Хятад улс нүүрсний хомсдолын асуудлаа ирэх саруудад шийдвэрлэнэ гэв
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Нүүрсний тээвэр, борлуулалтын нийгэмлэгээс мэдэгдэхдээ, нүүрсний нийлүүлэлтийн хомсдолын асуудлыг тус улс ирэх саруудад шийдвэрлэх боломжтой гэв.
Тодруулбал, Хятад улсад нүүрсний хомсдолын улмаас эрчим хүчний хангамжийн асуудал үүсэж, аж үйлдвэрлэлд сөргөөр нөлөө үзүүлсэн. Улмаар тус улсын Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч, дотоодын нүүрс үйлдвэрлэл болон импортыг нэмэгдүүлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байна.
Нүүрсний тээвэр, борлуулалтын нийгэмлэгийн зүгээс энэ сарын 1-нээс 13-ны өдрүүдэд тус улсын нийт нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүдийн талаас илүү хувьд хяналт шалгалтын ажил хийв. Шалгалтын ажлын дүнд хятадын аж ахуйн нэгжүүдийн нэг өдрийн нүүрс үйлдвэрлэлийн дундаж хэмжээ 9-р сарынхаас 4.5 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн тус улсын Эрчим хүчний газраас өмнөх долоо хоногт мэдээлэхдээ, Хятад улсын нүүрс үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ өнгөрөгч 2-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэв.
Хятадын Засгийн газар энэ оны 7-р сараас эхлэн 150 гаруй нүүрсний уурхайд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, өргөжүүлэх зөвшөөрөл олгосон байна. Мөн үйл ажиллагааг нь хориглоод байсан нүүрсний уурхайнуудад үйл ажиллагаагаа сэргээж, ажиллахыг зөвшөөрчээ.
Түүнчлэн цахилгаан станцуудыг гадаадаас нүүрс импортолж, цахилгаан дулааны түүхий эдийн хангамжийг баталгаатай байлгахыг дэмжиж байгаа ба өнгөрсөн 9-р сард тус улсын нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үеэс 76 хувиар өссөн байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл