Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Aдмин / Хууль

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 97 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.


Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!
Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ!
Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндийг хүргэе!
Манай Улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Үндсэн хуульд заасан ёсоор “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэн дэх онцгой үйл явдал болсон юм.
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар тогтнолын үнэ цэнэтэй үйл хэрэг болсон бөгөөд орчин цагийн Монгол Улсын төрийн байгуулалтын гол хэлбэр болох бүгд найрамдах засаг буюу ардчилсан ёсны зарчмын үндсэн дээр, сонгуулийн журмаар засгийн бүх эрх нэгээс нөгөөд шилждэг зохион байгуулалтыг тунхагласан юм. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулиа боловсруулахын тулд монголчууд бид хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг хийж, Ази тивдээ анхдагч бичмэл Үндсэн хуулийг баталж, дэлхий дахины үндсэн хуульт ёсны нэн шинэ түүхийг бүтээлцсэн юм.
Үндсэн хуулиараа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж “…улсын дээд эрхийг жинхэнэ ардад… эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхаглан баталгаажуулсныг бид ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа залгамжлан хэрэгжүүлсээр байна.
Зургаан бүлэг, 50 зүйлтэй Анхдугаар Үндсэн хуулиар тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмнийхээ өмч болгож, бүгд найрамдах засгийн үндэс болсон сонгох, сонгогдох эрх, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах эрх, шашин шүтэх, хэвлэн нийтлэх эрх болон иргэдийг тэгш эрхээр хангасан бөгөөд өнөөгийн ардчилсан монгол орны үндэс, манай улсын орчин үеийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан гэж судлаачид дүгнэдэг юм.
Иймд энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр мөн билээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Энэ жил манай улсын хувьд орчин цагийн байгууллагууд үүсэж, түүхэн үйл явдал өрнөсөн олон тэгш ой давхацсан жил тохиож байна. Үүнд: Монгол тулгар төр байгуулагдсны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсны 815 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, ардын хувьсгалын 100 жилийн ой төдийгүй 1946 оны 10-р сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар эрх чөлөөгөө баталгаажуулсаны 75 жилийн ой, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тус тус тохиож буйг энд онцлон дурдахад таатай байна.
Манай улсын ард иргэд ээ!
Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй орших учиртай. Монголчууд эе эвдэрч, ноёд түшмэдүүд хувийн сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэйг бид мартах учиргүй. Амнаас гарсан үгийг буцааж болдоггүйтэй адил, сэрэмж алдсан тусгаар тогтнолыг эгүүлэн авахад нэн бэрхшээлтэйг санаж явцгаая. Үүний тул ард нийтээр эрүүл энх байж, эх орноо улам сайн сайхан болгох эерэг бодол, өрнүүн итгэлтэй байх нь чухал байна.
Өнөөдөр, цар тахлын халдвартай байгаа ч хамтын хүч, иргэн бүрийн хичээл зүтгэл, эх оронч сэтгэлгээгээр тахалтай тэмцэж, эрүүл энх цагийг авчрах хугацааг наашлуулж чадна гэдэгт улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэлтэй байна.
Миний Монголын ард иргэдээ!
Бид бүхний нүдний цөцгий мэт хайрлах ёстой үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Энэ бүхний тулгуур үндэстний баялаг, сүр хүч нь үзэл санаа, итгэл найдвартаа оршдог бөгөөд Үндсэн хуулиараа бид энэхүү эрхэмлэх ёстой үнэт зүйлээ баталгаажуулдаг.
Цаг хугацааны нэг ээдрээтэй түүхийн нугачаанд хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс болгон, дэлхий дахинд зарлан тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Хэдийгээр хүн төрөлхтний өмнө тулгараад буй цар тахлын амаргүй цаг хугацаа тохиож буй ч энэхүү түүхэн өдрийг монгол хүн бүр өвөг дээдсийнхээ холч мэргэн ухаан, улс орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, ёс уламжлалаа сэтгэл зүрхэндээ эрхэмлэн дээдэлж бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх биз ээ.
Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь нь босоо байж
Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!


Сэтгэгдэл

Дорж [202.126.88.45] 2021-11-26 16:29:25

Тэтгэврээ хурдан.нэмээч.ахмадууд хэцүү амьдарч байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.