Малчин саятан Б.Зоригтсайханы амьдралыг зураглахуй...

Aдмин / Орон нутаг

Монголын хөдөөд амьдрал бараг хуучнаараа. Ний нуугүй хэлэхэд гандмал, соёл муу, ажин түжин. Эдийн засгийн эргэлт удаан, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бага. Амьдралаа өөд нь татахад цаг хугацаа их орно. Энэ мэтээр хөдөөгийн доголдолыг яривал их... Энэ бүгдэд хариулт болгож, өнөөдөр Монголын хөдөөд үнэ цэнэтэй амьдарч чадаж байгаа нэгэн залуу гэр бүлийн амьдралыг тольдон хүргэж байна. Амьдралаа өөд нь татахаар хөдөлмөрлөж байгаа хэн бүхэнд хэрэг болно. Тэр бол Булган аймгийн малчин саятан Б.Зоригтсайханых. Удахгүй тэрбумтан ч болох байх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ерэн онд төрсөн тэрбээр өдгөө 32 настай. Тэднийх бод, бог нийлсэн 1000 гаруй малтай. Гаднаа ачааны шинэ машин, мотоцикль, отрын чиргүүл, хадлангийн техникүүд... гээд жижиг аж ахуйн хашаа дүүргэх юм харагдана. Аймгийн төвдөө хашаа байшинтай. Том охин нь энэ жил сургуульд орсон ч ковидын үед гэрээсээ суралцах болсон тул нарны зай, зурагт, компьютер гээд хөдөө гэртээ угсарч, сайн ашиглацгааж байна. Дээр нь тэднийх өргүй, ахуйн зээлгүй. Орлого ихтэй, зарлага багатай ийм л залуу гэр бүл. Хөрөнгийг нь үнэлээд саятан малчин гэж байгаа юм шүү. Энэ талаар хойно ярьсан байгаа.

Эднийхийг онцлохын учир нь Б.Зоригтсайхан дунд сургуулиа төгсөөд л өнөөдрийн хөдөөгийн залуус шиг малаас зугтан хотод бөхийн сургуульд ирсэн. Сурахын хажуугаар банкны хамгаалагч хийсэн. Хөдөө байх аав ээжээсээ татаас авч, хотод өрөө хөлслөөд болоод явсан нэгэн. Том ах нь төвд албан ажилтай учраас түүнд түшигтэй. Бас нэг ах нь хөдөө гэр бүл зохиосон малчин учраас аав ээждээ санаа зовох зүйлгүй. Ингэж хот газраар амьдарч байгаад үеийн багш бүсгүйтэй танилцсан. Дотносох завдалгүй цэрэгт явчихсан байдаг юм. Цэрэгтээ улирч ахлагч цолтойгоор нийслэлийн онцгой объектуудын харуул хамгаалалтад ажиллажээ. 48 цаг амраад 24 цаг харуулд гардаг тэрбээр шөнийн албанд эргэцэж зогсохдоо өнөөдрийн амьдралаа төсөөлжээ. Тэрбээр “Ер нь хот суурин газарт ингэж амьдраад хэзээ ч дээшлэхгүй юм байна” гэдгээ ойлгожээ. Цэрэгт явсан цагаас нь хойш үргэлж эргэж тойрч, холбоогоо огт таслаагүй дунд сургуулийн англи хэлний багш бүсгүй түүний хувьд итгэл найдвар, гэрэл гэгээ нь болсон байна. Ингээд найз бүсгүйдээ хэдэн шөнө дараалан бодож боловсруулсан ирээдүйгээ хэлжээ. “Хоёулаа хөдөө гарч амьдаръя. Аав ээж маань хэний ч дор орохгүй хэдэн мал тасдаж өгнө. Түүнийгээ өсгөе. Хот суурин газар нэг иймэрхүү цалингаас цалингийн хооронд л амьдрал дуусах нь...” гэхчлэн ирээдүйн амьдралын дүр зургаа ний нуугүй сайн хэлжээ. Үнэндээ хот суурин газрын, гадаад хэл устай, ажил мэргэжилтэй, малаас хол хөндий өссөн охинд найз хархүүгийнх нь “хөдөөний хүн” болох санал ой тойнд нь багтаагүй аж. “Би бодож үзье” гэсээр хэдэн сар өнгөрөхөд нь нэгэнт шийдсэн Б.Зоригтсайхан эргэж буцалтгүйгээр цэргийн дүрэмт хувцас, зэвсэг хэрэгслээ нэр төртэй хүлээлгэж өгөөд аав ээж хоёр руугаа давхиж очжээ. Ингээд хот суурин газраар лавтай зургаан жил таваргасан түүний амьдрал хөдөө рүү шилжив. “Тэр зургаан жилдээ би харамсдаггүй ээ, олон янзын аавын хүүхдүүдтэй танилцаж, цэргийн дэг сургууль дотор нэг жилээ үдэж, бас болоогүй их спортын бэлтгэл хийж, бие бялдараа чангалж, хоёр ч сумын наадамд түрүүлсэн. Хамгийн гол нь сайн ханьтай учирч, насан туршдаа нөхөрлөх итгэлт сайхан нөхөдтэй болсон байлаа” гэж ярив.

Харин тухайн үед шийдвэр гаргаж чадаагүй найз бүсгүйгээ тэрбээр “Би шийдсэн, чи өөрөө л мэд” гэж эрс тэс хэлээд шууд хөдөөдөө ирсэн байх юм. Тэгэхээрээ ч бас эр хүнийхээ хувьд шийдсэн шиг шийддэг чанга зантай нэгэн бололтой. Эхэндээ найз бүсгүйгээ санаад хэцүү байсан, гэхдээ зорьсон бодсон маань их учраас тэссэн, утсаар ярихгүй би гүрийнэ. Сувдаа дахин дахин залгахаар нь тэсэхгүй аваад хоёр үг солино. Тэгсхийгээд цааш яриад байвал хот хүрээ эргэж бодогдоод, сэтгэл санаа үймүүлэх шинжтэй учраас утсаа тасалж орны хөндий рүү шидчихээд адуу руугаа дуу аялаад давхичихдаг байлаа хэмээн яриад эхнэр рүүгээ сэм сэмхэн хараад инээж суух. Ингэж байтал хавар мал төлийн ажил ид буцалж (тэр хавар нь их чанга, зүтгүүлсэн гэнэ) халтайсан хар юм хотон дотроо зогсож байтал найз бүсгүйнх нь утасны дуудлага ороод иржээ. Авахгүй гүрийсэн ч эцэстээ тэвчихгүй автал “Би маргааш очно. Намайг тосч аваарай, нэгмөсөн очиж байгаа шүү” гэж хэлээд утсаа салгачихлаа гэнэ. “Чи ажил төрлөө яаж байгаа юм, аав ээждээ хэлсэн юм уу...” гэж асуух завдал өгөлгүй. Энэ мөч түүний амьдралын хамгийн аз жаргалтай хором байсан болов уу хэмээн түүний ярианы өнгөнөөс мэдрэгдлээ. Магадгүй түүний амьдралын сайн сайхан бүхэн яг тэр мөчөөс эхэлсэн болов уу. Хаврын тэр нэгэн хавсаргатай жихүүн өдөр, хайртай бүсгүйнх нь “Би чам дээрээ очихоор шийдлээ” гэсэн таван үг түүнийг бие сэтгэлийн хувьд зорьсондоо хүрэх дардан зам дээр гаргасан бололтой. Хөдөөгийн залуучуудын хувьд өнөөдөр гэр бүлтэй болох орчин нөхцөлтэй, амьдралын хэмнэлтэй байх нь хамгийн чухал болсны нэг жишээ энэ юм. Хөдөө орон нутагт залуусыг тогтоох хамгийн чухал үзүүлэлт энэ ч байж магадгүй. Тийм болохоор энэ хоёр залуугийн алтан агшинд ач холбогдол өгч бичлээ. Үүнийг хоёр залуугийн сайхан амьдрал өнөөдөр батална.

Хотын бүсгүй хөдөөний хар хүү даган амьдрах шийдвэр түүний аав ээжийн хувьд ямар хүнд туссан, хэрхэн хүлээж авсан зэргийг ярих юм биш гээд Сувдаа өөрөө инээлээ. Гэхдээ Сувдаа дийлжээ. Хөдөөний амьдрал ч эхэндээ өөрт нь ямар хүнд туссаныг бас нуусангүй. Сувдааг очсон даруй Зоригтсайханы аав ээж нь хоёр залууг өрх тусгаарлаж, малыг нь зүслэн тасалж өгчээ. Наян хургатай хонь, тавин ямаа, дөрвөн тугалтай үнээ, гучаад тооны азаргатай адууг тэдний өмч болгов. “Ингээд эхэл, эрүүл саруул, залуу сайхан та хоёр энэ хэрийн малаар дороо хөл дээрээ босно” гэчихээд нуруугаа үүрээд цаашаа алхаад явчихсан аавыгаа кино үзэж байгаа юм шиг дүрслэн ярих Зоригтсайханы яриа ёстой нэг амттай. Ер нь Б.Зоригтсайханы өөрийнх байж байгаа байдал, хандлага, хэл ярианы баялаг байгалиасаа өгөгдөлтэй, хийморьтой золиг байна лээ дээ.

Тэгж өмчийг нь тасалж өгснөөсөө хойш аавынх нь зүгээс сайн байна, муу байна та хоёр гэж нэг ч үг дуугараагүй гэнэ. “Хүүхдүүдийн амьдралд оролцож яах юм, тэд өөрийнхөөрөө л амьдраг” гэсэн философитой хүн бололтой. 2013 оноос хойших энэ есөн жилд мал хорогдох, алдаж асгах, малчны зээлдээ сөхрөх... гээд олон бэрхшээл аавынх нь нүдэн дээр өрнөжээ. Өнөөх л “Ийм сайхан эрүүл саруул бие, залуу нас юу алзахав. Үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туул” гэсэн алдарт хандлагаараа хандаж ирсэн аавтай хүн юм байна.

Тэдний эхний зорилго цөөн тооны малаа аж амьдралдаа хүрэлцэх хэрээр өсгөх байж. Ингээд эхний удаад айлуудаас хуц ухныг нь авч хариулжээ. Хоёр сумын 100 орчим өрхийн хуц ухныг нь хариуцлагатай маллан буцаан өгөхдөө хөлсөнд нь мөн тооны төлөг, борлон авсан нь ааваас ирсэн 200 гаруй малаа зуугаар нэмжээ. Нутгийн нэгэн компаниас 100 эм хонь ямар ч хөлсгүйгээр авч төлүүллэн 50 хургыг компанидаа, үлдсэн төлийг өөртөө авахаар гэрээлсэн нь өдгөө ч үргэлжилж байгаа гэнэ. Төв аймгийн Аргалант сумын газар тариалангийн компанийн захирлын нутагт нь отроор очсон 150 орчим адууг мөн хоёр жил хариулжээ. Мөн л ашигтай байсан гэнэ. Өвөл, хаварт өвс тэжээлийг нь тус компанийн захирал залуу үнэгүй хүргээд өгчихдөг, дээр нь сарын хөлс 400 мянган төгрөг, унаганы төл онд оролтоос шалтгаалж бонустай, мотоциклиор хангана гэхчлэн... Ингэж зүтгэсээр Б.Зоригтсайханы аж амьдралаа өөд нь татах, малаа 1000 хүргэх зорилго ердөө дөрөвхөн жилийн дотор биелсэн байна. Том охиноо сургуульд ороход хэрэг болно хэмээн аймгийн төв дээр танил ахаасаа нэгэн хашаа байшин худалдан авчээ. Түүндээ аавынхаа дүүгийнхийг түр амьдруулж байтал өнөө айлынх нь эзэн сүйхээтэй эр байшинг нь хажуу тийш нь хүнсний дэлгүүр болгох зөвшөөрөл авч ажиллуулснаар тэр хорооныхонд үйлчлүүлдэг хүнсний найман нэрийн барааны ганц дэлгүүр болсон байх юм. Одоо өнөөх хүргэн болох нөхөр “Ах нь одоо энэ хашаа байшин, дэлгүүрийг чинь өгөх арга алга, ийм сайхан бизнес болгочихсон юмыг. Ах нь чамд аймгийн төвд хоёр өрөө байр авч өгье” гэж ацан шалаанд оруулжээ. Тэрээр “Эхнэр бид хоёр яах тухайгаа ярилцаад л байгаа, хоёр өрөө байрнаас өгчихдөг юмуу даа” гэж сууна.

Тэднийх соёлтой хөдөөний айл. Тэднийхээс ердөө 35 км-ийн зайд Дашинчилэн сум байх. Тэнд нь Заамарын алтны боссуудын ашиглалтад оруулсан ресторан, саун, массаж бүхий цогцолбор байдгийг замын хүмүүс мэднэ. Түүнд нь долоо хоног бүр очоод саунд нь суучихдаг байна. Ажлаа зохицуулж байгаад засмалаар таван цаг аажуу уужуу давхиад хот орж найз нөхөдтэйгөө уулзацгаадаг байна. Сувдааг найзууд нь “Чи хөдөө мал дээр байдаг гэж үнэн үү, биднээсээ илүү мантайсан цагаан юм явах юм” хэмээн хөхрөлддөг байна. Би түүнээс “Таныг чинь одоо саятан малчных гэж нэрлэж болох уу” гэхэд шууд л “Болно ш тээ, хэдэн жилийн өмнө ноосны урамшууллаа авах, малчны тамгаа хийлгэх гээд явж байгаад өөрийн гэх хөрөнгөө үнэлүүлж үзсэн, басчиг хөөрхөн юм цуглуулчихсан юм билээ. Миний нагац ах болох мундаг бизнесмэн байдаг. Тэр ах маань Зоригоо, чи одоо хуулийн этгээд болж, бүх мал, машин техникээ, гэрээгээр мал хариулж байгаа хүмүүсээ бүртгэлжүүлж, данс тооцоо хөтөл, аж ахуйнхаа нэр дээр данстай бол, энэ хэдэн дагаж яваа хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг төлж бай, хуримтлал үүсгэ. Хамгийн гол нь одоо хийж байгаа бүх ажлаа банкнаас заавал зээл авч хийж бай. Банкин дээр сайн зээлийн түүх үүсгэ” гэхчлэн зөвлөсний дагуу нэг компани байгуулсан шүү. Тэгээд 50 сая төгрөгийн зээл анх удаа авахад ямар их мөнгө вэ, яаж төлнө дөө хэмээн хоёулаа гэж ярьж байлаа, одоо тэгсэн 300 саяын зээл авч “юм” хийхээр болсон, хүн ч бас давардаг юм билээ... гээд тас тас инээн хөхүүрийнхээ дэргэд айргаа бүлэн суух Б.Зоригтсайханыг хараад ийм залуус олон байгаасай хэмээн бодож суулаа. “Та хоёр хот руу хэр их явж байна” гэхэд “Өвлийн идшээ хийсний дараа Цагаан сар хүртэл хөдөө жинхэнэ амар амгалан ноёлдог юм. Тэр үеэр манай хүн хот орж хэд хоног бясалгалд суудаг юм. Энэ жилээс би хамт суухаар төлөвлсөн” гэж туудаг юм даа. Үгүй ээ бүр цааш нь юу гэж ярьсан гээч “Манай найзуудын эхнэр яриад байгаа юм, уг нь тэр Энэтхэгт нь очиж ганц сар бясалгал хийвэл бүр сайхан гэж” хэмээн. Хотын бидэнд тийм бясалгал хийх бодол заримд нь бий бил үү...

Гэгээ татуулсан залуу гэр бүлүүд Монголын хөдөөд өсч үржиж байна. Алив сайхныг бас бичиж, ярьж байх ёстой учраас энэ зуны тэмдэглэлээсээ хүргэлээ. Таалагдсан бол цувралаар хүргэж ч болно. Энэ удаадаа зураг хөрөг битгий гаргаарай, бид хоёр шиг хөдөө орон нутагт ажиллаж амьдрахыг хүссэн найзууд минь улам олон болж, манайхаар их ирэх болсон. Тийм болохоор бага ч гэсэн туршлагаа, амьдралаа ярьж байя гэж бодсон юм аа гэсэн юм. Тэр хоёрын удахгүй эхлэх хөдөө аж ахуйн төсөл нь 300 сая төгрөгийнх. Банкны зээлийн эдийн засагч нь өөрөө яриад, яахав ийхэв, бидний зүгээс шалтгаалах юу байна, манай банк энэ мөнгийг өнөөдөр ч гаргаж өгөхөд бэлэн шүү... гэж шавдуулаад байгаа юм билээ. Монголын хөдөөд амьдрал сайхан газраа сайхан байна шүү...

ӨДРИЙН СОНИН Пүрэвийн Хашчулуун

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.85] 2021-08-27 14:24:54

Одоо бол хөдөөд бүх боломж байна.Хотын 4 уулын дунд нэмээс болж бөглүү орчинд неривтэж бөглөө үүсгэж эрүүл мндээрээ хохирч хараал идэж амьдрагчаа аядаж байгаа залуучууд бод бод сайн бод.

Mhhm [66.181.161.25] 2021-08-29 13:15:07

Thh ene zaluu mash zow yvj bna

зочин [192.82.68.111] 2021-08-27 09:22:24

Хотоос очоод хөдөөгийн амьдралд дасаад ханьдаа урам хайрласан бүсгүйд баяр хүргэе манай хөдөөний залуучууд хүүхнүүд хотод ирээд олигтой ажилгүй явж байхаар хөдөөдөө байвал мөн ч сайхан байна даа гэхдээ залуучуудад амьдралын баталгаа болгоод төр засгаас гарааны тусламж хэрэгтэй байна түүнийгээ энэ хоёр залуу шиг өөд татаад явбал сайн байна даа

ХҮНГ ХҮН [103.212.119.201] 2021-08-27 04:54:00

Хүнтэй байж хөдөө хөгжнө хөдөөд өнөөдөр цөөн хүн үлдсэн залуус нь хоторуу орсон Одоо төр хотоос хөдөөд гарах иргэдийг дэмжэн хүүгүй 5жил хүрттэл маш нарийн шалгуураар хийх ажилд нь дүүсэн зээл олгох Тулах малчингаар ажилах хүмүүсийг бол саалын 5 үнээ авх мөнөгийг 3жилийн хугцаатай хүүгүй олгох үүлдвэр үүлчилгээ эрхлэх хүмүүст төсөл ур чадвар мэрэгжлийн нь харгалзан зээл олгох Хамгийн гол нь хотод байгаа үл хөдлөх хөрөнгийг нь зах зээлийн бодит үнээр нь худалдан авах зэрэг ажилыг хийж хөдөөд өрөхийг гаргах хэрэгтэй энгэж байж хөдөөч хөгжөнө хотын асуудалд ч үр дүнгээн өгнө

Зочин [202.9.40.30] 2021-08-27 04:22:30

Дажгүй болж бн. Гэхдээ гэрийнхээ гадна шээж баана. Ус цас зөөж хэрэглэнэ гээд их л асуудалтай л даа зайлуул. Уучлаарай муулах гээгүй үнэнийг хэллээ шүү. Агаар ус нь сайхан болохоос бусдаар ч хэцүү л дээ.гээд яаах вэ

Зочин [66.181.161.106] 2021-08-28 14:50:27

Хотод байгаа гэр хороололд амьдардаг айлуудын хэдэн хувь нь хөдөөнөөс ирсэн бол. Гэр хороололд нүхэн жорлон зөөврийн ус хэрэглэдэггүй айл хэдэн хувь бол...

зочин [66.181.161.20] 2021-08-27 04:04:57

Ийм л хүмүүс олон төрж байвал монгол хөгжинө монгол ялна иргэн баян бол улс баяааааан

Зочин [66.181.161.1] 2021-08-27 02:31:54

Сайхан залуу гэр бүлд сайн сайхныг хүсье, сайхан ч бичиж

зочин [122.201.23.84] 2021-08-27 00:58:24

Хотод ажилгүй, өр зээлтэй, эцэг эхээсээ зулгааж байгаа залуучууд суралцмаар юмаа

Зочин [66.181.160.27] 2021-08-27 00:30:12

Iim zaluus olon bolox boltugai. Amjilt xusie. Buyan Jagaagiin yariad baidag tumen zow shu. Zaluust mal tasalj ogod unaa tergeer n xangachixwal owsgootoi archaatai ajiltai neg n inged saixan bosood l irne. Xetsu zalxuu neg n zarj urj idej uugad xog dr garna. Zow yawbal zoolon zoolon zambuulin gj tun chig onoj xelsen bdg shu.

Зочин [192.82.68.223] 2021-08-27 00:21:24

Хөдөөнөөс ирсэн залуучууд минь! Энд УБ-т хийсэн бүтээсэн юмгүй зээлийн Приус унаж өдөржин замын бөглөө болж байхаар төрсөн, өссөн нутагтаа очиж мал малла. Та нар тун удахгүй хөгширнө. Тэтгэвэрч үгүй, хураасан хөрөнгө мөнгө ч үгүй ёстой амаараа шороо үмхэнэ шүү. Үр хүүхдүүд чинь ч хэцүүднэ. Тэгэхээр бүгдээрээ хөдөө явцгаа очиж малчин болцгоо.

Зочин [107.77.218.208] 2021-08-26 23:15:42

Уран зохиолын ном уншаад ч байгаа юм шиг яасан сайхан түүхтэй хүмүүс вэ

zohiolch baisan yay geheb dee!!!ta nar hicheechgee?.... [91.174.112.1] 2021-08-26 15:56:55

Mongolchyyd hedee garch ajillamaar daa!!!hotod chihcheldej eed yryygaa yzej yabsanaas hedee malaan hariulaj maliin simeer eedlene syy dee!!!sortootoihon yabbal ene hoyor zaluu sig yabna?...ta zoriglood yz!!!!hotod gyilagchin yabsanaas nyydelchidiin ydam tyl ta eedleh byren bololzchoo baina?....zaluus aa!!!

Зочин [49.181.249.59] 2021-08-26 13:31:16

Zohiol yum bishuu zurag huruggui

MGL [203.98.76.230] 2021-08-26 13:29:53

BAHARHALTAI TUUH BAINA.ZALUU GER BUL BOLON SURVALJLAGCHID AMJILT HUSIYE.

Зочин [139.5.219.90] 2021-08-26 13:28:00

Кинлны сценар уншиж байгаа мэт ямар гайхалтай Амьдарл туулж бн вэ,энэ 2 залуус!English хэлний багш болоочгvй урьд омно ходоогийн амьдралын vнэр ч vзээгvй мундаг бvсгvй бн! Ийм л байх хэрэгтэй:хамгийн гол нь vнэхvv Зоригтой байх хэрэгтэй:риск-тэй байж л хvний ухаан Зорилгоо vзэх гэж зvтгэн ч,ухаан тархи нь ч естой уужмаар задарж сансандаа хvрдгиймдаа,залуусаа!Амьдрал бол тэр чигээрээ - ТЭМЦЭЛШДЭЭ.

Зочин [98.204.176.20] 2021-08-26 12:34:54

Odooch hodoo l saihan sanagdaad bdag bolson.er n taivan mal avaad garnaa.

Зочин [202.21.109.41] 2021-08-26 12:15:49

Ийм сайхан эерэг мэдээлэл ард түмэндээ, залуустаа түгээж байвал монгол хөгжинө дөө. Баярлалаа монгол улс хөгжин бадраг. Залуус маань хийсэн ажилтай, хэлэх үгтэй, амьдралдаа сэтгэл хангалуун байвал ирээдүйн монголын хөгжил эндээс эхлэнэ. Элдэв хар мэдээг болих хэрэгтэй ...

Зочин [202.131.251.130] 2021-08-26 10:07:54

Ямар сайхан залуучууд вэ. Бүүр өмнөөс нь баярлаж сууна. Дээр нь сурвалжлагч нь сайн бичиж, амжилт хүсье.

Зочин [202.126.89.34] 2021-08-26 08:25:55

нус нуухаа цувуулчихаад архидаад байвал хөдөөнийхөн нэр л зүүнэ. нуухаа арчаад овсгоотойхон шиг байвал ийм л болно гэдгийн бодит жишээ байна.

Зочин [202.9.47.32] 2021-08-26 07:46:06

Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Zochin [202.179.25.13] 2021-08-26 07:39:21

Ene sedveer kino hiivel saihan kino bolno doo. Amjilt husen erooe.

Зочин [31.10.164.90] 2021-08-26 19:52:45

Niislel huuhen

Зочин [213.127.87.240] 2021-08-26 07:29:49

Ухаантай бөгөөд ажилсаг хүн байна.

зочин [192.82.65.72] 2021-08-26 07:14:35

хайр татсан гэр бүл байнаа


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.