Цагдаагийн хурандаа О.АМАРСАНАА: ДОтоод асуудлаа нуух шаардлага бидэнд байхгүй
Цагдаагийн байгууллагын алба хаагч мансууруулах бодис хэрэглэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Мөн цагдаагийн цөөнгүй ажилтан хэрэг, зөрчилд холбогдоод буй билээ. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын сахилга, ёс зүйн талаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энд онд танай байгууллагын ой тохиож та бүхэн саяхан цахимаар тэмдэглэсэн шүү дээ. Та ойн хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээнээс дурдахгүй юу?
-Ардын засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Арван тавны цагдаагаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон гэж үздэг. Монгол төрийн орчин цагийн цагдаагийн байгууллага өдгөө нэгэн зууныг үдэж, шинэ зуунтай золгож байгаа ойн баяраа дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас түр хойшлуулаад байсныг бид саяхан цахим хэлбэрээр тэмдэглэлээ. Ойн хүрээнд түүхэн алдар гавьяагаа мөнхжүүлэх, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албаны байр, хэсгийн төлөөлөгчийн кобан, замын хяналтын цэгийн байруудыг барьж ашиглалтад оруулах, алба хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах, автомашины парк шинэчлэл хийх зэрэг бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээ, урлаг, соёлын олон ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын цагдаагийн байгууллагын түүхийн 3 боть номыг түүхч эрдэмтдийн багаар бүтээлгэж, түүхэн баримт бичгийн эмхэтгэл, нэвтэрхий толь, анги, байгууллагын үйл ажиллагаа, ашиглаж байсан автомашин, техник хэрэгслийг харуулсан гэрэл зургийн эмхэтгэлүүд, “Цагдаа-100 инноваци” цахим сэтгүүл, цагдаагийн албанд холбогдох дууны түүвэр ном зэрэг 10 гаруй ном, бүтээл туурвин гаргасан нь 100 жилийн үйл хэрэг, алдар гавьяаг мөнхжүүлсэн ажил болсон. Мөн “Болор цом-38” яруу найргийн наадмыг зохион байгуулж, цагдаагийн байгууллагын түүхэн үйл явдлыг харуулсан баримтат кино бүтээж, уран сайхны кино хийж байна.
-Гадаадынхантай бас цахимаар зөвлөлдсөн байх аа,
-Аливаа байгууллагад гадаад харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хэдийгээр дэлхий нийтэд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын аюул их байгаа боловч бид ойн хүрээндээ Дэлхийн эрүүл мэндийн болон Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг баримтлан “Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, гадаад орноос Монгол Улсад суугаа 14 улсын, гадаад улсаас цахимаар 17 улсын Элчин сайд, консул, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөл мэргэжлийн байгууллага, Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, Европын холбооны төлөөлөгчийн газар, цагдаа, хууль сахиулах байгууллагын атташе, цагдаа, дотоодын цэргийн болон ижил чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагчид, Фэйсбүүк компаний Хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан нэгж зэрэг нийт 24 улс, олон улсын 5 байгууллагын 90 гаруй зочин, төлөөлөгчийг хамруулсан зөвлөгөөнийг цахимаар амжилттай зохион байгууллаа. Түүхт ой тохиож байгаа энэ хугацаанд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин, Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэг Хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллага төдийгүй монголынхоо ард иргэдийг баярлуулсан сайхан мөч тохиолоо.
Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цолоор 2, ахлагч бүрэлдэхүүнээс анх удаа онцгой гавьяа байгуулсан 4 алба хаагч Үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх хүндтэй шагналыг тус тус хүртсэн бахдам амжилтуудаар бид түүхт 100 жилийн ойгоо угтаж байна.
Сайны хажуугаар саар гэгчээр цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үе үе гардаг. Алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх талаар та бүхэн ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Тийм ээ, энэ үнэн. Бид дотооддоо болж буй болохгүй зүйлсээ нуух шаардлага байхгүй. Дор бүр нь засаж сайжруулж явах ёстой. Цагдаагийн байгууллага гэдэг том айл, үйл ажиллагааны цар хүрээ ч мөн их, ажил нь ч их онцлог. Цагдаа нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй зүйлтэй тэргүүн эгнээнд нүүр тулдаг, ажлын шугамаар сэтгэл санаа тогтворгүй, стресс бухимдалтай янз бүрийн хүнтэй уулздаг. Мөн алба хаагчдын маань ур чадвар, харилцаа хандлага, төлөвшил хүмүүжил гээд олон зүйлээс шалтгаалан зарим тохиолдолд алдаа гаргах, цаашлаад өөрсдөө гэмт хэрэгт холбогдох асуудлууд ч гардаг.
Бид алба хаагчдаа сургаж бэлтгэх, сахилга, ёс зүйг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж ажилладаг. Тухайлбал, энэ онд удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилтыг дэвшүүлэн, ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилтын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны болон ахлагч бүрэлдэхүүний 2021 оны цахим сургалт, зөвлөгөөнийг анх удаа амжилттай зохион байгуулж, анги, байгууллагын 54 байршлаас 512 удирдах ажилтан, 2688 ахлагч бүрэлдэхүүнийг тус сургалтад хамруулсан.
Цагдаагийн байгууллага алба хаагчдаа дотоод, гадаадын их, дээд сургуульд бэлтгэж, цагдаагийн офицер 4 жил, ахлагч болгоход 1-3 сар сурган дадлагажуулж байж ажилд томилдог. Үүний дараа ажлын байранд дадлагажуулан сургах сургагч багшийг томилж, ажлын байрны онцлогийг таниулж, зохих ур чадварыг эзэмшүүлдэг. Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын улмаас бид сүүлийн 2 жилд цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албанд орох иргэнээс авах сонгон шалгаруулалт, давтан болон мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтуудаа цахимаар зохион байгуулж байна. Энэ онд сонгон шалгаруулалтад тэнцсэн 470 иргэнийг цахим сургалтад хамруулан хүний нөөцөө бүрдүүлсэн.
Цагдаагийн алба хаагчид сургуулийн мэдлэгээс гадна өөрсдөө бие даан сурч байж жинхэнэ цагдаа болдог. Ер нь цагдаагийн ажилд суралцахад маш их цаг хугацаа, сэтгэлийн хатуужил, бэрхшээл даван туулдаг юм.
-Цагдаагийн газар, хэлтсийн дарга нарын ажлыг шалгаад байгаа юм билээ. Үүний дараа халаа, сэлгээ хийх нь гэсэн яриа ч бас гарсан байсан.
-Бид алба хаагчдын үйл ажиллагаа, гаргаж байгаа сахилга, ёс зүйн дутагдал бүрт дүгнэлт хийж, дахин алдаа дутагдал гаргуулахгүйн төлөө мэргэшүүлэх болон давтан сургалтуудыг зохион байгуулдаг. Удирдлагын зүгээс бие бүрэлдэхүүнтэй ажиллах, мэргэжлийн ур чадварыг шалгах, ар гэр, ахуй амьдралтай нь танилцах, харилцаа хандлагыг дээшлүүлэх нөлөөллийн аян, арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлууд их явагдаж байна. Одоогоор анги, байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, алба хаагчидтай уулзалт хийх, цагдаагийн төв байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, арга хэмжээний талаар танилцуулах, удирдах ажилтны тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байдал, ур чадварын түвшинг тогтоох зорилгоор ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг төв, орон нутагт ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийнхэн Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн 29 анги, байгууллагын 258 удирдах ажилтнаас шалгалт авч, үйл ажиллагааны мэргэшлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өглөө. Дээрх ажил одоо орон нутагт үргэлжилж байна.
-Цагдаагийн алба хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл авдаг тусгай дугаар ажиллуулаад ямар үр дүн гарав?
-Иргэдээс цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах зорилгоор 126 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, ЦЕГ-ын Аюулгүй байдал, Дотоод хяналт шалгалтын нэгжүүд ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Алба хаагч зөрчил гаргасан гомдол, мэдээлэл бүрт бид заавал албаны шалгалт явуулан шийдвэрлэдэг. Цагдаагийн байгууллага дотроосоо өөрийгөө цэвэршүүлж, байгууллагын зөв соёлыг бий болгож, хариуцлага ёс зүйтэй, мэргэшсэн, ажил гүйцэтгэх чадвартай алба хаагчийг бэлтгэхийг зорьж байна. Мөн нөгөө талаар бид хуулийн дагуу зөв үйл ажиллагаа явуулаад буруудаж, гүтгэгдэж байгаа алба хаагчаа хамгаалах ёстой юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй” гэж заасны дагуу бид сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ёс зүй, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал давтан гаргуулахгүй байх, албаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор ёс зүйн төлбөртэй сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Ер нь цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд ямар нэгэн хууль тогтоомж зөрчигдсөн, хариуцлага, сахилга алдсан нь шалгалтаар тогтоогдсон бол тохирсон шийтгэл ногдуулж, түүний мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч, мэдээллийг бүрэлдэхүүнд хүргэдэг. Мөн сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын нэр хүндэд халдсан илтэд худал мэдээлэл, гүтгэлэг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан явуулах хандлага их байна. Энэ бүр дээр бид хуулийн хүрээнд байгууллага, алба хаагчийнхаа хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тодорхой ажил зохиож байгаа. Байгууллага, алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан түүний нэр хүндэд халдсан хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдтэй эвлэрэхгүй, хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажиллах болно.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд хэдэн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан бэ?
-Энэ оны эхний 7 сарын байдлаар иргэд, байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчтай холбоотой ирүүлсэн 1004 өргөдөл, гомдлыг хүлээн авч, 1134 алба хаагчид холбогдуулан шалгалаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол 57 буюу 5.3 хувь, холбогдон шалгагдсан алба хаагч 94 буюу 7.6 хувиар тус тус буурсан байна. Өргөдөл, гомдолд 1134 алба хаагч холбогдон шалгагдсаны 884 буюу 77.9 хувийг офицер, 244 буюу 21.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн, 6 буюу 0.5 хувийг энгийн ажилтан эзэлж байгаа юм. Үүнээс нийт өргөдөл, гомдлын 15 буюу 1.4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэх саналтай холбогдох байгууллагад шилжүүлж, 235 буюу 23.4 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулж, 582 буюу 57.9 хувьд цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, 6 буюу 0.5 хувьд алба хаагчийн буруутай үйл ажиллагаа нотлогдсон боловч хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн бөгөөд энэ оны эхний 7 сард бүртгэгдсэн сахилгын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал сахилгын зөрчил 13 буюу 2.1 хувь, алба хаагч 16 буюу 2.4 хувиар буурчээ.
Бид алба хаагчдаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сахилга, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд нөлөөллийн шинжтэй соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, “Эрүүл цагдаа”, “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо” хөтөлбөр зэргийг батлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Өнгө нэмцгээе”, “Харилцаа хандлага” зэрэг дотооддоо чиглэсэн аянуудыг зохион байгуулж байна. Энэ ташрамд хэлэхэд цагдаагийн мэргэжил нь өөрөө их ачаалалтай, стресстэй орчин нөхцөл учраас алба хаагчдад ажлаас халшрах, ажил мэргэжлээс үүдэлтэй бие хүний гажуудал үүсэх эрсдэл өндөр. Олон улсад хийсэн судалгаагаар хамгийн ачаалалтай, ажлаас халшрах хам шинжийг үүсгэдэг 5 мэргэжлийн нэгээр цагдааг дүгнэсэн байдаг. Түүнчлэн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн 65 улсад явуулсан судалгаагаар цагдаагийн алба хаагчийн гэр бүл нь бусад төрөл мэргэжлийн гэр бүлээс илүү тогтворгүй, салалт өндөртэй байгааг тодруулж, гишүүн улс орнуудад цагдаагийн алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад анхаарах шаардлагатайг сануулсан байдаг.
Энэ бүхэнд дүгнэлт хийж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангаж, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хөдөлмөр, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэстээ Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус хэсэг байгуулагдаад 3 сарын хугацаанд нийт алба хаагчдын 20.0 хувь буюу 2300 орчим алба хаагчаас сэтгэл зүйн суурь судалгаануудыг авч, алба хаагч, ажилтны сэтгэл зүйн бэлтгэлжилт, харилцааны ур чадвар, стресст тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой төрлийн ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажил, арга хэмжээний үр дүн нь дунд хугацаанд гарна гэж тооцоолж байна.
-Манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Цагдаагийн алба хаагчид ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож байна. Тодруулбал, Танай нэг мөрдөгч бусдаас шан харамж авч, хураасан нотлох баримтаа устгасан мэдээлэл гарсан. Цагдаа цагдаагаа шалгадаг нь буруу гэж ярьдаг энэ талаар мэдээлэл өгөөч.
-Тийм ээ, ийм асуудал гарсан. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэгдэх хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, эдийн засгийн, цахим, зохион байгуулалттай болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг ихээр гарах болсон. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Гэвч зарим нэг алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох асуудал гарч байна. Бид үүнийг дотоодын хяналт шалгалтаараа илрүүлж, тухай бүрт нь хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч ажилладаг. Тухайлбал, 2020 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Б.Д нь бусдын хогийн олсны ургамал, шавар хууль бусаар олж авч, хадгалсан гэх гомдол мэдээллийг шалгах явцдаа хэргийг хааж өгнө гэж холбогдогч нараас 3 сая төгрөгийн авлигал авч, нотлох баримтыг устгасан нь шалгалтын явцад тогтоогдсон тул түүнийг цагдаагийн албанаас дутагдлаар халж, хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулсан.
Мөн саяхан цахим орчинд Орхон аймаг дахь цагдаагийн газрын харуулын цагдаа Ц.М нь бусадтай нийлж, мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байгаа үйлдэл нь нийтлэгдсэн. Тухайн алба хаагч өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад томилогдон нэг жил ажиллаж байсан юм. Одоогоор түүнийг цагдаагийн албанаас дутагдлаар халж, хэргийн нотолбол зохих байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдийн дунд цагдаа цагдаагаа шалгах нь алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн алдаа, дутагдлыг нуун дарагдуулдаг, ял завшуулдаг гэсэн хардлага байдаг. Тийм асуудал бол байхгүй. Харин ч бид энэ асуудалд шуурхай, шударга, хуулийн хүрээнд хандаж, шалгалтын бүхий л явцад анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллаж байна. Цагдаагийн төв байгууллагын бүтцэд дотоод хяналт шалгалт, аудитын болон аюулгүй байдлын чиг үүрэгтэй нэгжүүд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын шууд удирдлагад харьяалагдаж ажилладаг. Бид алба хаагчдын гаргасан зөрчлийн 80-90 орчим хувийг дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн байдаг. Алба хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Прокурорын байгууллагаас тогтоосон харьяаллын дагуу холбогдох байгууллагад нэн даруй шилжүүлэн шалгуулдаг.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин Г.Цолмон
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-09-22 07:13:13
өөрсдийнх нь хамрыг ухвал бөөн бөөн өвчинтэй л байгаа.
turuu [66.181.161.100] 2021-09-22 04:45:07
Baidagdaa baidag ! 1 muu tsagdaag zolij bgaa bolhoos zui busaar bayjsan darga naraa bol uhen hetan nuudag shuu!!!