Н.Энхбаяр: Ковидын дараах эдийн засгийн сэргэлт ирэх намраас л эхэлнэ
Стратеги, судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны секторын эрхлэгч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Ирэх онд дэлхийн эдийн засагт ковидын үзүүлэх нөлөө ямархуу байх бол?
-Оны эхэнд нэлээд өөдрөг төсөөлөл гарсан юм. ОУВСөнөө жилийн нэгдүгээр сард ковидын дараах сэргэлт болно гэж байсан ч өнгөрсөн долоо болон аравдугаар сард өмнөх төсөөллөө бууруулчихсан. Ганц ОУВСбиш ч олон байгууллага төсөөллөө буурууллаа. Нэгдүгээрт ковид үргэлжлэх нь, хоёрдугаарт вакцинжуулалт удах нь гэцгээж байна.
Америк, Зүүн Европт тархалт хэвээрээ, ОХУ-ын иргэд вакциндаа итгэхгүй байна. Саяхан Путин “Би ойрын хүрээний хүмүүс рүүгээ залгаж вакцинаа хийлгэсэн эсэхийг лавлалаа, харзнаж суугаа, таныг хийлгэхээр хийлгэнэ гэсэн хүн олон таарлаа. Боловсролтой хүмүүсийг ингэж хэлнэ гэж бодоогүй шүү” хэмээн гайхан ярьсан байсан л даа. Манай улсын тухайд ковидын тархалтын хувьд сая хүнд ногдох тоогоороо Азидаа эхний тавд яваа тухай та сонссон байх.
-“Спутник” гэснээс ОХУ-ын вакциныг ДЭМБ өнөө хүртэл бүртгэж аваагүй байгаа. Суурь шалтгаан нь юундаа байдаг юм бол?
-Вакцин хийсэн технологийг дөрөв хуваасан. ОХУ, Хятадын вакцин хоёулаа уламжлалт аргынх. Хятадын тухайд сулруулсан вирус хэрэглэж байгаа. ОХУидэвхгүйжүүлснийг нь хэрэглэсэн. Ийм аргаар вакцин хийхэд хялбар ч гэлээ вирусийн дараа дараагийн хувилбар нь гараад ирэхээр илүү найдвартай биш болоод явчихаж байгаа юм. Харин Америкийн хоёр вакцин өөр аргаар бүтээгдсэн. Мессенжер суурьтай вакцин. Тодруулж хэлбэл, компьютер дээр загварчлаад хийчихсэн. Вирус огт ашиглаагүй. Хүний дархлааны эсэн дээр ковидын вирус очоод сууж дархлааг нь эвдэн өвчлүүлээд байгаа. Яг тэр суудаг хэсэгт нь зохиомол хромсомын эс суулгачихсан. Өөрөөр хэлбэл, ковидын вирус суух газрыг нь бөглөчихөж байна гэсэн үг.
-Тэгэхээр ковидын дараа дараагийн хувилбар, ирээдүйд тархаж мэдэх эрсдэлтэй вирусүүд дээр мессенжэр суурьтай вакцин л илүү хэрэг, тусаа өгөх нь ээ?
-Ер нь тэгнэ.
-Та түрүүн вакцинжуулалт дэлхий даяараа удаашралтай байгаа тухай ярилаа. Улс орнуудын вакцинжуулалт хэзээ дуусах талаар судалгаа байна уу?
-Нэлээд хэдэн судалгаа харсан. Улс орнууд вакцинжуулалтаа хэзээ дуусгах талаар үе шаттайгаар гаргасан судалгаанууд байна.
Хамгийн түрүүнд өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Зүүн, баруун Европ, Япон зэрэг улсын вакцинжуулалт 80, 90 хувьдаа хүрнэ, тэр хугацаа нь ирэх оны нэг, хоёрдугаар улиралд гэсэн тооцоо гарсан байна лээ. Хөгжиж байгаа болон хөрөнгө мөнгөний бололцоотой улсууд ирэх ондоо багтаж вакцинжуулалтаа шийднэ, мөнгөгүй, анагаахын салбар нь сул гэсэн асуудалтай орнуудын хувьд 2023 он дуустал вакцинжуулалтаа шийдэж чадахгүй гэж байна. Тодруулж хэлбэл, Латин Америк, Африкийн орнууд. Вакцинжуулалтаас гадна ханган нийлүүлэлтийн сүлжээ гэж том асуудал бий. Иймдээ тулна гэж хэн ч төсөөлөөгүй. Ханган нийлүүлэлтийн сүлжээ нь доголдоогүй улс гэж байхгүй болчихлоо. Ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдож контейнер бөөгнөрөөд ирэнгүүт контейнерын хүрэлцээ эрс муудсан. Үүнийгээ дагаад контейнер хийдэг төмөр ялтас, хавтангуудынх нь үнэ нэмэгдсэн. Ачаа бараа түгжрэнгүүт тээвэрлэх өртөг нь өсчихсөн. Ингээд харахаар 2022 оны эхний хагаст эдийн засагт сэргэлт гарах ямар ч найдвар алга.
-Тэгэхээр ирэх жилийн намраас эхний сэргэлтүүд дэлхийн эдийн засагт ажиглагдаж эхэлнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Гэхдээ ирэх оны гуравдугаар улиралд өндөр хөгжилтэй орнуудын хувьд сэргэлт ажиглагдаж эхэлнэ. Түрүүн хэлсэнчлэн Япон, баруун Европ, хойд Америк “Бид ковидыг давлаа” гэсэн мэдэгдэл хийх болов уу. Хятад, Энэтхэг гэх мэт олон сая хүнтэй улсын тухайд ирэх оны эцэс, 2023 оны эхээр ковидыг давлаа гэсэн мэдээ сонсгох байх. Латин Америк, Африкийн улсууд яагаад ч болоогүй гэж байгаа.
-Манай хувьд хэзээнээс сэргэлт ажиглагдах вэ?
-Худалдаа, эдийн засгийн хувьд манайд нөлөөлөх улс бол урд хөрш. БНХАУ гайгүй бол манай худалдаа хэвийн болно. Ингээд харахаар ирэх оны гуравдугаар улиралд байдал наашлах болов уу гэж бодож байна. Манай улсын тухайд төсвийн алдагдал их гэсэн зовлон байна. Өр гэхэд л ДНБ-д эзлэх хэмжээгээрээ 240 хувь болчихсон яваа. Манайх зөвхөн Засгийн газрын өрөө яриад байгаа болохоос бодит байдал дээрээ ийм өндөр тоо яригдаж байгаа. Экспорт идэвхжиж, том төслүүд ашиглалтад орж байж л энэ бүх асуудал шийдэгдэнэ. Харамсалтай нь ойрын жилүүдэд ашиглалтад орох мега төсөл алга. 2024 он хүртэл экспортыг нэмэгдүүлэх ямар ч төсөл байхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд л 2025 онд ашиглалтад орно гэж байгаа. Оюу толгой дээр сонгууль болтол нааштай шийдэл гарахгүй байх өндөр магадлалтай, тэгвэл 2025 оноос наана гэгээтэй зүйл ажиглагдахгүй гэсэн үг. Энэ онд экспорт дээр биет хэмжээ огт өсөөгүй. Нүүрс гээд ярихад л 16 сая тонн хүрвэл их юм болчихлоо. Ирэх оны эхний хоёр сард нүүрс маш бага гарах эрсдэлтэй. Тээвэрлэлтийн ачааллаа тооцвол ирэх жил өөдрөгөөр бодоход 20-25 сая тонн нүүрс л экспортолж магадгүй. Өнөө жилийн хувьд ковидын дараа бага зэрэг сэргэлт ажиглагдсанаас үүдэж төмрийн хүдэр, тэр дундаа зэсийн үнэ дажгүй байлаа. Оны эхний арван сарын байдлыг харахад экспорт 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь зэсийн баяжмал, төмрийн хүдрийн үнийн өсөлттэй холбоотой.
-Эрдсийн үнэ өнөө жилийнх шиг өсөлттэй байх болов уу, ирэх онд?
-Үнэ өсөх магадлал бараг байхгүй. Зэсийн үнэ л энэ түвшиндээ байж мэдэх юм. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг өсгөж чадахгүй бол экспортын орлого хэцүүднэ. Төлбөрийн тэнцэл алдагдчихаар ханшдаа нөлөөлнө. Өмнөх жилүүдэд хуримтлуулсан бүхнээ тараагаад дуусгачихсан шүү дээ. Ийм таагүй нөхцөлд төсвийн зарлагаа танах учиртай. Харамсалтай нь тэгсэнгүй.
-Төсөвт өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалттай өгөөж, ашиггүй төслүүд их тусаад байгаагийн гол шалтгаан нь юундаа байна. Сүүлд гэхэд бурханы хөшөөнд гучаад тэрбум төсөвлөсөн нь ил болж шуугиан дэгдээлээ.УИХ хянаж чадахгүйд хамаг учир байна уу?
-Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын төслийг дэмжих журмыг Засгийн газар батлах учиртай. Гэтэл өнөөдөр Сангийн сайдын хэдэн жилийн өмнө баталсан журмыг мөрдөөд явж байгаа. Товчхондоо одоо мөрдөж буй энэ журам хуульд заасан журам биш. УИХ-ын хяналт алга гэдэгтэй санал нэг байна. Хэлэлцээд баталчихсан хойно нь элдэв асуудал гарч ирж байна. Сангийн яамнаас дээшээгээ макро эдийн засгийн хөрөнгө оруулалтаа ойлгодог бүтэц алга л даа. Хүн нь ч, чадавх нь ч алга. 2007, 2008 он хүртэл уул уурхайн салбараас хамаарал бага байхад Сангийн яамны мэргэжилтнүүд боловсруулаад, боловсруулсан төслөө хариуцаад явж болоод байсан юм. Гэтэл өнөөдрийн байдал тэр үеийнхээс өөрчлөгдсөн. Түүхий эдийн үнэ өсч байна. Төсвийн орлогын 30 хувийг эзэлдэг болчихсон. Үүнийг дагасан сонирхлууд маш их болсон. Тэгээд дээр нь манай сонгуулийн тогтолцоо ямар билээ. Ийм үед Сангийн яамнаас гаргасан төслийг Засгийн газар, УИХ-ын түвшинд хянахгүй бол яадгийн тод жишээ болсон кейсүүд их дуулдаж байна. Тэр асуудлуудын нэг нь таны асуугаад байгаа бурханы хөшөө.
-Аргаа барсан асуулт л даа. УИХ-ын гишүүд нь тойргийнхоо худаг, улаан булангийн мөнгөнд санаа зовохоос хэтэрдэггүй ийм орчинд ядаж л Засгийн газар нь хуулийнхаа дагуу төсвөө нарийн хянаж нягтлаад хэлэлцүүлэгт оруулбал элдэв “но”-той хөрөнгө оруулалтын төслүүдэд өчнөөн тэрбум төгрөг хийсэхгүй байх боломжтой доо, тийм ээ?
-Санал нэг байна. Яг өнөөгийн бодит байдал гэвэл Засгийн газарт төсвийн хууль ороод ирэхээр сайд нар салбарынхаа хөрөнгө оруулалтуудыг харж, тэр хүрээндээ асуулт тавина, асуултуудад нь Сангийн яам хариулт өгнө. Тэгсхийгээд болчихдог гэхэд хэтрүүлэг болохгүй л дээ.
-Ковидын үед ямар бодлого баривал гал алдахгүй аж төрөх боломж байна вэ, бидэнд?
-Ийм савлагаатай нөхцөлд төсөв, мөнгөний бодлого эдийн засгийн бүтцийг засч чадахгүй байна. Энэ жил утаатай байсан ч, үгүй ч утаатай тэмцдэг албаны хүмүүс цалингаа аваад яваа. Ганц утаан дээр ч биш, хаа сайгүй ийм байгаа. Өнөө жилдээ ийм шалтгаанаар энэ газрын зардлаа таная гэх мэтээр бүтцийн асуудлыг огт ярихгүй байгаа. Бусад улсын хувьд бүтцийн өөрчлөлтийн бодлого гэж гаргаад хэрэгжүүлдэг. Тухайлбал, нүүрсний экспортоо нэмэгдүүлье гэвэл төмөр зам хэрэгтэй гэдгийг одоо л ойлгож байх жишээний. Зүй нь тэр асуудлыг урьдчилж хараад шийдчихсэн явах учиртай. Ийм бодлого огт алга. Алсыг харсан энэ мэт бодлогыг төсвөөсөө өмнө гаргаад, жил жилийн төсөвтөө тэр бодлогын хүрээнд хийгдэх ажлаа тусгаад явах ёстой. Ямар ч бодлогогүй учраас их мөнгө орж ирэнгүүт юунд ч хамаагүй зарчихаад байна л даа.
-Ирэх жилийн хамгийн том эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Хоёр зүйл бий. Эхнийх нь нүүрсний экспорт. Төсөвт төсөөлсөн шиг хэмжээний нүүрс экспортлох боломжгүй. Оны эхний хагаст экспорт байнга тасардаг. Ирэх жилийн хувьд Хятад улс олимп гээд хилээ хаачихвал бүр хэцүү нөхцөл үүснэ. Ялангуяа нэгдүгээр улиралд бараг хасахтай ч гарч магадгүй. ДНБ хоёр салбарт бууралттай гарсан. Аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарт. Хөдөө аж ахуйн салбарын тухайд оны эхний есөн сарын байдлаар бууралттай гарсан. Өндөр хөгжилтэй орнууд, суурин соёл иргэншилтэй газруудад фермерийн аж ахуйнхаа гаргаж байгаа бүтээгдэхүүнээр тооцдог бол манайд тэгдэггүй. Малын тоо, насаар үнэлж байгаад боддог. Өнгөрсөн оны тооллогоор 71-67 сая болж буурсан. Энэ онд 2.4 сая толгой мал хорогдсон учраас бууралт гарсан юм. Мал ингэж хорогдоод эхлэхээр сүргийн бүтэц нь алдагддаг. Төллөх малын тоо нь цөөрнө. Сүргийн бүтэц нэг алдагдчихаараа ойрын хугацаанд буцаж сэргэдэггүй онцлогтой. Фермерийн аж ахуй биш, байгалийнхаа жамаар яваа учраас. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар ирэх оны эхний хагаст дахиад бууралттай гарна. Өөр нэг эрсдэл бий. Ирэх хаврын тэргүүн сар цаг агаарын хувьд хүнд байгаа. Малын хорогдол гурван сая гарах байх. Тэгэхээр ирэх жил зөвхөн уул уурхайн салбарт л найдахаар байна. Хилийн элдэв саад багасч, автомашины урсгал гайгүй боллоо гэж бодоход ирэх оны гурав, дөрөвдүгээр улиралд л багахан өсөлт гарна. Дөрөв, тав орчим хувьд л яригдах болов уу. Өнөө жилийн өсөлтөд нэг онцлог байгаа. 2020 оны бууралтын дараах өсөлт гэдгийг мартаж болохгүй. Ганц шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Гэтэл одоо өссөний дараах өсөлтийн тухай ярьж байгаа. Өссөний дараах таван хувийн өсөлт гэдэг бол их чанга тоо. Өсөлтийг тэлэх потенциал уул уурхайгаас өөр байна уу гэхээр алга. Шинэ төсөл байхгүй тухай та бид хоёр өмнө нь ярьсан болохоор давтаад яахав.
-Төв банкнаас элдэв хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор эдийн засагт их мөнгө хийе гэсэн шийдвэр гаргаж мэдэх л юм, Засгийн газар...?
-Тийм шийдэл байж болох юм. Гэхдээ ийм шийдэл гаргаад хэрэгжүүлбэл аюултай, эдийн засгаа бүр хэцүүдүүлчих эрсдэлтэй.
ӨДРИЙН СОНИН Цэцэгмаагийн БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл
иргэн [139.5.219.191] 2021-12-03 08:29:09
Дандаа худалаа гоншигноод л бх юм .Цалин хөлс Тэтгэвэр нэм байжс эргэлтэнд орно биздээ.Хүмүүс худалдан авах чадвар хүрэхгүй ийм байхад дээд хэдэн луйварчидаа пялдагнаад суугаад байх юм.даа хөөрхий.!!!!!!!!!Хөгжихгүйгээр тамнар 2 талын Улсаас айгаад байх юм Яг юу хийсэнвэ та нар хэлээч!!!!!!!!
bb [66.181.184.28] 2021-12-03 07:04:56
Энэ хүн олон жил эдийн засгийн зөвлөх хийсэн Монгол орон тэглээ гээд дээшлээгүй, одоо болно
Зочин [103.80.210.183] 2021-12-03 09:17:20
тийм л дээ. арьсыг нь өвчөөд шонд дэлгэж хатаагаад ил өлгө
Бодит үнэн [202.126.88.34] 2021-12-03 06:24:58
Дэлхий тэр чигтээ ковидод бариулж санаанд оромгүй шинэ хувилбарууд гарч ирээд байхад Н.Энхбаяр далдыг хардаг болсон юм уу? Хэрэв үнэн бол сайн л бна. Энэ Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлыг харахад 2024 оны намраас нааш гэгээ харагдахгүй л байна даа, бодит үнэн ийм л байна.
Кса [202.126.88.189] 2021-12-03 06:03:55
Мундаг сайн эдийн засагч хүн. Харин хэтэрхий даруу, ноомой, попорч орилдоггүй хүн учраас бодлого гаргагчид тоодоггүй байх.
Зочин [103.212.119.140] 2021-12-03 05:32:54
ЭНЭ ХҮН САНГИЙН ЯАМАНД, БАС ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ ГЭЭД ОЛОН ЖИЛ БУГ БОЛСОН. ЮУ Ч БҮТЭЭГЭЭГҮЙ. ХЭН Ч СТАТИСТИК ХАРААД ИНГЭЖ ДОНГОСЧ ЧАДНА. БҮҮ ТОО, ГАРГАЛГАА ХЭЛЭЭГҮЙ БОЛОХООР БАЙГАА ЗҮЙЛ УЛИГЛАХАА БОЛЬ
Зочин [66.181.161.3] 2021-12-03 05:06:56
Энэ эдийн засагчийг эдийн засагч хүний хувиар харахад манайдаал нэлээд дээгүүрт тооцогдох эдийн засагч гэж ойлгодог.Ер нь үг нь үнэнд ойрхон,гарц гаргалгаатай,СЭЗДС-ийн нөгөө Дэлгэр хэн билээ түүнийг бодоход тэгж ерөнхий бөөрөнхий юм ярьдаггүй залуу гэж харагддаг.Давгүй эдийн засагчид байна аа байна Ганзориг,Ангараг,Ганхуяг гм тэднийхээ үгийг даанч сонсдоггүйн харамсалтай.
зочин [122.201.19.99] 2021-12-03 04:28:58
МАНГаруудын гар хөл болж ингэж худлаа шаахаа болио