НББХ: Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн тайланг сонсож, Засгийн газарт чиглэл өгөв

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаан 10 цаг 20 минутад ирц 56.2 хувьтай бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эрүүл мэндийн санхүүжилт 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих шинэчлэлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын чуулганы 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулсан эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, ажилласан тухай болон хуралдаанаар тус ажлын хэсгийн тайланг сонсох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг дөрвөн удаа, ажлын дэд хэсэг нэг удаа, нийт таван удаа хуралдсан. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын алба, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтэс, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд орж ажилласан байна.

Ажлын хэсэг удирдамжийн дагуу 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр нийслэл, орон нутгийн буюу бүх шатны 260 гаруй эрүүл мэндийн байгууллагын удирдлагатай цахим уулзалт хийж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд, гарч буй зөрчил, гүйцэтгэлийн санхүүжилтийн талаарх саналыг сонссон бол 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, уулзалтаар нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал, программ хангамж, хүний нөөцийн талаар болон цаашид авах арга хэмжээний талаар санал, мэдээлэл сонсчээ. Түүнчлэн, ажлын хэсгийн гишүүд ес, аравдугаар сард Сүхбаатар аймаг, Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын эрүүл мэндийн байгууллагууд, мөн нийслэлийн Багануур, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай очиж танилцсан байна. Эмнэлгүүдэд ажиллах үеэр эмч, мэргэжилтнүүд цахим системийн алдаанаас болж санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаад анхаарал хандуулж, шийдвэрлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилдэг боловч цахим системийн зөрүүтэй байдлаас болж санхүүжилт хасагддаг нөхцөл байдлын талаар судалж, шийдвэрлэх саналыг илэрхийлжээ. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тоног төхөөрөмжийн дутагдалтайгаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэж буйд анхаарах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад коронавирусийн PCR шинжилгээний төхөөрөмж нийлүүлээгүйгээс шинжилгээг Улаанбаатар хот руу явуулдаг, хариу удаж ирдгээс шалтгаалж хөнгөн өвдсөн хүн хүндрэх, халдвар тараах эрсдэл нэмэгдүүлж буйд анхаарал хандуулах, анхан шатанд эмч, эрүүл мэндийн ажилтны дутагдалд орж буй учир орон нутагт ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх буюу ажиллах нөхцөлийг сайжруулах, орон байраар хангах, цалин, урамшууллыг тогтмол олгож байх зэрэг асуудлуудыг хөндсөн байна.

Ажлын хэсгийн ахлагч тайландаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой ч гүйцэтгэлийн санхүүжилт нь шинэ технологийн өртөгтэй нийцэхгүй, дутагдаж байгаагаас уламжлалт буюу нээлттэй хэлбэрээр мэс засал хийхэд хүрч байгаа талаар, мөн тус эмнэлэгт тендерийн асуудалтай холбоотойгоор эрхтэн шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслүүдийг өндөр үнэтэйгээр худалдан авч буй нь эмнэлгийн үйл ажиллагааны буруу зохион байгуулалт болон менежерийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалж байгааг дурьдав.

Ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мөн ажиллажээ. Энэ үеэрээ Эрүүл мэндийн даатгалын цахим систем, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөлтэй танилцсан байна. Тус газар нь төрийн өмчийн 74, хувийн хэвшлийн 197, сувилал 44, эмийн сан 1708, өрх, сум, тосгоны 525 нийтдээ 2548 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэг их наяд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох ёстойгоос өнөөдрийн байдлаар 886,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар xml, Эрүүл мэндийн яам ehealth, Эрүүл мэндийн хөгжлийн төв h-info 3.0 гэсэн програм хангамж буюу өөр өөр программ ашигладгаас системийн алдаа үүсэх хүндрэл арилахгүй байгаа учир алдааг засахын тулд улсын эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй программ хангамжуудыг нэн даруй нэгдсэн мэдээлэл солилцооны платформд шилжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад танилцуулж, анхаарч ажиллахыг ажлын хэсгээс үүрэг болгосон байна.

“Ковид-19” цар тахлын улмаас эрүүл мэндийн байгууллагуудад 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд үүнээс хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд 166,9 тэрбум, гэрээр эмчлэх тусламж, үйлчилгээнд 11,9 тэрбум, дархлаажуулалтад 21,1 тэрбум, сорьцод PCR шинжилгээ хийхэд 349,6 сая, тандалтын PCR шинжилгээний сорьц цуглуулахад 4,3 тэрбум, нийт 204,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлжээ.

Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэрээ цар тахлын хүнд нөхцөлд эрүүл мэндийн байгууллагууд нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй учир эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, цалингийн доод хязгаарыг тогтоож босго цалинтай болгох, урамшууллыг Засгийн газрын болон Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн дагуу цаг тухайд нь тогтмол олгож байх асуудлыг салбарын хэмжээнд хэрэгжүүлж ажиллах, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлийн даатгалд заавал хамруулдаг тогтолцоог бий болгох асуудлыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад ажлын хэсгээс мөн даалгажээ.

Тус ажлын хэсэг болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба хэлэлцүүлгийн үеэр оролцогчид даатгалын сангийн батлагдсан төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын захиргааны хэм хэмжээний дүрэм, журмыг боловсруулан баталж, мөрдүүлэх, Үндэсний зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй хэлэлцүүлгээр шийдвэрлэх зэргээр санал бодлоо илэрхийлснийг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэлээ. Ажлын хэсэг Монголын эрүүл мэндийн байгууллагын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзалт хийхдээ эрүүл мэндийн салбар дахь шинэчлэл ба гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцаж, санал солилцжээ. Тухайлбал, Сангийн яам, Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай хийсэн уулзалтын хүрээнд анхны шатны эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилт хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг сонссон байна.

Ажлын хэсгийн зүгээс дараах санал, дүгнэлт гаргасныг мөн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцууллаа.

1. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолыг эдийн засгийн нөхцөл байдал, технологийн үнэлгээ, судалгаанд үндэслэн шинэчлэн боловсруулж, танилцуулах,

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах,

3. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтийн хэлбэрт бүрэн шилжүүлэх,

4. Төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн засаглалыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлүүдийг байгуулах,

5. Эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмэгдүүлэх замаар чадварлаг эмч, сувилагч нарын ажиллах хөшүүргийг бий болгох,

6. Нийслэл, аймаг, сумын бүх шатлалын эмнэлгүүдэд хууль, салбарын санхүүжилтийн шинэчлэлийг тайлбарлан таниулах сургалтыг тогтмол зохион байгуулах, гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухайд нь алдагдалгүй авах нөхцөл боломжоор тухай бүр хангаж ажиллах,

7. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын цахим системийг нэн даруй нэгдсэн мэдээлэл солилцооны платформд шилжүүлэх, нэгдмэл зохион байгуулалтад оруулах,

8. Эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах, ил тод нээлттэй байдлыг хангах, хяналтыг сайжруулах,

9. Нийслэл, аймаг, сумын бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжихтэй холбогдуулан боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр урт хугацааны бодлого боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, шаардлагатай төсвийг улсын төсвийн төсөлд тусган, үе шаттайгаар шийдвэрлэх,

10. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалттай чиг үүргийг шилжүүлэх, батлагдсан орон тоог зохих тушаал, шийдвэрийн дагуу шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,

11. Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлийн даатгалд заавал хамруулдаг тогтолцоог бий болгох асуудлыг судалж, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга хэмжээ авах зэрэг саналыг ажлын хэсгээс гаргасныг ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, С.Чинзориг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн эмнэлэгт хэвтэхэд гаднаас эм, тариа авчруулдаг. Хэзээ иргэд даатгалд мөнгө төлж байгаагийнхаа үр шимийг бүрэн хүртдэг болох вэ гэсэн асуудлыг тодруулав. Хуралдаанд оролцсон Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд болон Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Б.Баярсайхан гишүүний дээрх асуултад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдээс хувиас нь эм, тариа гаргуулахгүй байх тал дээр ажиллаж байна. Хэрвээ гаргуулсан тохиолдолд тухайн гарсан зардлыг буцааж олгох хууль эрх зүйн зохицуулалт байдаг, үүнийг хэрэгжүүлэхийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт үүрэг болгосон. Яам мөн хяналт шалгалтаа хийж байна. Иргэдээс мөн мэдээлэл ирүүлсний дагуу энэ чиглэлээр бүх эрүүл мэндийн байгууллагуудын хяналтын багууд шалгалт хийдэг. Тухайлбал, “Ковид”-ын үеийн тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар, Хяналт шалгалт үнэлгээний газар давхар хяналт тавьж байна гэж хариулсан бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахдаа хувиасаа төлбөр гаргасан бол төлбөрийн баримтын дагуу зардлаа тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах, мөн даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед тухайн эм, тариа эмнэлэгт байхгүйгээс үйлчлүүлэгчээр гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр буцаан төлөх зохицуулалтыг мөрдөж буй талаар хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, С.Чинзориг, П.Анужин, Ц.Сандаг-Очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжсэнээр эмнэлгүүд санхүүжилтээ бүрэн авч чадахгүй асуудал, зөрчил үүсээд буйг шуурхай цэгцлэх талаар хэлсэн бол П.Анужин “Ковид-19” цар тахлын улмаас эрүүл мэндийн байгууллагуудад олгож буй Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө байгаа онож, үнэхээр зөв ажилдаа зарцуулагдаж чадаж байна уу гэдгийг маш сайн анхаарч, шийдвэрлэх талаар болон коронавирусийн гэрийн эмчилгээнд сав, баглаа боодолгүй, жижиг гялгар уутанд түүвэрлэж хийсэн юу нь мэдэгдэхгүй, ямар эм нь ялгагдахгүй зүйлс олгох зэргээр зохимжгүй ажиллаж буйг, мөн эмнэлгийн удирдлага, менежерүүд ажилдаа тэнцэхгүй, хүнд сурталтай байгааг анхааруулж хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад очиж хуулийн хэрэгжилтийг нүдээр харж, салбарын зовлон, жаргалыг сонсож ажилласнаар бидний болно, бүтнэ гэж баталж буй хууль бодит амьдрал дээр зөрүүтэй, зөрчилтэй хэрэгждэг нь харагдлаа. Баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хянан шалгаад, хэрвээ шаардлагатай бол шуурхай өөрчлөх, мөн баталсан хуулийн зорилго, зорилт, ач холбогдлыг ч ойлгоогүй, ер нь хуулийн талаар ямар ч ойлголтгүй, хэрэгжүүлэх чадваргүй дарга, удирдлагыг мэдээллээр хангах шаардлага байна гээд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн зорилго, хуулиа ойлгож, хэрэгжүүлэх тал дээр бүх шатны эмнэлэг, байгууллагуудын удирдлага, менежер, санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулахад яамны зүгээс анхаарч ажиллах талаар санал гаргаж, байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ажлын хэсгийн гишүүд бүх газруудад ажиллаад, маш их мэдээлэлтэй байгаа. Ц.Сандаг-Очир гишүүний хэлсэн шиг эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ чадавх сул, хүний нөөц дутагдалтай нь харагдсан. Эрүүл мэндийн сайд хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох механизм зарим шатанд байхгүй, хэрэгжихгүй учир энэ чиглэлийн бүтэц зохион байгуулалтыг тодорхой болгох шаардлага байна. Үүнийг Байнгын хорооноос гарах тогтоолын төсөлд тусгана. Эмнэлгийн удирдлагын баг ямар байна, эмнэлгийн орчин нөхцөл яг тийм байна. ХӨСҮТ гэхэд л маш их санхүүжилт авдаг хэрнээ үр дүн гардаггүй. Зарим эмнэлгийн эмч нар хэн чанартай, их ажиллана, тэр хүн цалин сайн авна гэдэг шинэчлэл бодитоор хэрэгжихгүй байна, зөв хуулиа гаргасан юмуу гэж асуусан. Энэ бол гүйцэтгэлийн санхүүжилтийн зорилго, зорилтыг ойлгоогүй, зөв замаар хэрэгжүүлж чадахгүй байгаа эмнэлгийн удирдлага, менежерийн ажилтай холбоотой асуудал байсан. Чанартай сайн ажилласан эмч, эмнэлгийн ажилчин илүү цалин авах механизмыг бүрдүүлэх эрх зүйн орчин нь байна, харин энэ ажлыг сэтгэл зүрхээ зориулж хийх удирдлага хэрэгтэй. Байнгын хорооноос гарах тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахгүй бол хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг анхааруулж хэлье хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дараа нь ажлын хэсгээс боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг уншиж танилцуулснаар тогтоолын төсөлд нэмж оруулах саналаа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Батлут, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар гаргалаа. Ингэснээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулсан тус ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ц.Туваан, С.Чинзориг, Д.Өнөрболор, М.Оюунчимэг нарын гишүүд орж, шаардлагатай гэсэн бүх газруудад очиж ажиллахын зэрэгцээ уулзалтууд зохион байгуулж, идэвхтэй ажилласныг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

yb [192.82.65.248] 2021-10-19 10:49:02

baktsin hiilgesen munguu avyaa//// ymar humuusiih n mungu orohgui bn// baynzurh duuregiin eruul mendiin gazaraa////


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.