Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг улсын хэмжээнд хөгжүүлэн, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж буй. Улмаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийн материалыг тоон хэлбэрт шилжүүлж, нэгдсэн санд бүртгэж, албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болох зэрэг шинэчлэлийн ажил хийж байна. Тус ажлын хүрээнд шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, иргэдийн дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх үүднээс хөгжүүлэлт хийжээ. Мөн газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашиглан, үнэ төлбөргүй өөрсдөө хэвлэн авах боломжтой болсон.

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгаа зэрэг бичиг баримт дээр 8-10 гарын үсэг зурагддаг. Мөн захирамж гарснаас хойш газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг авахын тулд 10-14 хоног хүлээдэг, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастр үнэт цаасан дээр хэвлэгддэг байсан бол одоо интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан үнэ төлбөргүй, А4 хэмжээтэй цаасан дээр нэг минутын дотор хэвлэж авдаг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болжээ. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь Төлөвлөлтийн, газрын биржийн, Үнэлгээ, татвар, төлбөрийн, Кадастрын, Хаягийн, Мониторингийн гэсэн дэд системээс бүрдэнэ.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Мөн тус цахим системийг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бодлогын бусад бичиг баримттай уялдуулах шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцолж байв. Одоогийн байдлаар нийслэлийн бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг программд оруулаад байгаа гэнэ. Цаашид газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно. Программын ачаалал үүсэх учраас серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг ч онцоллоо. Хэлэлцсэн асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэхийг дэмжив

Үүний дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах талаар нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай хэлэлцлээ. Энэ хүрээнд нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт нийт 17 байршлын 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн юм. Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг байршлын 0.22 га, Сонгинохайрханд гурван байршлын 1.91 га, Сүхбаатарт таван байршлын 1.70 га, Хан-Уул дүүрэгт дөрвөн байршлын 6.04 га, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршлын 0.77 га газар байна. Энэ асуудалтай холбоотой Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт үүрэг болгов.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 91 байршлын 197.82 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ.

Улаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллаа

“Улаанбаатар чуулга” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар театр болгох асуудлын хүрээнд театрын дүрмийн төслийг батлах тухай танилцуулав. Дүрмийг долоон бүлэгтэй байхаар төлөвлөжээ. Нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл, хоёрдугаар бүлэгт театрын үндсэн үүргийг заасан байна. Гуравдугаар бүлэгт удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тусгасан бол дөрөвдүгээрт бүлэг санхүү болон материаллаг нөөцийн талаар дурджээ. Тавдугаар бүлэгт театрын эд хөрөнгийн эрхийн талаар, харин зургаадугаар бүлэгт хариуцлагын тухай зааж, театрын удирдлага ямар хариуцлага хүлээхийг тусгаж, долоодугаар зүйлд бусад зүйл буюу хууль зүйн бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар чуулгын статусыг өөрчилж, Улаанбаатар театрын дүрмийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барихаар тогтов.

Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна

“Ковид-19 цар тахлын эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн байсан бол өнөөдрийн байдлаар 19 мянган хүн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нэн хүнд болон хүнд хүний тоо буурахгүй, орны эргэлт удаан байгааг хэлж байлаа.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сард суурин 120 цэг, явуулын 40 цэгээр өдөрт 15-22 мянган хүнийг вакцинд хамруулж байсан. 34 дэх долоо хоногоос нэмэлт тунгийн дархлаажуулалтын идэвх нэмэгдсэн бол аажмаар энэ идэвх буурч, өнгөрсөн буюу 42 дахь долоо хоногт өдөрт 1100 гаруй хүн нэмэлт тунд хамрагдаж байна. Түүнчлэн сэргээн засах, тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдийн I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна. Улирлын томуугийн вакциныг аравдугаар сард хийдэг байсан бол энэ жил есдүгээр сард хийсэн. 2-11 насны хүүхдүүдийг 99 хувь, жирэмсэн эхчүүдийг 96 хувьтай томуугийн вакцинд хамруулжээ.

150 резидэнт эмчийг шинээр хуваарилж, сургалтад хамруулж эхэлсэн байна. Өрхийн эмнэлгүүдэд камер байрлуулж, Шуурхай штабын нэгдсэн удирдлагын системтэй холбож, ачааллыг хянаж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх, голомтын болон маршрутын халдваргүйтгэлийг байнга хийж байгааг онцоллоо. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх тохиолдол буурч байгаа олон улсын жишгийг энэ үеэр зөвлөлийн гишүүд онцолж байлаа.

Сайжруулсан шахмал түлшний 62 мянган тонны нөөц бий

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа аж. Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлж байлаа.

Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.