ЦАГ АГААР: Ургац хураалтын үеэр тэнгэр ямар байх вэ?

Aдмин / Нүүр

Есдүгээр сард хур тунадас Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага хур тунадас орох бол нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадастай байгаа боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд харьцангуй хур тунадас багатай байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар сарын эхний хагаст энэ сард орох хур тунадасны ихэнх хувь орох магадлал өндөр байгаа бөгөөд сарын сүүлийн хагаст хур тунадас харьцангуй бага байх магадлалтай.

Иймд хур тунадас багатай хугацаанд малчид тариаланчид хадлан бэлчээрээ бэлтгэж, тариа ногоогоо хураан, өвлийн бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.


2021 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж


Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байгаа бол, төмсөнд цэцэглэлтээс ишний гулжийлт руу орсон. Таримал ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар ургалтын байдал сайн байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 65-115 см байна.

Газар тариалан бүхий нутгуудад есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нийт, Төвийн хойд хэсгээр дунджийн орчим бусад нутгаар дунджаас дулаан байсан бол хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Сарын эхний хагаст хур тунадасны ахиу орох магадлалтай байна. Харин сарын сүүлий хагаст хур тунадас багатай харьцангуй таатай байхаар байна.

Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч тавдугаар болон зургадугаар сард тариалан бүхий ихэнх нутгаар олон жилийн дундаас сэрүүн, долдугаар сард дунджийн орчим байсан нь таримал ургамлын үе шат оройтоход нөлөөлсөн.

Иймд үе шат оройтож байгаа хирээр тариа хураалтанд зарцуулах хугацаа богиносож байгааг харгалзан үзэж, цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд онцгойлон анхаарна уу.


НАМРЫН УРГАЦАД ХИЙСЭН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Энэ намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6 дугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан, 6, 7 дугаар сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар болц оройтох шалтгаан болсон гэж дүгнэлээ.

Мөн "Ковид-19" цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж улмаар таримал ургамал өвчин, хортонд өртөх явдал гарч хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.

Түүнчлэн ургац тогтоох үеэр нийт хураах талбайн 30 хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед, 10 хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа нь ургац хураалтын ажилд хүндрэл учруулж болзошгүй тул хураах арга технологи, техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчний асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

1. Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна.

2. ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсний зэрэгцээ Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл, төмсний 30 иж бүрдэл, хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.

3. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болоод байна.

4. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 24 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.


2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Увсын нутаг, Завханы баруун, Ховдын зүүн хойд, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 5–10°С-аар дулаарна.

No description available.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ.

No description available.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.

No description available.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.

No description available.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй


Сэтгэгдэл

Тариаланч [185.107.47.171] 2021-09-02 06:33:22

Жинхэнэ мэргэжлийн хүмүүс бол яагаад үр тарианы болц оройтож байгааг л хэлнэ дээ. Энэ янзаараа тэнгэр хангайд буруу байгаа бололтой. Тэрнээс үр нийлүүлэлт оройтож, тариаланчид өнгөрсөн хавар бараг зун болж байхад тариалалт хийсэн гэдгийг ярихгүй л дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.