Өчигдөр Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Aдмин / Орон нутаг

Онцгой байдлын ерөнхий газраас аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг мэдээг хүргэлээ.


Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 366 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°16’48.0″, У-100°16’12.0″/ есдүгээр сарын 10-ны өдрийн 07:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар есдүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь Эгийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг есдүгээр сарын 06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Тухайн газарт наймдугаар сарын 20-ны өдөр орсон усархаг борооны улмаас Эгийн гол савнаасаа хальж гүүрнээс эрэг хүртэлх далан бүхий зам 100 метрт сэтэрсэн бөгөөд, сэтэрсэн хэсгийг наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сэргээн засварласан байсныг буцаан ухуулах явцад есдүгээр сарын 10-ны өдрийн 17:20 цагт иргэн Н-ийн цогцос, 17:40 цагт иргэн М-ийн цогцос тус тус олдсон. Цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь есдүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О /55 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар мөн өдрийн 22:45 цагт Батширээт суманд очиж хоноглоод, есдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цааш хөдөлсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц наймдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг есдүгээр сарын 08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр мөн өдрийн 20:19 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Г наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг наймдугаар сарын 27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг есдүгээр сарын 02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. Есдүгээр сарын 09-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 8 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон.


Сэтгэгдэл

su [124.158.67.69] 2021-09-11 08:01:53

нэг дор ямар ч олон мэдээлэлийг эмх замбараагүй ойлгомжгүй бичиж оруулдаг юм бэ, галзу хүний өдрийн тэмдэглэл шүүүүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.