Япон “Долоогийн бүлэг”-ийн ирэх оны дээд хэмжээний уулзалтыг Хирошимад зохион байгуулна
БЕРЛИН. /Kyodo/. Япон улс “Долоогийн бүлэг”-ийн ирэх оны дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Хирошима хотноо зохион байгуулна гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гарагт мэдэгджээ.
ОХУ хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолсноос хойш цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэх болсон тул ирэх оны дээд хэмжээний уулзалт нь Дэлхийн II дайны үед цөмийн бөмбөгдөлтөд өртөж байсан Японы хоёр хотын нэг болох Хирошимагаас энх тайвны дохио өгөх зорилготой байна.
Японы баруун нутгийн Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын уулзалтыг анх удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. Энэхүү бүлгийн бүрэлдэхүүнд цөмийн зэвсэгтэй гурван орон болох Их Британи, Франц, АНУ-аас гадна Канад, Итали, Япон, мөн Европын Холбоо багтдаг. Германы өмнөд нутгийн Бавари мужийн Эльмау шилтгээнд болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Энэхүү уулзалтын үеэр Украины хямралын талаар голчлон хэлэлцсэн юм. Ирэх оны уулзалт нь Японд болох “Долоогийн бүлэг”-ийн долоо дахь дээд хэмжээний уулзалт болох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ "агентлаг
Сэтгэгдэл