Ургамал хамгаалах технологийг тогтмол мөрдөж ажиллах шаардлагатай байна

Aдмин / Орон нутаг

Хаврын тариалалтын урьдчилсан дүн, соёололтын байдал, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон үр, шатахуун, ургамал хамгаалах бодис, бордооны дэмжлэг түүний зарцуулалтад хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, мэдээ, мэдээлэл авах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, мэргэжилтэн Э.Уламбаатар нар газар тариалангийн төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн тариалан бүхий сумдад ажиллалаа.

Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Сэлэнгэ, Төв аймагт улаанбуудайн үр, ургамал хамгаалалын бодис, бордоо, шатахууныг тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон нь тариалалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд томоохон дэмжлэг болсныг тариаланчид хэлж байлаа.

2022 оны тав, зургаадугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээгээр хур тунадасны хэмжээ бага байсан хэдий ч үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджийн хэмжээнд орсон байна.

Газар тариалангийн төвийн бүсийн аймгуудаар үр тариа, улаанбуудай таримлын хөгжил бутлалтаас гол хатгалтын үе шатанд, төмс цухуйлтаас цэцэглэлтийн үе шатанд байна. Улаан буудайн сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 12-60 см өндөртэй байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат, Цагааннуур, Зүүнбүрэн сумдын тариалангийн талбайд үр тарианы шар, хүрэн зэв, септориоз зэрэг ургамлын өвчин, трипс, нугын бор эрвээхэй зэрэг хортон шавьж, хиаг, тарна, лууль зэрэг хог ургамлын тархалт нэмэгдэх төлөвтэй байна.

Цаашид үр тарианы болон төмс, хүнсний ногооны таримлын ургалтын үеийн арчилгаа, ургамал хамгаалах арга технологийг тогтмол мөрдөж ажиллах шаардлагатай байна. Ургацыг үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн төв бүс нутагт голлон тариалдаг таримлууд дээр илэрч болзошгүй, зонхилох хөнөөлт организмуудаас хэрхэн сэргийлэх, хамгаалах нь гол зорилт болж байгаа тул тандан судалгааг Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Хөнөөлт организмуудын эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭНД дарж уншина уу.

ЭНЭ САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ 7 дугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төвийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх ба хур тунадас Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим, агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай гэсэн урьдчилсан мэдээлэлийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлээд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.