Судлаач Ганаа: МАН-ын зовлонт гацаа
Өмнөх өгүүлэлд манай гадаад байдал, түүний хандлагын тухай товч өгүүлсэн. Одоо дотоод байдлын тухай тоймлож байна. Тэгээд ч “дотор” нь байсан хэрнээ манай дотоодод яг юу болоод байгааг бүхэлд нь мэдэх хүн цөөхөн байна. Голдуу л нэг үзэгдлээс нөгөө үзэгдэлд үсэрч шилжсэн өнгөц дүгнэлт, хараал зүхэл, уур хилэн голлож байна. Манай гадаад байдал хүндэрсэн, эдийн засгийн хямрал нүүрлэсэн, УИХ-ын сонгууль ойртсон зэргээс шалтгаалж Монголын улс төр-эдийн засгийн байдал нэн түвэгтэй болж, улс төрийн эмх замбараагүй өрсөлдөөн гаарч, дампуурал нүүрлэж байна…
Шийдэх боломжгүй зовлонт гацаа…
Гадаад мэдээгээр ч, дотоод мэдээгээр ч, бодит байдал дээрээ ч манай эдийн засаг уналтын байдалд ороод байна. Үүнийг тоо, баримтаар батлах шаардлагагүй. Зүгээр л эрх баригчдын удаа дараа хэлсэн үгс, “арвилан хэмнэцгээе” гэсэн уриаг санахад л хангалттай. Үнэхээр ч эдийн засгийн байдал туйлын хүнд байна. Тэгээд яахав ?!
Мэдээж Засгийн Газар арга хэмжээ авах ёстой. Авч ч байна. ЗГ-ын авч буй буй арга хэмжээг бүхэлд нь буруу гэж үзэж болохгүй. Ингэмэгц л намайг ЗГ-ыг магтлаа, долигнолоо гэж загнах нь мэдээж. Засгийн Газрын авч буй арга хэмжээнүүд нь “Хямралаас хэрхэн гарах” тухай Барууны сурах бичгүүдэд байдаг стандарт зүйлс юм. Энэ нь нэг талаар манай төр засаг, түүний зөвлөхүүд сурах бичгийн хэмжээнээс илүү гараагүйг харуулна. Нөгөө талаар сурах бичигт дурдсан арга хэмжээг хэвийн, эрүүл төрийн болон эдийн засгийн систем байгаа тохиолдолд хэрэглэж болдог. Гэтэл манайх шиг эрүүл бус, гажигтай, ёроолгүй сав шиг гоождог, гоожуулдаг антисистемтэй тохиолдолд ямар ч сайхан арга хэмжээ үр дүнд хүрэхгүй ба нэлээд тохиолдолд урвуугаар хортой үр дүн үзүүлэх нь ч бий. Манайд яг ийм урвуу үзэгдэл болж байна. Хамгийн гол нь манайд эдийн засгийн удирдлага алдагдаж, түүний механизм бүрэн эвдэрчээ. Өөрөөр хэлбэл системийн нуралт болж байна.
Энэ тохиолдолд төр засаг, ялангуяа ЗГ, УИХ юу хийхээ мэдэхгүй гацаж орхиод байна. Мэдээж хэрэг гацсан том жижиг олон зүйл, шалтгаан бий. Гэхдээ энд өгүүлэлд би хамгийн том 3 гацааг авч үзнэ:
Нэг. Улсын төсвийн гацаа
Хямралын үед улсын төсвийг хэмнэж, ирэх оны улсын төсвийг нэлээд татуу бөгөөд нэлээд чанга хийх нь зүй ёсны хэрэг юм. Энэ нь сурах бичигт байдаг л зүйл. Саяхан ЗГ төсвийн тодотгол хийх, арвилан хэмнэх гэж оролдов. Гэтэл УИХ үүнийг жадлан эсэргүүцэж, ердөө л хэдхэн “задгай мөнгө хэмнэв”. Яагаад ? УИХ мэдээ мэдрэлээ алдсан тэнэгүүд үү ? Үгүй л дээ, тэд хамгийн их “ухаантай”.
2024 онд УИХ-ын сонгуульд “амжилт” гаргахын тулд энэ жил болон 2023 онд ард түмэнд хамгийн их “бүтээн байгуулалт” хийх, “дээд зэргийн” нийгмийн халамж үзүүлэх, бэлэг тараах зэргээр мөнгө цацах ёстой. МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүд ард түмэндээ “хамгийн их хайртай” болдог үе нь 2023 болон 2024 оны эхний хагас юм. Түүнээс хойш галав юүлсэн ч хамаагүй, өөрсдөө идэж ууна…
Иймээс УИХ-ын гишүүд мөнгө хэмнэх тухай ЗГ-ын саналыг сонсохыг ч хүссэнгүй, харин өөдөөс нь жорлон мэтийн “бүтээн байгуулалт” ярьж эргүүтэв. УИХ нь ингэж балайрахаар чинь ЗГ, Л.Оюун-Эрдэнэ яаж ч чадахгүй юм.
Ямар ч эдийн засгийг бодит ба бодит бус гэсэн 2 том ай савд хуваадаг бөгөөд хямралын үед бодит эдийн засаг руу хөрөнгө оруулалт түлхүү хийж, харин бодит бус эдийн засагт арвич хямгач хандах ёстой. Хуучин хэллэгээр бол материаллаг үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, мөнгөө эргэлдүүлэх учиртай. Гэтэл энэ түгээмэл зүй тогтлыг манайд байнга зөрчиж ирсэн. Улсын төсөвт элдэв төрлийн контор, оффис, соёлын төвийн барилга “үй түмээр” нь суулгах ба энэ МАН сонгуулийн мөнгөө босгох нэг том суваг болдог. Энэ ч их амархан. Төсөвт суулгасны дагуу тендер зарлана, тэр тендерт МАН-ын компани гарцаагүй ялна. Ингээд “ялсан” компани МАН-д тендерийнхээ мөнгөнөөс сонгуулийн “хандив өргөнө”.
Энэ нь нэлээд тохиолдолд авсан төсвийн 50%-д хүрдэг. Энэ ч нэг их нууц юм биш, манайхан хэнэггүйдээ тоодоггүй болохоос…
Иймэрхүү “бүтээн байгуулалтын” үр дүнд халаалтын болон ашиглалтын зардал, наад зах нь цэвэрлэгч, манаач, жижүүр, эрхлэгчийн цалин гээд төсөвт учрах дарамт маш их нэмэгддэг. Мөнгөтэй бол хамаа алга, харин мөнгөгүй үед лай болохоос цаашгүй…
Ямар ч гэсэн ирэх 2023 оны улсын төсөв “элбэг баян”, “буян ихтэй” болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Яахав, ажил хариуцсанаараа ЗГ, Л.Оюун-Эрдэнэ хэмнэнэ, энэ тэр гэж ярих л байх. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ “ядуу тарчиг” төсөв оруулж ирвэл УИХ-д өөрөө “дүүжлүүлэх” нь гарцаагүй. Манай ард түмэн бэлэн юм авч идэхийн дон шүгэлсэн учраас “энэрэнгүй өглөгч” УИХ-ын талд орж, “хахир харамч” Л.Оюун-Эрдэнийг харааж зүхэх нь мэдээж. Үүнийг би “шийдэж болохгүй нөхцөл” гэж нэрлээд байгаа юм.
Хоёр. Хөгжлийн банкны гацаа
Манайд өмнө нь өчнөөн төчнөөн гэмт хэрэг илэрч байсан. Гэхдээ тэдгээр нь голдуу 1-2 хүн, их сайндаа 4-5 хүн холбогдож шуугиан тарьж байсан. Харин Хөгжлийн банкны хэрэг бол МАН, АН хоёр ээлжлэн, санаатайгаар, зориудын зохион байгуулалттайгаар, төрийн эрх мэдлийг ашиглан, олон жилийн турш бүлэглэн идэж, луйвардаж, дээрэмдсэн түүх учраас хамгийн том нь юм.
Хууль хяналтын байгууллагууд сайн ажиллаад илрүүлсэн юм юу ч байхгүй. Зүгээр л эдийн засгийн нөхцөл байдлын доройтлоос шалтгаалан хуучин хэвээрээ идэж ууж болохгүй болсон учраас ил болсон юм.
Гэтэл сүүлийн үед энэ хэрэг замхрах тийшээ хандав. Үүнд алдар нэр олох гэсэн сэтгүүлчид, улс төр сонирхогч хэнээтнүүд илчлэх нэртэй замхруулах ажилд ханцуй шамлан орж, хамаг юмыг бантан болгов. Яг үнэндээ бол хоосон орилохоос өөрийг үл мэдэх хэнээтнүүдийн хэнд ч тодорхой тоо баримт байхгүй. Харин эл асуудлыг эхлэн хөндсөн А.Баатархуяг, сэтгүүлч Н.Отгон, мөн мань мэтэд мэдээж эмх цэгцтэй дүгнэлт, тоо баримтууд байгаа. Гэвч бидний дутагдал бол чанга бөгөөд энд тэндгүй орилж чаддаггүйд байдаг.
Хэдэн сэтгүүлч, сайн дурынхан тэргүүлэн орилсоор байгаад эл асуудлыг “бүх нийтийн орилоон” болгон хувиргав. “Бүх нийтээрээ” орилсноор “бүх нийтийн тэнэглэл” бий болдог. Орилсоор байгаад ЖДҮ-г оргүй болгосон. Одоо “бүгдээрээ орилсны” үр дүнд: 1. Хөгжлийн банкны өрийг төр төлнө, өөрөөр хэлбэл ард түмэн төлнө. 2. Хөгжлийн банкны дээрэмд “сахал” хочит Д.Эрдэнэбилэг гэсэн ганц баагий буруутай. Өөр олон гэмт хэрэгтэн алга.
Харин Д.Эрдэнэбилэг бол Монголын төрийг Тагнуул, Цагдаатай нь атгасан мафи мөн гэсэн “дүгнэлтэд” хүрээд байна. Үүнийг Ц.Нямдорж хэлсэн. Энэ “дүгнэлт” ёсоор Ц.Нямдоржийн “төр”, МАН-ын “төр” хаагуур явж байсан нь огт тодорхойгүй…
Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдээ МАН ямар ч үнээр хамаагүй авч үлдэх гэж чармайж байна. УИХ-ын 4 гишүүнийг “авч үлдсэн” нь үүний тод нотолгоо болно.
Л.Оюун-Эрдэнийг: “Хөгжлийн банкны асуудлыг орхиод эдийн засаг, мөнгө санхүүгийн асуудлаа шийд” гэж ил далд шахаж байна. Гэвч ингэж шийдэх боломжгүй. Учир нь улсын мөнгө бөөн бөөнөөрөө гоождог Хөгжлийн банк мэтийн том том цоорхойг хаахгүйгээр эдийн засгийн ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл системийн шинэчлэл хийхгүйгээр бүтэх ажил ганц ч байхгүй.
Нөгөө талаас Хөгжлийн банкыг хэт ухаж байгаад МАН-д хор хүргэж УИХ-ын сонгуульд ялагдуулж болохгүй. Зүй нь Хөгжлийн банкны асуудал дээр буулт хийж болохгүй дээ. Хулгайч, дээрэмчдийг нармай дундуур нь дэлсэж байж зогсоодог болохоос буулт хийвэл тэд бүр давардаг.
Энд ч ямар ч шийдэл байхгүй, нэг үгээр бол хувь заяаны шоглоом юм даа. Үүнийг ч гэсэн бас л “шийдэж болохгүй нөхцөл” гэж нэрлэмээр байна…
Гурав. Үндсэн Хуулийн гацаа
Сүүлийн үед ҮХ-ийг өөрчлөх ганц нэг яриа гарч байснаа бүхэл бүтэн пиар компани болон өргөжив. УИХ-ын гишүүдийн тоог олон болгоно гэнэ, “цэвэр” парламентын засаглалтай болно гэнэ. Тэгээд одоо байгаа чинь “парламентын засаглал” биш юм уу ?! Энэ санааг анх удаа хэлж байгаа бол хамаа алга. Гэтэл дөнгөж сая гадаадаас “зөвлөлдөх ардчилал” гэж новшийн хог авчирч, “онолын” бүх үндэслэлийг гаргаж, “зөвлөлдөх ардчиллын тухай” гэсэн тусгай хууль баталж, тэр дагуу ҮХ-ийг хүчиндэж өөрчилсөн баагийнууд ахиад ярихаар чинь ямар ч хүний бөөлжис хутгана.
ҮХ-ийн өөрчлөлтийг дөнгөж саяхан 2019.11.14-нд сүр жавхлантай баталсан билээ. ҮХНӨ-ийг магтан дуулж, хийсэн хурал зөвлөлгөөн, эрдэм шинжилгээний хурал, ТВ, радио нэвтрүүлэг, шоуг тоолохын аргагүй, мөн “сайн сайхан”, “ирээдүйтэй”, “шинжлэх ухаанч”, “мөнхийн” ҮХ хийсэн гэж амнаасаа хөөс сахруулан магтаж байсан “эрдэмтэн мэргэдийг” одоо ч нэр нэрээр нь дурдаж болох байна.
3 жилийн насгүй ҮХ хийсэн энэ хүмүүст ичих нүүр гэж даанч алга. Одоо Та нар дахин ҮХ өөрчилнө гэж хуцаад үзээрэй. Та нар ичихгүй бол би ичихгүй. Би зүгээр л Та нарын “өчигдөрхөн” хэлж байсан ичиж үхмээр, нүүр халуу оргимоор тэнэг магтаал үгсийг чинь дахин олон нийтэд үзүүлнэ гэж сүрдүүлж байна. Дөнгөж саяхан: “ҮХ-ийг муулбал төрийн эсрэг гэмт хэрэг” гэж зарлаж байв даа…
Харин судлаач Л.Мөнх-Эрдэнэ, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга бид чадлынхаа хэрээр эсэргүүцсэн баримт, бичвэр хангалттай байгаа.
Үнэндээ бол МАН ганц хүний эсрэг буюу Х.Баттулгын эсрэг ҮХ хийсэн ба тэр нь одоо ажиллах чадвараа алдаж, гууль нь ил гарч, баригдаж байна…
Хэрэв МАН ҮХ дахин өөрчилнө гэж бодож байвал хамгийн түрүүнд Г.Занданшатар, Д.Лүндээжанцан хоёрыгоо “новшийн ҮХ хийсний” учир МАН-аасаа хөө, дараа нь хулгайгаар хүчиндэж хийсэн “Зөвлөлдөх ардчиллын тухай” балай хуулиа цуцал. Г.Занданшатар, Д.Лүндээжанцан 2-ыг ҮХ-иас “долоон уулын цаана” байлга…
Одоо бүр санаа амар, сонгууль болгоноор сонгуулийн хууль өөрчилдөг өвчин нь бүр гаарч сонгууль болгоноор ҮХ өөрчилдөг болох гэнэ. Гайгүй байлгүй, тийм дураараа юм ёстой байхгүй. Тэнэг тэнэг юм хийж бүх зүйлийг бантан болгочихоод түүнийгээ ҮХ-иас болсон гэж “тайлбарлах” нь тэнэг хүмүүсийн ажил.
Нөгөө талаас одоогийн ҮХ өөрчилбөл зохих зарчмын олон алдаатай гэдгийг дурдах нь шударга хэрэг болно. Гэхдээ энэ бол МАН болон өнөөгийн намуудын хийх, хийж чадах ажил огт биш…
МАН-ын сэхээтнүүд бүгдээрээ шахам “ҮХ судлаач”, “ҮХ-ийн нэвтэрхий мэргэжилтэн” гэж өөрийгөө үзэх төрөлх гэмээр өвчтэй. Үнэндээ бол тэдэнд мэддэг, чаддаг юм гэж огт байхгүй. Их л сайндаа “Харьцуулсан ҮХ судлал” сэдвээр ганц ном хальт үзээд солиороод явдгийг нь мэдэхгүй биш.
ҮХ-ийн үндэсний язгуур болон философи үндэслэлийг гаргаж томъёолоогүй байж, ҮХ биччихээд давхиад байгаа солиотуудыг огт тоохгүй байх хэрэгтэй. Энийг чаддаг мэддэг хүн Монголд цөөхөн…
ҮХ өөрчлөхийг системийн өөрчлөлт гэж эндүүрч дайрдаг тэнэг лаларууд монголоор дүүрэн. Эд бол улс төрийн оноо авах гэсэн зальт луйварчид. Учир нь системийн анализаар ганц ч юм бичиж үзээгүй, системийн судалгаа огт хийж байгаагүй, тэр байтугай системийн онолын ганц ч ном уншаагүй байж систем өөрчилнө гэж дайрах бол тэнэг хэрэг.
Системийн өөрчлөлт гэдэг бол төр, нийгмийн систем дотор тогтвортой, үр ашигтай ажиллах институтууд бүрдүүлэх, мэдлэг, мэргэжилтэй, тэргүүний дэвшилтэт боловсон хүчнийг төр намд шударгаар сонгон авч ажиллуулах шударга систем бий болгох явдал юм. Түүнчлэн системийн шинэчлэл бол: удирдлага, хяналт, сахилга бат, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог шинээр бүрдүүлнэ гэсэн хэрэг. Үүнийг “нэн ойлгомжтой” тайлбарлавал: нам төрд “хамгийн тэнэг”, “хамгийн залхуу”, “хамгийн луйварчдыг” сонгон авч ажиллуулдаг өнөөгийн жигшмээр практикийг хална гэсэн хэрэг.
Систем өөрчлөх гэж байгаа бол үгүй ядахдаа: 1. Өнөөгийн системд түүхэн, гүн ухааны, нийгмийн бүрэн анализ хийсэн байх ёстой. Гэхдээ өнөөгийн системийн алдаа дутагдлыг тоочих нь анализад үл хамаарна. 2. Эвдэж буй хуучин системийнхээ оронд байгуулах шинэ системийнхээ цөм санаа, зарчим, хэм хэмжээ, бүтэц, дэс дарааг үзүүлэх ёстой. Аль аль нь байхгүй бол системийн өөрчлөлт гэж ярьсны ч хэрэг байхгүй…
Энд дурдсан 3 том гацааг шийдэх арга зам, гарц байгаа. Энэ нь улс төрийн намуудыг, ялангуяа МАН-ыг бүхэлд нь өөрчлөх асуудал юм. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ одоо зориг гаргавал (!!!) энэ том үйлсийг эхлүүлж чадна, үгүй бол МАН-даа “идүүлдэг” л байх даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: http://ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.109] 2022-05-08 05:42:20
Судлаач маань их л зөв зүйл ярьж хэлж байна.Үнэхээр л системийн гажигийг арилгасан цагт л Монгол урагшлах биз. Сэтгүүлч ялангуяа эмэгтэй хүн гэхэд Отгон их л сүрхий идэж уусныг үнэнээр нь бичдэг баатархуяг,Уянга эд нарч бас л үнэнийг илчлэх гэж явдаг сэтгүүлчид эд нар Монголынхоо төлөө гэх зүрх сэтгэлтэй учраас л дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй хүмүүс. Монголд хэрэгтэй сэтгүүлчид.Харин тэр Өнөр хэнч билээ тэр сэтгүүлч бараг л хувийн өс хонзон өвөртөлсөн аястай юм бичээд түүний хойноос улайран тэмцэхийг түүндээ маш их алдаа дутагдал гаргадаг нэг нөхөр байх юм.Сүрхийл оновчтой сайхан нийтлэл бичжээ Ганхуягаа баяр хүргэе,амжилт.
БУРУУ ЦОЛМОН [103.57.92.194] 2022-05-08 14:17:52
ГАЖИГААН ЗАСАЖ БАЙНА ГЭЭД УЛАМ ГАЖИГТЭЙ БОЛГОХ САНААЛ ЯРИГДААД БАЙХ ЮМ, УГ НЬ ИХ БАГА ХОЁР ТАХИМТАЙ ИХ ХУРАЛТЭЙ БАГА ТАНХИМ НЬ 500 ХҮРТЭЛ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЯМАРЧ ЦАЛИНГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ,,,,,ХАРИН БАЙНГЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БАЙГУУЛАГТЭЙ БАЙХ ,,, ЭГЭЖ БАЙЖ ХУЛГАЙЧ НАРЫГ АРД ТҮМЭН ХАЗААРЛЭЖ ЧАДНА ХАРИН ӨНӨӨГИЙН ХУЛГАЙЧ НАРЫН САНААРХААД БАЙГАА 76 ГААГ ОЛОН БОЛГОЖ НЭМЭХ НЬ ХУЛГАЙЧ НАР ТӨРД ҮҮРЭЛДЭГ ГАШИГИЙГ УЛАМ ГААРУУЛАЖ ХУЛГАЙЧ НАРЫГ ОЛОН БОЛОЖ ХУЛГАЙЛДАГ ХҮНИЙ ТОО НЭМЭГДЭНЭ ЭНЭ НЬ ЗӨВХӨН ХУЛГАЧ НАРТ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭНД ХЭРЭГҮЙ ЗҮҮЛЬ
Зочин [202.126.90.67] 2022-05-08 04:35:38
Энэ нийтлэлд МАН-ын гацааг зөв олж бичсэн байна. Оюун-Эрдэнэ намаа аврах, эсхүл намдаа идүүлэх түүхэн эгзэгтэй цаг. МАН-ын тухай бичиж байхад Женко ямар хамаа байнаа. Уншиж байгаа зүйлээ эхлээд ойлго. Дараа нь бич, мөн энэ хүний Женко, Эби нарын талаар урьд нь бичиж байсныг олж унш.
Зочин [139.5.217.11] 2022-05-08 01:26:29
Жэнкогийн гацаа хаана байна? Нүүрс зөөх төмөр замын гацаа Жэнкогийн, оросын гацааг бичээч
Буурал [192.82.75.151] 2022-05-07 17:22:34
Үндсэн хууль өөрчлөх буруу. Ээнхбаяр, Баттулга хоёрт туслахаа болимоор байна. Төр нь ард түиний язгуур эрх ашгийн төлөө байх ёстой. Төрийг нэг хүний төр мэт үзэхийг зогмох гэдэг зөв. Үүнийг хайхрахгүй бол ЗГ буух.
Зочин [202.126.90.60] 2022-05-07 14:42:22
Nohoi hutsna biz
Зочин [59.153.115.34] 2022-05-07 11:56:39
энэ гажиг мушгин гуйвуулагч мөнгө өгвөл юу ч гэж солиорч магадгүй
их [139.5.217.64] 2022-05-06 15:51:55
Их зөв зүйл бичдэг уншаад сэтгэгдэл бичиж бгаа зарим хүмүүс нь ухаан нь хүрдэггүй юмуу эсвэл уншаадч ойлгодоггүй юм уу Энэ хүнийг хараагаад бх юм
Зочин [202.179.21.198] 2022-05-06 11:56:42
БалаЙ өвгөн бисда
Ulaanod.conin [122.201.24.155] 2022-05-06 11:39:49
Xanyyl.dyyreg.3.xorooni.baizaagjidig.byydaj.yctag.xitad
Ulaanod.conin. [122.201.24.155] 2022-05-06 11:35:48
Narantyl.zax.ynertei.yc.zardag.b.altantyua.xar.tamxjin.
Ulaanod.conin. [122.201.24.155] 2022-05-06 11:34:26
Narantyl.ynertei.yc.zardag.b.altantyua.xar.tamxjin.
Иргэн [64.119.17.178] 2022-05-06 07:44:38
Энэ хүн мундаг судлаач юм шиг байгаа юм даанч Баттулгаас цалин авдаг юмуу тэрний талд л бичих юм уг нь хэрэгтэй толгойг буруу зүйлд л ашиглаад байх юм