Цар тахлын эргэн тойрон дахь үг хэллэгийн тухайд
Хэл бол нийгмийн үзэгдлийг тэр дор нь тусгаж, илэрхийлж, шингээж байдаг харилцааны өвөрмөц хэрэглүүр мөний тул монгол хэлнээ сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан өвчин (ковид-19)-тэй хамааралтай үг хэллэг олноор орж ирж хэрэглэгдэж байна. Үүнтэй уялдуулан монгол улс энэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар 2020 оны 04 сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” 4 бүлэг 19 зүйлтэй хууль батлан хэрэгжүүлснээр олон үг хэллэг, ойлголтыг бид хүлээн авч байгаа билээ. Хуулиар төдийгүй орчуулгаар энэ үйл явцтай холбоотой шинэ үг олноор бий болсны сацуу мөн хуучин үгийг ч сэргээн хэрэглэж байгааг дурдвал, “тохиолдол”, “сэжигтэй тохиолдол”, “батлагдсан тохиолдол”, “халдвар”, “хөл хорио”, “тусгаарлах”, “ажиглах”, “халдварлагдсан”, “халдваргүйжүүлэлт”, “хүн хоорондын зай” , “ойрын хавьтал”, “нэгдүгээр хавьтал”, “вакцин”, “нэгдүгээр тун”, “хоёрдугаар тун”, “альфа”, “делта”, “омега” “мутаци”, “сүргийн дархлаа”, “ногоон бүс”, “улбар шар түвшин”, “тандалт удалгаа”, “ПИ СИ АР”, “эерэг”, “сөрөг” “ковидын шинжилгээ”, “ковидын эмчилгээ”, “ковидын эм” гэх мэт.
Бид эдгээр үг хэллэгийн дотроос эх хэлний хэм хэмжээнд нийцэмжгүй, утга нь ташаарсныг заримыг нь засаж заруулах үүрэгтэй билээ.
Өдөр тутмын мэдээгээр бидний сонсож дасчихаад байгаад “тохиолдол”, “батлагдсан тохиолдол”, “сэжигтэй тохиолдол” гэх зэргийг бид хэрхэн ойлгож байна вэ? Бага ангийн нэг сурагчаас “батлагдсан тохиолдол гэж юу вэ?” хэмээн сонирхон асуутал “Найзынхаа юмыг зөвшөөрөлгүй авч байгаад баригдсан бол” гэж байна. Харин “сэжигтэй тохиолдол гэж юу вэ?” гэвэл “хулгай хийх гэж байгаа юм шиг харагдвал” хэмээн хариулсан хариулт надад нэгийг бодогдуулсан билээ.
Тэгвэл “тохиолдол” хэмээх үгийг монгол хэлний толь бичигт хэрхэн тайлбарлаж байгааг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-оос үзвэл, Тохиолдох үйлийн нэр - Сангийн аж ахуйд ирснээ ч, ингэж яваагаа ч түр зуурын тохиолдол гэж дотроо бат итгэж явжээ. гэнэтийн тохиолдол (гэнэтийн учрал, гэнэтийн тохиол), санамсаргүй тохиолдол (санамсаргүй учрал), азтай тохиолдол (азтай учрал), ямар ч тохиолдолд (ямар ч үед), тохиолдлын чанартай (гэнэтийн шинж бүхий) гэснээс харвал өвчинтэй огт хамаагүй болох нь харагдана.
Лавшруулан “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулиас үзвэл, 4 дүгээр зүйлийн 1-ийн 1-д “тухайн өвчний батлагдсан болон сэжигтэй, магадлалтай тохиолдол бүрийг” гэж “тохиолдол”-ыг “тохиолдол”-оор нь тайлбарлажээ. Тэгэхээр “тохиолдол” бол юуны ч байж болох бөгөөд монгол хүн “өвчин туслаа”, “өвдлөө” гэж ярьдаг болохоос “өвчний тохиолдол боллоо”, “өвчин тохиолдоод” хэмээн ярьдаггүй. Өмнө нь анагаахын шинжлэх ухаанд “өвдсөн”, “өвчлөл бүртгэгдсэн” гэх зэргээр хэрэглэдэг байснаа цар тахлын үед гэнэт яагаад “тохиолдол” болж хувирсныг таашгүй. Нөгөө талаар “тохиолдол” гэдэг нь аливаа үйл явдал нэг удаа болоод өнгөрөх утгыг ихэвчлэн заах тул олон давтагдан гарч байгаа өвчин дээр энэ үгийг хэрэглэх нь оновчтой биш юм.
Сүргийн дархлаа-Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын 2020 оны 12 сарын 31 нд гаргасан ковид -19 өвчний эсрэг вакцин хийх тухай мэдэгдэлд орсон “Herd immunity” хэмээх үгийг монгол хэлнээ "Сүргийн дархлаа" хэмээн үгчлэн орчуулснаас монгол хүний сэтгэхүй, уламжлалт ойлголтод таарамжгүй хэллэг үүсчээ.
Сүрэг-herd хэмээх үгийг Оксфордын толь бичигт, “хамт амьдарч, хоол тэжээлээ олон нүүдэллэж явдаг олон тооны мал болон туурайтан, хөхтөн амьтад” хэмээн тодорхойлсон байх тул энэ үг яавч хүнтэй хамааралгүй болж байна. Нөгөө талаар монгол хүн “сүрэг” гэхээр таван хошуу малтайгаа холбон ойлгож, “хонин сүрэг”, “адуун сүрэг” гэхийн сацуу зэрлэг амьтдын олноор явах үед нь “зээрийн сүрэг”, “чоно сүрэглэх” хэмээн хэлэлцэх тул “хүн бол сүрэг биш” гэсэн ойлголт бидний ой тойнд бат тогтсон байдаг. Энэ нь олноор нэг дор хамтдаа оршин суудаггүй, үргэлж хамтарч хөдөлмөрлөдөггүй ганц нэгээрээ малаа адуулан явдаг нүүдлийн ахуйгаас урган гарчээ. Иймээс “Herd immunity” буюу “Сүргийн дархлаа” хэмээх үгийг “Хүн амын дархлаа”, “нийтийн дархлаа” гэх зэргээр оноовол оновчтой болно.
“Хүн амын дархлаа” гэдгийг ДЭМБ-аас хэрхэн тодорхойлсныг харвал, “хүн амын дархлааг вакцинжуулалт болон өмнөх халдвараар үүссэн дархлаагаар хамгаалах шууд бус арга” гэсэн бөгөөд хүн амын аль ч хэсэгт өвчин тарахыг хязгаарлаж, вакцинжуулан “нийтийн дархлаа” тогтоох нь чухал хэмээн Ерөнхий захирал хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Вакцинууд нь бидний дархлааны системд "эсрэг бие" гэж нэрлэгддэг өвчинтэй тэмцэх уургийг бий болгоход чиглэх бөгөөд хийлгэсэн хүмүүс уг өвчинд тусах боловч халдвар дамжихаас хамгаалдаг байна.
Хүн хоорондын зай- хэмээх энэ хэллэгийг КОВИД-19 өвчин эхэлмэгц Монголын Үндэсний олон нийтийн телевизээр өдөр бүр хэрэглэсээр өдий хүрэв. Энэ гурван үг нь хэт нуршиж үгийн сангийн үүднээс илүү үг хэрэглэсэн хэллэг болж байна. Үүний учир нь, хүмүүс хоорондоо зайтай явах тухай шаардлага бөгөөд “хүн хоорондын зайгаа барьж яв” гэхээр хүн машинтай ч юмуу, байшинтай бусад эд юмтай бас зай барих тухай асуудал гарна. Тиймээс зай бол хоёр юмны хоорондох хол, ойрын хэмжээ тул тодорхой хэмжээг хэлэх нь зүйтэй.
Цар тахал хэмээх хэллэг нь шинээр үүссэн бөгөөд өмнө нь анагаахын шинжлэх ухаанд эпидеми хэмээх үгийг “тахал” хэмээн нэрлээд “цөөн бүс нутаг буюу нэг улсын хүрээнд дэлгэрсэн халдварт өвчин”-ийг нэрлэдэг байсан бол “пандеми” нь “улс орон бүхэлдээ болон дэлхий нийтэд тархсан халдварт өвчин”-ий нэр тул түүнийг монгол хэлнээ “цар тахал” хэмээсэн нь оновчтой нэрлэлт юм. Цар, цараа хэмээх үгээр овор, хэмжээг илэрхийлэх бөгөөд том, тархацаар өргөн, хүн, юм, үйл явцыг “цараатай ажил”, “цартай бөх” гэх буюу хэмжээ, овор багатай бол “цар багатай шар (үхэр)” гэх зэргээр хэрэглэдэг тул уг өвчин тахлын хэмжээнээс давж дэлхий нийтийг хамарч буй тул “цар” гэдэг үгээр тодотгосон нь үг утгатайгаа дүйсэн, зөв нэр томьёо болжээ.
Доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа
Сэтгэгдэл
Нэр томъёог түүний гадаад эх үүсвэрийг бодож авч ашигладаг. [202.131.225.53] 2021-09-17 01:54:50
Тэгээд "Herd Immunity" гэдэг нэр томъёог хэрэглэснээрээ гадаад хүмүүс мал сүрэг болчихож байгаа юм уу? ҮГҮЙ Ш ДЭЭ. "Хүн амын дархлаа" гэдэг чинь "Population Immunity" болно, гэтэл гадаадынхан буюу ДЭМБ ийм нэр томъёог ашиглаагүй. Үүнийг бодох хэрэгтэй. Хүмүүс тэгээд сүрэглэж амьдардаггүй юм уу? "Сүргийн харилцаа" гэдгийг хүний нийгэмд хавьтуулж бодолцох хэрэгтэй. Хэд хэдэн саяараа л бид чинь "сүрэглэж" амьдарч байна ш дээ.
Зочин [202.9.40.78] 2021-09-17 01:52:13
Эрдэмтэд энэ мэтээр үгээ хэлж бурууг газар авахаас нь өмнө засдаг байгаасай. Хавьталын талаар яриагүй байна.