Нарны баярын нандин уламжлал

Aдмин / Энтертайнмент

Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр, Наурызын баяр хаяанд ирлээ.

Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн Монголын ард түмэн Казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Алтан нараа шүтэн дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг.

Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний “ноу” “нов” “нав” гэсэн авиа сэлгэх хувилбартай, “шинэ” “руз” (рыз) “өдөр” гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн “Наурыз” буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай. Эл баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш эл баярыг одоогийн Дундад Ази, Ойрхи Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч нэг талаар угийн ёс жаягаар нь, нөгөөтэйгүүр өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай нягт холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ.

Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог бөгөөд 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.

Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэж эхэлжээ.

Өвөрмөц соёл, гайхам ахуй

Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Иймдээ ч хүндэтгэн дээдэлж, баярлан цэнгэдэг.

Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг хэмээдэг. Тийм учраас 21-ний шөнийг "Кызырын шөнө” гэдэг юм. Энэ нь Монголчуудын Цагаан өвгөн битүүний шөнөөр айл болгонд зочилдог гэдэгтэй утга нэг аж.

Нэгэн шинэ өдөр эхэлж байна... Ургахын улаан нараа баясалтай угтаж, амны билэгтэй хүн энэ өдөр шинэ оны ургах нарнаар апагийн /эмээ/ шашугаас /хишиг/ хишиг хүртэнэ. Ингэж хүртэхдээ апа, хүн болгоны гарт өгөхгүй. Олон хүүхдийн дунд агаарт өргөдөг. Шашуд чихэр, боов, цагаан идээ багтана. Нэг ёсондоо аль түрүүлж авсан нь илүү амны хишигтэйд тооцогддог ч уламжлал бий. Мөн баяраар аксакалуудаа /өвгөд/ хүндэтгэн, ах дүүс, хотол олноороо учран золгож ирэх жилийнхээ амжилт, ажил үйлс, хийж бүтээх зүйлсээ шүүж хэлэлцэн өтгөс нь залуустаа үг, сургаалиа айлдан үлдээдэг онцлогтой.

Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг тосоор мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх ба үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь Монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг.

Нарны баяраа угтаж ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг. Түүнчлэн гэр орон, тавилга, эд хогшил, хувцас, хашаа хороо, гэрийн ойр орчныг цэвэрлэнэ. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг билэгддэг учиртай юм. Мөн "Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол "тэнгэрийн хишиг орлоо" хэмээн билэгдэж, "ирж буй жил сайхан жил болно" гэж баярладаг.

Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед “Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог бөгөөд энэ нь бие биенээ хүндэлж, хүндлэл үзүүлж буйн илэрхийлэл. Ийнхүү золгодог нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай ажээ. Харин эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно.

Наурызын баяраар Казахын ард түмэн архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Учир нь " харам” буюу хар идээ гэж үзэн ариун идээний дэргэд байлгаж болдоггүй заншилтай.

Наурызын баярын хамгийн чухал идээний нэг бол көже /шөл/. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, аарц зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог уламжлалтай. Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа хүртэнэ. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж, нөхөрлөхийг билэгдсэн заншил юм. Баяраар доод тал нь 40 айлаар орж идээ будаа шөлнөөс амсаж, баярын мэнд хүргэх тусам сайн хэмээн үзнэ.

Наурызын баяраар залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож доомбордож харилцан дуулна. Энэ мэтчилэн Нарны баяраар олон тоглоом наадгай тоглож, хөгжилдөн цэнгэдэг байна.

6000 жилийн тэртээх өвийг тээгчид

Гялтганасан чулуугаар эмээлийн бүүргээ чимэглэсэн, чоно, үнэг, хярс гээд ан амьтны гоёмсог арьс ганзагалж, сүрлэг малгай, мөнгөн бүс, нүд хужирлам өмсгөлтэй, гартаа бор бүргэдээ дэвүүлсэн ийм дүр төрхийг та бүхэн олонтаа харсан байх. Энэ бол нүүдэлчдийн хүн төрөлхтөнд үлдээсэн "ҮНЭ ЦЭНЭ” буюу бүргэдээр ав хийх зан үйл, уламжлал.

Монгол төрийн зөв бодлогын үр дүнд сүүлийн жилүүдэд "Бүргэдийн баяр” жуулчдын хамгийн их зочилдог аялал жуулчлалын том эвент болов. "Бүргэдийн баяр”-ын цар хүрээ олон улсын анхаарлын төвд орж, зөвхөн 2019 онд зохион байгуулагдсан Бүргэдийн баярыг гадаад, дотоодын нийт 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон юм. Мөн Монгол руу зорих жуулчдын хайлтад хамгийн их өртдөг түлхүүр үгэнд Алтай таван богд, "Бүргэдийн баяр” оржээ.

Төр засгийн бодлого, дэмжлэгийн хүчинд бүргэдчидийн тоо ч эрчимтэй өсөж байна. Одоогоор манай улсад 650 орчим бүргэдчид байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр сүүлийн хэдэн жил бүргэдийн холбогдолтой эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах болов.

Өнгөрсөн 2014 онд Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг "BBC" агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр "The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээж Монгол Улсын нэр дэлхий дахинаа түгэв.

Казахын үндэстний ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. "Бүргэд ан хийх эрдмээ эзнээсээ өөр хүнд үзүүлдэггүй. Анх гаршуулсан эзнээсээ өөр хүнд очдоггүй” учиртай.

Бүргэдийг гаршуулахад олон шинж тэмдгийг хардаг гэж хашир бүргэдчид ярих нь бий. Хамгийн түрүүнд нүдийг нь хардаг аж. Мөн гадна талын биеийн байдал болоод хөлийн сарвууны олон үе нь хаан бүргэдийн шинжийг агуулдаг байна. Ан хийлгэж сургах, бүргэдээ буцааж ирүүлэх гээд маш нарийн дадлыг эзэмшүүлэхийн тулд цаг хугацаа, нарийн мэдрэмж, байгалийн холбоо их чухал. Энэ бүхэн хүн төрөлхтөд үлдээсэн их "ҮНЭ ЦЭНЭ”, их өв юм.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг бусад ан амьтнаар хооллодог ба 30-50 жил насалдаг. Манай бүргэдчид нөхөн үржих, тоо толгойг нь өсгөх зорилгоор уг шувууг 6-10 настайд нь байгальд нь буцааж тавьдаг учиртай.

Ұлс оң болсын, Ақ мол болсын

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Нажкейн Тилеухан


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 12:55:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 12:55:49

Зочин [66.181.177.81] 2021-03-23 14:38:00

казакууд яахав монголчууд цагаан сараа муулсаар бүр сонин болжээ энэ гадныханы л санаа баых даа

Баяр хүргэе! Гэгээн өдөр уртсаж байнадаа. [202.131.225.53] 2021-03-22 16:51:23

Казахууддаа үндэсний баяраар нь мэнд хүргэж, хүнд сайхан юм юү хүсч болдогийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Одоо бид чинь 21-р зуунд амьдарч байна, найрамдан хоршиж сайхан амьдарна. Наурыз баяраараа сайн сайхан зүйл бодож, бүтэхгүй хоцрогдсон санаа бодлыг хойноо хаяад явья.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.