Шатахууны хамаарал ба Монголын эдийн засаг
ШАТАХУУНЫ ХАМААРАЛ БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
Импортын эдийн засагтай Монгол орны хүн ам, өрхийн төсөвт гадаад зах зээл, хил, тээврийн гацаа шууд дарамт үзүүлж буй. Өрхийн өргөн хэрэглээний 370 гаруй бүтээгдэхүүний 200 орчмыг гаднаас импортлодог нь эдийн засгийн сул тал юм. Нэгэнт дэлхий даяар өссөн бензин, хүнс зэрэг бүтээгдэхүүний үнийг Монголбанк ч Засгийн газар ч зогсоох аргагүй нь ойлгомжтой.
“ШАТАХУУН БОЛ БҮХ ЮМНЫ СУУРЬ”
Өглөө бүр иддэг талх, уудаг сүү, шардаг өндөг үйлдвэрээсээ машинаар гарна. Машин бөөний төвд хүргэнэ. Бөөнийхөөс жижиглэнгийнхэн бас л машинаар бараагаа татна. Энэ мэтээр бидний гар дээр ирэх бүтээгдэхүүний өртөгт тээврийн зардал шингэдэг. Өрх гэрийн хэрэглэгчид эцсийн үнийг төлдөг. Гэтэл өрхийн орлого нь 4 хувиар буурч хүнсний бүтээгдэхүүний үнэ 10-с дээш хувиар өссөн байна.
ААН аль салбарт үйл ажиллагаа явуулдаг нь их чухал. Салбаруудын завсрын хэрэглээнд шатахуун дараах хувийг эзэлдэг(ERI).
• Хуурай болон усан замын тээвэр 52%
• Шуудангийн үйлчилгээ 43%
• Агуулахын үйлчилгээ 39%
• Уул уурхайн туслах үйлчилгээ 34%
• Агаарын тээвэр 26%
Шатахууны үнэ эдийн засаг дахь бүх юмны суурь. Өнөөдөр 6.6 хувьтай инфляцын 0.5 нэгж хувийг шатахуун дангаараа бүрдүүлж бусад барааны үнэд нөлөөлдөг. Дээс томж найзыгаа авардаг шоргоолжны үлгэр шиг шатахууны үнэ маш олон бүтээгдэхүүний өртөгт нөлөөлнө.
“Орон нутаг дахь шатахууны өсөлтөд хяналт тавихгүй байна”
АИ92 шатахууны үнэ 3000 төгрөг хүрсэн гэх мэдээлэл Ховд аймагт гарчээ. Ховд хэчнээн хол ч өсөлт тухайн бүсэд оршин суугаа иргэдэд багагүй хүндрэл үүсгэнэ. Өнгөрсөн хугацаанд алслагдсан Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан зэрэг аймагт шатахууны үнэ ямар ч хамжаарга, хязгааргүй өссөн аж. Увс аймагт гэхэд А80 бензиний дундаж үнэ 2700 төгрөг хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 78.5 хувиар, А92 бензиний дундаж үнэ 2730 төгрөг байгаа нь өмнөх оныхоос 69.2 хувиар тус тус, дизель түлш 2850 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 46.2 хувиар нэмэгджээ. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч хоёр дахин өссөн талаар иргэд мэдээллээ. Энэ талаар бид Увс аймгийн Улаангом хотын иргэн У.Цэен-Ойдовтой холбогдоход “Манай аймагт шатахууны үнийн өсөлт хэрээс хэтэрлээ. Одоо 3000-д хүрэхэд ойрхон байна. Он гарснаас хойш хоёр, гурван ч удаа нэмсэн. Шатахууны үнээ нэмлээ гэхээр “Алдагдлаа нөхөх гээд ажиллаж байна. Авбал ав, байвал бай” гэдэг. Аймгийн захиргаа, ЗДТГ оролцдоггүй. Төрөөс шатахууны үнийг чөлөөлсөн гэх нэрийдлээр ААН-үүд дураараа дургиж байна. Хяналт тавьж, хариуцлага тооцдог болох хэрэгтэй ” гэсэн юм.
Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдал Монголыг бүхэлд нь хөдөлгөж, зогсоож, бухимдуулж, үнийн дарамтад оруулж, инфляцийг тэнгэрт гаргаж чаддаг. Энэ бол хараат байдлын хууль л үйлчилсэн хэрэг. Үнийг чөлөөт зах зээлийн жамаар бус хууль журмаар тогтоох нь маш буруу гэж эдийн засагчид үздэг. Бараа үйлчилгээний үнэ хамгийн оновчтой тогтох хөрс нь чөлөөт зах зээл юм. Үнэ чөлөөлснөөр нөөц хангамжийн асуудлыг импортлогчид өөрсдөө хариуцна. Тэд хүртэж буй ашгийнхаа хариуцлагыг өөрсдөө үүрэх хэрэгтэй болдог. Төр үнэ хязгаарлалтад оролцох нь эдийн засаг хямруулахад хүргэж байна гэх шүүмжлэл ч дагуулдаг.
Ер нь үнэ тогтворжуулан барих төрийн бодлого нь эцэстээ төр өөрөө өртэй, сандаа мөнгөгүй болоход хүргэдэг аюултай. Одоо шатахуун импортлогчид нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр дээшээ багахан хөдөлбөл үнээ нэмээд, доод түвшиндээ очсон ч өссөн үнээрээ хэрэглэгчдэдээ хатуурхан ханддаг саар зангаа хадгалахгүй байх гэж найдна.
Шатахууны үнийн хямралаас гарах арга замууд
1. Бензиний үнийн нэмэгдлийг дагаж гол нэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг тогтлоо. Заримдаа бүр ганц зах зээлээс хараат байдлыг ашиглаж шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж дотооддоо бензиний жижиглэнгийн үнийг нэмж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Хараат байдлаас гарах арга нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих гэж эдийн засагч, судлаачид хэлдэг.
2. Шатахууны үнийг төр байнга зохицуулдаг. Дэлхийн зах зээл дээр болон ОХУ-д шатахууны үнэ өсөхөд төрийн зүгээс татвараа бууруулахад татвараа нэмэгдүүлдэг. Эдийн засгийн нөхцөл байдал сайн биш учраас чөлөөт үнийн нөхцөлд шилжих боломжгүй.
3. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, тус зөвлөлөөс гаргах шийдвэрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх
4. Газрын тосны хангамж, үнийн хяналт, зохицуулалтыг тодорхой болгох,
5. Салбарын яам, агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оролцоо, эрх үүргийг тодорхой болгох,
6. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
7. Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, импортын тусгай зөвшөөрлийг нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээдэд олгохгүй байхаар зохицуулалах
8. Монгол Улсад импортолж жижиглэнгээр борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандартад тавих хяналтын тогтолцоог сайжруулахын тулд төрийн итгэмжлэгдсэн лаборатори яаралтай байгуулж, ажиллуулах.
" Ардчилал" сонин
Сэтгэгдэл