ӨВӨРХАНГАЙ: Ойн баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт боллоо
Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болж байна. Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, алдар гавьяатуудын төлөөлөл Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Улсын Бага Хурлын анхны дарга, Ерөнхий сайд П.Гэндэн, Монгол Улсын баатар Л.Аюуш нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн баярын хурлаар Өвөрхангай аймгийн түүхэн замнал, хөгжил дэвшлийн тухай илтгэл тавигдаж, ахмад буурлууд түүхийн сургамжаас хуваалцав.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Түйн голын Цагаан эрэг” хэмээх газарт одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай байхаар төвлөрүүлж, Өвөрхангай аймгийг шинээр байгуулж байсан түүхтэй.
1934 онд Өвөрхангай аймгийн төв бууриа сэлгэж одоогийн Арвайхээр хотод шилжин төвлөрч, Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэ-Сант сумдыг нэгтгэн, шинэчлэн зохион байгуулж байжээ.
Хожим нь зарим сумдыг шинээр байгуулж, заримыг нь татан буулгаж, нэгтгэснээр өдгөө Өвөрхангай аймаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сумтайгаар тогтворжин хөгжсөн бөгөөд аймагтайгаа нас чацуу найман сумын тэгш ой давхцан тохиож байгаа юм.
Сэтгэгдэл
Zochin [202.126.90.45] 2022-07-25 03:22:53
Saihan nutag shyy