Улс төрийг удирдаж буй дүү нараас учирлаж гуйх захидал
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаад ДОЛОО дахь өдрөө тэмцлээ үргэлжлүүлж байна.
Өнгөц харахад, нэг намын дотоод асуудал мэт боловч үнэн хэрэгтээ монгол төрийн хямрал болж, улмаар гадагшаа хальж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай бичиж шуугих боллоо. Иймд миний бие уг асуудлыг ямар ч улс төрийн нөлөөгүйгээр, хөндлөнгөөс ажиглаж, дүгнэснээ та бүхэнтэй хуваалцъя.
Аль нь жинхэнэ АН-ын дарга вэ?
АН-ын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй бол намын дарга шууд огцорч, АН-ын даргын эрх, үүрэг аль нэг дэд даргад шилжинэ гэж заажээ. 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсан учир С.Эрдэнэ 7 дугаар сарын 1-ний өдөр автоматаар АН-ын дарга биш болчихсон байгаа юм. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө мэдэгдэл хийгээд, дэд дарга Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилон, тамгаа гардуулж өгснийг монголчууд харсан.
Гэвч мань хүн даргын алба, тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөс хойш зургаан сарын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийгөө АН-ын дарга хэвээрээ хэмээн мэдэгдэж эхэлсэн байдаг. Чингэхдээ “Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Намын их хурлыг хуралдуулах эсэхийг би шийдэх эрхтэй. Сонгуульд олонх болоогүй бол Үндэсний бодлогын хороо сонгууль болсноос хойш 30 хоногийн дотор хуралдаж, дараагийн их хурлыг зарлах үүрэгтэй. Харамсалтай нь, сонгуулиас хойш 30 хоногийн дараа ҮБХ хуралдуулахаар зарласан боловч ирц хүрээгүй, чадамж алдагдсан.” хэмээн тайлбарлаж байв. Тэгэхээр хугацаандаа багтаж хуралдаж чадаагүй нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Тувааны алдаа болж байгаа юм. Гэвч энэ нь С.Эрдэнэ эргээд намаа удирдах эрхзүйн үндэслэл болж чадахгүйг хуульчид тайлбарладаг.
Их хурлаа хойшлуулахад дэлхий нийтийг хамарсан цар тахал болон улс төрийн бусад нөхцөл, шалтгаанууд нөлөөлсөн л бололтой, өөрсдийнх нь хэлж байгаагаар. Ямартай ч Ц.Туваан АН-ын 10-р Их хурлыг 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулсан бөгөөд үүнээс гурав хоногийн дараа буюу 22-ны өдрийн 5/5051 тоот шийдвэрээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсүгэй гэсэн мэдээлэл шүүхийн цахим санд оржээ.
Үүнээс гурав хоногийн дараа УБЕГ-аас АН-ын хүчин төгөлдөр тамганы дугаарыг хүчингүй болгож, С.Эрдэнэд шинэ тамганы дугаар гаргаж өгсөн байдаг. Энэ хэрэг Захиргааны шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 0955 дугаартай захирамжаар шүүхийн хянан шалгах ажиллагааг эцэслэн шийдвэрлэх хүртэл шинээр олгосон дугаарыг ашиглахыг түдгэлзүүлсэн байна. Уг шийдвэр одоо хүртэл хүчинтэй үйлчилж байгаа. Гэтэл С.Эрдэнэ уг дугаар бүхий тамгыг ашиглаж, өөрийгөө хүчин төгөлдөр тамгатай хэмээн мэдэгдсээр байгаа нь хачирхалтай.
Энэ оны 3 сарын 28-ны өдөр шүүхэд бүртгэгдсэн, хууль ёсны үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны удирдлага дор зохион байгуулагдсан АН-ын дотоод сонгууль улс орон даяар болж, С.Эрдэнэболд, О.Пүрэвдаваа, Д.Амартүвшин, О.Цогтгэрэл нар нэр дэвшсэнээс О.Цогтгэрэл хамгийн их санал авч сонгогдсон. Маргааш нь Үндэсний бодлогын хороогоор баталгаажуулж, 4 сарын 3-ны өдөр 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчид оролцсон намын их хурлаар батламжилсан байдаг.
Амьдралынхаа 30 жилийг зориулсан нам нь болохоор харам санагдсан уу, аль эсвэл хамгаалах цайз хэрэгтэй болсон уу, ямартай ч С.Эрдэнэ эл шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, АН-ын даргын бүртгэлээ сэргээлгэхээр УДШ-д ханджээ. 4 сарын 27-ны өдрийн УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас “УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн шийдвэр гарсан байна. Гэтэл 5 сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр “С.Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 онд АН-ын даргын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй” гэсэн бичиг СЕХ-нд өгсөн аж. Том толгой гарган, шүүгч нарынхаа гаргасан шийдвэрийн эсрэг агуулгатай тодорхойлолтыг захиргааны ажилтан нь гаргасан нь хэн нэгний нөлөөнд автсаныг харуулж байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд, АН-ын өнөөгийн удирдлага нь Одонгийн Цогтгэрэл гэдэгт маргах зүйл үгүй харагдана.
АН хагарсан уу, хатгаасанд автсан уу?
2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулж, үндсэн дүрмийнхээ дагуу хариуцлагаа хүлээн огцорсон С.Эрдэнэ хагас жилийн дараа гэнэт “амь орж”, намын удирдлагыг дахин гартаа авах гэж зүтгэсний учир юу юм бол гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Хариултыг олоход тийм ч хэцүү биш.
С.Эрдэнэ НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг “Капитал” банкинд давуу байдал олгон байршуулж, тус сан болон ЭМДС-гаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгагдаад байсан билээ. Мөн түүнийг ХХААХҮЯ-наас зарласан үр тариа хадгалах элеватор худалдаж авах тендерт анхны үнээс нь гурав дахин өндөр үнээр элеватор шахсан “Дарханы гурил тэжээл” ХК-ийн хэрэгт яллагдагчаар татаад байсан юм. Учир нь түүний охин Э.Содгэрэл дээрх компанийн хувьцааны 30 шахам хувийг эзэмшдэг аж. Эдгээр хэрэгт холбон шалгаж байсан ч энэ оны хоёрдугаар сарын сүүлээр НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан хэрнээ сарын дараа дахин шалгаж эхэлсэн байгаа юм. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа нь оргүй ч биш.
Ял эдлэлгүй, эрх чөлөөтэй байх, улмаар монголын хамгийн том сөрөг хүчний намыг толгойлж явсан эрх мэдлээ сэргээх гэсэн түүний шунал эрх баригч намынханд олзлогдож, “шидэт дохиур”-аар хүслийг нь биелүүлж өгөх замаар Ерөнхийлөгчид нэр дэвших эрх олгосныг сүүлийн хэдэн сард өрнөсөн үйл явдлууд нотолсоор.
Парламентад үнэмлэхүй олонх болсон эрх баригчид С.Эрдэнэд хайртайдаа биш харин сулхан өрсөлдөгч гэдэг утгаараа чухам түүнийг онилсон нь лавтай. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ намынхаа лидерүүд дунд рейтинг багатай, хар түүхтэй, дээр нь алдах бас наймаалцах зүйл ихтэй байснаараа тэдэнд олзлогдсон хэрэг.
Хэдийгээр АН хоёр хуваагдсан мэт харагдаж байгаа ч нэг талд нь 13 гишүүн, 330 сум, 21 аймгийн намын хорооноосоо дэмжлэг авч чадсан О.Цогтгэрэл даргатай дийлэнх гишүүд байх аж. Харин нөгөө талд С.Эрдэнэ ба түүний тойрон хүрээлэгчид гэсэн цөөн тооны гишүүд байгаа бололтой. Тэгэхээр АН-ыг хоёр хуваагдсан гэж дүгнэж боломгүй санагдана. Харин “амьд үлдэх”-ийн тулд намаа тасчихыг санаархсан хэсэг бүлэг этгээд гэвэл зохилтой. Үнэн хэрэгтээ С.Эрдэнийг дагагсад хэдий хүртэл хамт явах вэ гэдэг нь ч эргэлзээтэй. Түүнд итгэж, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдсөн хүмүүс мэхлэгдсэнийхээ дараа тарыг нь таньснаа олон нийтийн сүлжээгээр зарлаад авналээ.
Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа тодрох Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байх бол? Мэдээж, Ардын намын дарга У.Хүрэлсүх гэж олон хүн хэлэх байх. Түүнд эрх мэдэл байна, мөнгөний урсгал ч байна. Эхлээд МАХН-ыг “дагаар оруулж”, хүчтэй өрсөлдөгч болох С.Ганбаатарыг замаасаа зайлууллаа. Дараа нь АН-ыг дотроос нь хатгаж, нийгэмд муухай харагдуулж, мөн л хүчтэй өрсөлдөгч болох Н.Алтанхуягийн нэрийг жагсаалтаас хасуулж чадлаа. Ийнхүү өрсөлдөгчдөө сонгон захиалж, санасандаа хүрчихээд, “яллаа” хэмээн өөртөө баяр хүргэж суугаа биз. Гэвч эрх мэдэлдээ сагсуурч, хуулийг уландаа гишгэх тусам дэмжигчдээ алдаж байгаагаа ухаарч байгаа болов уу? Төрийн албатуудаа хүүхэлдэй болгон, хүч түрэх тусам л өчигдөрхөн түүнийг дэмжиж байсан хүмүүс өнөөдөр Д.Энхбатад саналаа өгнө гэцгээж байгааг өөрийн чихээр сонслоо, нүдээр харлаа.
Хэт их шунаж байгаа хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг дээ. Саяхан л “шударга” хэмээх таван гишүүнийг дэмжиж, МАНАН бүлэглэлийг устгаж, хонгилыг нураахын төлөө амь биеэ хайрлахгүй хэмээн түмэн олныхоо өмнө тангараглаж байсан У.Хүрэлсүх өнөөдөр өөрөө тэрхүү далд бүлэглэлийн саварт орчихсон, утсан хүүхэлдэй нь болчихоод байгааг сөрөг хүчнийхэн нь ил зарлаж, улс төр ажиглагчид ч шивэр авир хийх боллоо. Бүр тодруулбал, түүний цаана Сү.Батболд, тэдний цаана Рио Тинто бий гэх. Тэгэхээр Рио Тинто бидний далд эзэн болж таарах гээд байна. Монголын үе үеийн удирдагчдыг урхиндаа оруулж, гар хөлөө болгож байсан Рио Тинто энэ удаа Ерөнхийлөгч болох магадлал өндөртэй /эрх баригч намын дарга гэдэг утгаараа/ У.Хүрэлсүхийг ч мөн урт уургандаа цаламдаад авсан байхад гайхах зүйл үнэндээ алга.
Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх төрийн тэргүүн бож гэмээнэ засаглал бүхэлдээ нэг намын мэдэлд очиж, улмаар монгол Улсад нэг намын дарангуйлал тогтох нөхцөл байдал бүрдээд байна. Ардчилал гэдэг хяналттай засаглал, хүчтэй цөөнхтэй байж, оршин тогтнох учиртай. Өнөөдөр АН угшилтай Ерөнхийлөгчтэй хэдий ч Ардын нам хэрхэн хүч түрж аливаа асуудлыг шийдэж байгааг бид бэлхэнээ харж байна. Тэгвэл төрийн тэргүүнээ ч бас тус намаас сонгох аваас тэр цагт монголын төр бүхэлдээ хяналтгүй болох өндөр эрсдэл тулгараад байгааг миний монголын мэргэн ардууд эрхбиш тунгаах биз ээ.
Монголд дарангуйлал тогтож байгаа талаар гадаадын хэвлэлүүд шуугиж байна
АН-ын асуудал Монголоос хальж, нэг намын дарангуйлал тогтож байгаа талаар дэлхийн хэвлэлүүд бичсээр байна. Тухайлбал, Монгол дахь “Конрад Аденауэр” сангийн бодлогын ахлах шинжээч Макс Дакштейн манайд өрнөөд буй улс төрийн үйл явдлыг ийн дүгнэжээ.
“... Одоо дээд цэгтээ тулсан зөрчилдөөн нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа бөгөөд Монголын хамгийн том сөрөг хүчний намд төдийгүй тус улсын сонгуулийн тогтолцоонд аюул заналхийлж байна …
... Эрх баригч намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх Засгийн газрыг удирдаж байхдаа өөрийн найз Д.Дэлгэрнаранг СЕХ-ны даргаар томилсон. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд болон орон нутгийн Ардчилсан намын бараг бүх бүлгүүд зайгаа барьсан С.Эрдэнийг өрсөлдөгчөөр захиасан энэ бусармаг ажиллагаанд нь Улсын бүртгэлийн газар, Улсын Дээд Шүүх хэрхэн хутгалдсаныг үнэн бодитоор өгүүлснийг англи хэл мэдэх нь англиар нь, мэдэхгүй нэг нь google орчуулагч ашиглан уншихыг хүсье…
... “Хүн бүхэнд илт буй Ардчилсан намын энэхүү маргааныг намын дотоод асуудал хэмээн буруутгах нь хялбар ч энэ нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоонд аюул заналхийлж байна. Анх Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эрдэнийн хүсэлтээр түүнд намын тамгыг шинэчлэн олгосон нь хууль бус үйл явдал байсан тул Ардчилсан намын хувьд энэхүү хууль бус шийдвэрийг зөвшөөрөхгүй байх нь аргагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын алдаатай шийдвэрийн улмаас тус улсын хамгийн том сөрөг хүчний намын нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд бүртгээгүй нь байдлыг улам хурцатгаж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх шүүхийн маргаанд хутгаад байна” гэжээ.
Ардчилсан нам дотроо тэмцэлдэж, тэр нь ард түмний өмнө ил харагдаж байдаг бол Ардын нам дотоодын зөрчил нь яаж ч хурцадсан, дотроо нам дарж, гадагш гаргадаггүйгээрээ ялгаатай. 100 жил шахуу эрх барьж байгаа ууган намын энэхүү хатуу диктатур намаасаа хальж, улс орныг нөмрөх гээд байна, хүүхдүүд минь. Бид үзэл суртлын хүлээс, хатуу хяналт дунд амьдарч үзсэн ард түмэн. Хүсүүшгүй зүйл гэдгийг туулаад ирсэн хүний хувьд өнөөгийн залууст хэлье.
Иймд АН-ыг удирдаж ирсэн лидерүүд, өвгөн партизануудад хандаж хэлэхэд, хувь хувийн амбицаа дарж, наанадаж намынхаа эв нэгдлийн төлөө, цаанадаж улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө ойлголцож, гар бариач ээ. Одоо наад өлсгөлөнгөө зогсоож, амь бие, эрүүл мэндээ зогсоогооч ээ гэж өвгөн ах нь гуйж байна.
Харин эрх барьж буй намын удирдагч нартаа хандаж хэлэхэд, хуучин цагийг санагалзаж, буцаж алхах хэрэггүй ээ, дүү нар минь. Ах нь өмнөх нийгмийн үед хориод жил Ардын намын батлахтай явсан болохоор алдаатай, оноотой ч та нарыгаа хайрладаг.
За ингээд, өвгөн ах нь нуршуу захидлаа өндөрлөе. Авах, гээхийн ухаанаар хандана буй за.
Б.Жамбалсүрэн
Сэтгэгдэл
Зочин [124.158.82.168] 2021-05-12 09:26:28
Ёо АН засагт гарах болгондоо идэж уух гэж уралддаг учраас хагардаг Тэр хэрээрээ улсыг өрөнд оруулдаг Дарангуйлал гэж хуцалдах юм Парламент засаглалтай 30 жил ардчилсан гээд явж буй газар үхсний чинь байх вэ дээ Парламентад олонхи болсныгоо дарангулагч гээд байх юм бол АН ч гэсэн дарангуйлал хамгийн их тогтоосон нв байх шүү Ерөнхийлөгчөөр олон жил дарангуйлж Шүүх засаглалыг Хонгил болгосон нь АН гарсан Эби Баттулга 2 шүү хуулиндаа Шүүх,Зэвсэгт хүчин,АТГ томилдог чиглүүлж ажиллуулж байсан жинхэнэ дарангуйлагч нар
ЗОЧИН [202.9.46.255] 2021-05-11 11:28:47
СҮ БАТБОЛД ХҮРЭЛСҮХ ЭЛБЭГДОРЖ С.ЭРДЭНЭ БАТ-ҮҮЛ ГАРАМГАЙБААТАР, ШОРОНД ОРСОН ХЭДИЙГ УЛС ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ, ОЮУН-ЭРДЭНЭ ХАОВОО ЯРИАД СУЛ ГИШҮҮН БАЙХАД ХАНГАЛТТАЙ. ШИНЭ ҮЕЭ ГАРГАЯ.
Иргэн [64.119.24.119] 2021-05-11 10:41:41
АН залуустаа зайгаа тавьж өгөх нь зүйтэй дээ. Одоо ахмадууд хаваажид шүү дээ. Зурагдсан пянз, сүүлдээ зритель хүлээж авахаа болилоо ш тээ. Мэдрэгдэхгүй байна уу?
Зочин [139.5.217.155] 2021-05-11 10:29:37
Одоо УИХ-д суудалтай АН -ын 13 гишүүн ХҮН, эсвэл МАН-д элсвэл таарна даа.
Зочин [66.181.176.84] 2021-05-11 08:47:01
КОВИД-19 минь ээ эднийг түргэн таалалдаа аваач.
Зочин [66.181.161.63] 2021-05-11 06:36:25
Эрдэнэ дарга нэгэнт хууль зөрчин сонгуульд дэвсэн байдаг. Үүнийг нь мэдсээр байж сонгуулийн хороо Эрдэнийг баталсан нь өөрөө хуулиа зөрчсөн асуудал боллоо. Нэг бол эрх баригч нам хуйвалдсан нөгөө бол монголд хууль биелэхээ больсон гэсэнүг.. Тэгэхээр ард нийт адилхан дураараа байж болно гэсэн үг...
Зочин [66.181.161.100] 2021-05-11 05:11:24
Бүх юм хуулийн дагуул явагдах учиртай,Монголчууд бид энэ АНамын энэ хагралыг үнэхээр жигшин зэвүүцэж байна.Адтанхуяг гэгч энэ үнэг шиг зальв этгээд Баттулгыгч давхар хуурч түүнд үйлчидсэн хүн болж байгаа нь үнэхээр зальт зайтай хутган үймүүлэгч юм гэдгийг харууллаа.Худал үнэн юм эрээчиж,тайлбар хийж,суулт хийж хүмүүсийн толгойг бүү эргүүлээрэй гэж хэлмээр байна.
зочин [202.9.40.197] 2021-05-11 04:49:01
Төрөө цэвэрлэх хэрэгтэй. Ард түмэны гарт төрийн эрх бий???
ардчилсан намд [202.179.25.20] 2021-05-11 03:27:52
45 аас дээш насны ардчилсан намын гишүүд ганцхан удаа намаа бодоод нэг холдоод өгнө үү... гуйя. Залуучууд учраа олцгоочихноо... Мөнхийн залуу та бүхэн Ардчилсан намаа төдийгүй Ардчиллаа булшлах нээ
Зочин [202.179.21.229] 2021-05-11 14:22:47
Битгаа тэнэгт Харин ч элбэгдорж батүүл гончигдорж мэтиин юу ч мэдэхгүй хэдэн залуучуудад тэр үеиин улс төриин товчооныхон бууж өгч эрх мэдлээ өгсөнөөс болж тэд ямарч амьдралын туршлага мэдлэггүй байж улс ниигмииг өөрчлөх гэж тоглосноос болж жинхэнэ зах зээлиин ниигэм биш хэсэг бүлэг хүмүүсиин идэш болж жамаараа явж байсан эдиин засгыг гажуудуулаад хаячихсан ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ӨӨРСДӨӨ МЭДЭХГҮЙ АМЬДРАЛЫН ТУРШЛАГГҮЙ ХҮМҮҮС УЛС НИИГМИИГ ӨӨРЧИЛДӨГ ЮМ БИШ ГЭДГИИГ САНУУЛЬЯ ХАРИН Ч АХМАДУУД ЯМАР АЖИЛ БҮТЭХ ЯМАР БОЛ БҮТЭХГҮЙ ВЭ ГЭДГИИГ МЭДДЭГ ТУРШЛАГТАЙ БОЛЧИХСОН БАЙДАГ Иимээс ахмадуудын зөвлөлгөө залуучуудын шинэ мэдлэг боловсрол 2ниилж байж сая жинхэнэ ажил болно
Zochin. [202.126.89.136] 2021-05-11 03:42:28
Ta nar turiin erh barij bsan bol ingegjvi sh de.tiim l myndag .shydarga.shildeg nam um bol ih hyrliin songuulid yagaad garaagvi um be.bvgd l namaa yalagdyylsnaa hvleegeed yychlal gyagaad bsan n sayhan biz dee. Tegeheer alban tyshaal erh medliin tuluu geged chin todorhoi sh dee.vvnii tyld nuguu namaa byryytgaj syrtalchilah n ta nariig yam myyhai haragdyylj bna. Muud muu nemer .myyhaid yltsan nemer gej vg bii.ta nart l tohirno. Odoo boli.ard olniig taivan bailga.
Зочин [202.72.247.58] 2021-05-11 03:10:28
Ардчилсан нам Их Хуралд олонхи болж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь мөн ардчилсан нам болж байхад яаж байсан болох уу, нэг намын дарангуйлал биш үү. Ардчилсан улс оронд ард түмэн сонгоод нэг давхцал болбол тэр болгоныг дарангуйлал гээд байх юм уу
Зочин [103.10.21.52] 2021-05-11 04:10:45
давхцалдаа бишээ.зөвхөн хуулийн дээгүүр алхаж өөррсдийн МАН эрх ашигт хуулийг тохируулан баталж .өөрчилж байгаад хамаг учир буй
эндүүрэл [103.212.118.144] 2021-05-11 02:55:54
Би бас өвгөн гэхдээ чамаас өөр нь би аль цагт нам дагаж навсагнаж явсангүй тэгэхдээ хийсэн ажлаа төрдөө үнэлүүлж баатар гэдэг цолоос бусдыг авсан энэ алдарыг нам надад өгөөгүй төр өгсөн АН-н энэ байдлыг суудлын төлөөх ухаангүй үйлдэл гэж харж байгаа үүнийг АН-н жирийн гишүүд хараад харамсаж суугаа гэдэгт эргэлзэх юм алга талбай дээр яваа цөс хөөрсөн залуусын дунд танай хүү үр удам чинь яваа гэдэгт эргэлзэх зүйл алга новш минь
Зочин [103.10.22.50] 2021-05-11 02:45:59
Ардчилал гэсээр байгаад хөгжлийн маш боломжоо алдаж байна. АН парламентад 11 гишүүнтэй намын бүлэгтэй, үндсэн хуулиар 4 жил тутам хууль тогтоох байгууллага ротацид ордог гээд бодохоор аюул энэ тэр гэж айх хэрэггүй. Эрх чөлөөг мэдэрсэн ард түмэн бол ардчиллын гол баталгаа болохоос АН батлгаа биш.
Зочин [37.164.233.29] 2021-05-11 02:32:14
Songuulia hoishluul. Songuuli hereggui.
Иргэн [150.129.140.61] 2021-05-11 02:27:01
Монголд ямар юмных нь дарангуйлал байх вэ дээ хуулиа уландаа гишгэсэн том толгойтой албан тушаал нэр төр хөөцөлдсөн ерөнхийлөгч нам бусниулдаг одоо улсаа бусниулах зорилготой Баттулгын жүжиг л явж байгаа өөр юу ч биш эд нар монголыг гадаадад муухай харагдуулж дотоодод эмх замбараагүй байдал үүсгэж байна намын асуудлаа төрийн асуудал болгох гэж зүтгэж байна ингэж байхаар намын асуудлаа дотооддоо шийдээч энэ эрх баригчид юугаа хараад байгаа юм бэ олон түмнийг эмх замбараагүй байдалд турхирч буй Баттулгыг хугацаанаас нь өмнө буулгаач энэ том толгойтой гишүүдийг хөөж тараагаач эмх журам сахиулаач толгойг нь илээд суугаад байх юм хага цохиод хөөгөөд явуулаач
зочин [59.153.86.93] 2021-05-12 04:07:52
Телевизүүдтэй хаалтын гэрээ байгуулж, сэтгүүлчидын амыг хүртэл хамхисан нь ил харагдаж байгаа болоод л дарангуйллын тухай яригдаж бн Ардчилсан орны хамгийн гол өгөгддөг эрх чөлөө бол үг хэлэх үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх,жагсаж цуглах эрх чөлөө юм Үүнийг Монголчууд эдэлж чадахаа болиод бн, жагсаал ,цуглааныг үймээн ,самуун гэж нэрлэж ,жагсахыг уриалсан бүхэнд үймээн турхирагчид гэсэн нэр хоч өгч суртал ухуулга явдаг болсон нь Монголд байсан эрх чөлөө хумигдаад байгаагийн ганцхан жишээ л дээ,
Зочин [66.181.161.41] 2021-05-11 02:42:11
Яг зөв. Арай л хэтэрч байх шиг ээ.
Зочин [111.199.62.204] 2021-05-11 02:23:03
buu suliar, hujaagiin darlald oroh gee yu
Zochin [202.55.188.39] 2021-05-11 02:13:43
Songuulia hoishluul.