; хэрэглэсэн алчуурыг нэн даруй хаях бөгөөд гараа угааж хэвшинэ.
- Нүүрэндээ (ам, хамар, нүд) гараа хүргэхээс зайлсхийнэ. Вирустэй харьцсан байж болзошгүй гадаргууг сайтар цэвэрлэх ба ерөнхийдөө аливаа гадаргууг (ялангуяа олон нийтийн газарт) ойр давтамжтай цэвэрлэнэ.
- Халдварт өвчинтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг ЭМЯ болон ДЭМБ-ын албан ёсны хуудсуудаас аваарай.
- КОВИД-19-тэй холбоотой НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан зөвлөмж, зааврыг эндээс аваарай.
Сэтгэгдэл