Ойн түймрээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас жил бүр олон мянган хүн нас бардаг
МЕЛЬБУРН. /TASS/. Эрдэмтэд ойн түймэр хотуудын экологид хэрхэн нөлөөлж байгааг анх удаа судалж үзээд ойн түймрээс үүдэлтэй агаарын бохирдол жил бүр 33500 хүний амь насыг авч оддог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ийм нас баралтын дийлэнх нь Япон, Мексик, Хятад, ӨАБНУ, Тайланд болон АНУ-д ногдож байна. Эрдэмтдийн судалгааны дүнг шинжлэх ухааны “Lancet Planetary Health” сэтгүүлд нийтэлжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ, Австрали, Латин Америкийн хэд хэдэн оронд, мөн Оросын Сибирь болон Канадын өмнөд хэсгийн зарим бүс нутагт ойн түймрийн давтамж, цар хүрээ мэдэгдэхүйц нэмэгдсэн нь дэлхийн дулаарлын хамгийн аюултай үр дагаврын нэг гэж үзэж байна. Эдгээр түймэр нь байгаль орчин, эдийн засагт асар их хохирол учруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг ажээ.
Австралийн Монашийн их сургуулийн профессор Го Юймингээр ахлуулсан байгаль орчны мэргэжилтнүүд, эмч нарын баг ойн түймрийн утаанд агуулагдах үнсний тоосонцор, хөө тортог, янз бүрийн аэрозоль, аюултай бодисууд бүх хүн төрөлхтний сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар анхны иж бүрэн үнэлгээ хийжээ.
Ийм үнэлгээг хийхийн тулд судлаачид 2000 оны эхэн үеэс 2016 оны сүүлч хүртэлх хугацаанд гарсан ойн түймэр дэлхийн 745 том хотын агаарын чанарт хэрхэн нөлөөлснийг судалсан байна. Эдгээр мэдээллээ эрдэмтэд том хотуудын нас баралт хэрхэн өөрчлөгдсөнтэй харьцуулж үзсэн нь нийт хүн амын нас баралт, мөн уушги, зүрх судасны өвчний тархалтад ойн түймэр хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхэд тусалжээ.
Ингэхэд ойн түймэр нь жилийн нийт нас баралтын нэлээд хувийг эзэлсэн байна. Энэ нь 0.8 орчим хувь буюу цагаасаа эрт нас барсан 33500 орчим тохиолдол юм. Нас баралтын дийлэнх хувь нь Японд ногдож байгаа бөгөөд ойн түймрээс үүдэлтэй бохирдлын улмаас жил бүр долоон мянга орчим хүн нас бардаг аж. Энэ нь хүн амын нягтаршил их, тус улс ойн түймрийн голомттой ойрхон байгаатай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.
Сүүлийн 20 жилд ойн түймрээс үүдэлтэй бохирдолд хамгийн их өртсөн орнуудын тоонд мөн АНУ, Хятад, Тайланд, Өмнөд Африк болон Мексик улс оржээ.
Эрдэмтдийн тооцооллоор, байгалийн гаралтай үнс, аэрозолиор үүсгэгдсэн уушги, зүрх судасны тогтолцооны өвчнөөр жил бүр 3-5 мянга орчим хүн нас барах гэнэ.
Го Юймин болон түүний хамтран зүтгэгчид НҮБ-ын холбогдох байгууллагууд, дэлхийн улс орнуудын засгийн газрууд тэдний судалгааг анхаарч, ойн түймэр, уур амьсгалын болон хүний үйл ажиллагаагаар бий болсон янз бүрийн хүчин зүйлүүдтэй идэвхтэй тэмцэж эхэлнэ гэж найдаж байна.
Сэтгэгдэл