Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ.
Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар их дуулга-2022”-д одоогийн байдлаар 29 орны 276 тамирчин оролцохоо мэдэгдээд байна. Тодруулбал, Олимпын хошой аварга Оно Шохей, Олимп, дэлхийн аварга Таканори Нагасе, Дэлхийн аварга Ёшида Цүкаса тэргүүтэй Японы хүчирхэг шигшээ баг ирэх нь тодорхой болсноос гадна жүдо өндөр хөгжсөн БНСУ, Франц, Герман, Итали, Израйл, Их Британи, Нидерланд, Казахстан, Узбекстан тэргүүтэй орнуудын шилдэг шигшээ багууд оролцох юм. Мөн Олимпын хошой аварга Чехийн Лукаш Крпалек, Дэлхийн хошой аварга Португалын Хорхе Фонсека зэрэг аваргууд шигшээ багуудаа ахалж, 2024 оны олимпын эрхийн анхны онооны төлөө ирнэ.
Монгол Улсын шигшээ багийн хувьд зохион байгуулагч орны давуу эрхээр дүрмийн дагуу жин тус бүрд дөрвөн тамирчин сойж, манай шинэ залуу тамирчид “Улаанбаатар их дуулга”-ын татамид гарч, дэлхийн шилдгүүдтэй тулж, туршлага, ур чадвараа ахиулах юм. Тухайлбал, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ё.Басхүү, Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нарын шилдгүүд эх орныхоо дэвжээнд ур чадвараа сорино.
Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн, 2013-2016 онд “Улаанбаатарын гран при” тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан түүхтэй бол таван жилийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн боллоо.
Сэтгэгдэл