Иргэн, ТББ, ААН, төрийн хамтын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал болов
Нээлттэй Засгийн Түншлэлийн хүрээнд Монгол Улсын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оныаравдугаар сарын 18-нд боллоо.
Нээлттэй Засгийн Түншлэл (НЗТ) нь төрийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, авлигаас ангид, иргэний нийгэм, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, тэгш хүртээмжийг сайжруулах зорилгоор иргэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санал санаачлага, бодлого, оролцоог бий болгож улмаар хэрэгжилтэд хяналт тавих зорилготой олон улсын түншлэл юм.
Монгол Улсын хувьд дэлхийн 78 улс нэгдсэн НЗТ-д 2013 онд гишүүнээр элссэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн үндэсний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төлөвлөгөөний төслийг боловсруулж, танилцуулах дэд ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, дэд даргаар “Гэрэлт гариг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал А.Баянмөнх ажиллаж байгаа бөгөөд гишүүдэд иргэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төрийн 20 гаруй төлөөлөл бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллаж байна
2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV”-ийг боловсруулахаар оролцогч талууд салбар тус бүрийн гурван удаагийн хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Төрийн 35 байгууллагын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл, мөн иргэн, төрийн бус байгууллагын 170 орчим иргэний оролцоотойгоор эхний санал, хүсэлтийг авч НЗТ-ийн шалгуураар дахин үнэлэн эрэмбэлэх ажлыг ажлын хэсэг гүйцэтгэж байна.
Оролцогч талуудаас гарсан хамгийн их давтагдаж буй саналуудад:
· төрийн шударга байдлыг нэмэгдүүлэх,
· төсвийн ил тод байдлыг хангах,
· төрийн худалдан авалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод болгох,
· эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах,
· төрийн үйлчилгээ болон мэдээллийг цахимаар иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх,
· төр-иргэн-хувийн хэвшлийн тэгш оролцоог бий болгох,
· ногоон эдийн засгийг хөгжүүлэх,
· хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах,
· байгаль орчны нөхөн сэргээлт, үнэлгээ хийх зэрэг нийт 34 саналыг нэгтэн танилцуулж хэлэлцэв.
Цаашид дээрх 34 саналыг багцлан НЗТ-ийн зарчим, шалгуур, зорилтод тулгуурлан эрэмбэлж олон нийтэд танилцуулан цахимаар дахин саналыг авахаар ажлын хэсэг төлөвлөж байна.
Сэтгэгдэл