Үр тарианы асуудлыг зохицуулах төв Истанбулд үйл ажиллагаагаа эхэлжээ
МОСКВА. /RT/. “Украины боомтуудаас үр тариа аюулгүй тээвэрлэх тухай харилцан ойлголцлын санаачилга” нэртэй баримт бичгийн заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Хамтарсан зохицуулалтын төв /ХЗТ/ Истанбулд үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгджээ.
ОХУ-ын шинжээчдийн сайтар бэлтгэгдсэн баг өнөөдөр Истанбул хотод хүрэлцэн очиж, дөрвөн талт хэлбэрээр ажиллаж эхэлнэ гэж тус яам мэдээлсэн байна. Оросын төлөөлөгчдийг контр-адмирал Эдуард Луйк ахалж байна. ХЗТ дэх Оросын мэргэжилтнүүдийн гүйцэтгэх гол үүрэг бол дээрх санаачилгыг бодит хэрэгжилтийн шатанд хүргэхэд шаардлагатай бүх асуудлыг шуурхай шийдвэрлэх явдал юм гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Долоодугаар сарын 22-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог дэлхийн зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. С.Шойгугийн тайлбарласнаар, уг баримт бичигт Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог дэлхийн зах зээлд гаргахад тавьсан янз бүрийн хязгаарлалтыг цуцлахад НҮБ-ыг оролцуулах талаар тусгасан байна.
Мөн энэ өдөр Украины төлөөлөгчид үр тарианы экспортын тухай гэрээг Турк, НҮБ-тай байгуулсан юм. Украинаас үр тариа экспортлох тухай гэрээ 120 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Уг баримт бичгийг сунгах боломжтойг НҮБ-ын өндөр албан тушаалын төлөөлөгч онцолсон. Украины боомтууд руу нэвтэрч буй хөлөг онгоцуудыг Украины нисэгчид удирдана. Харин хөлөг онгоцуудыг цэргийн хөлөг онгоцууд дагалдахгүй байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хакийн мэдээлснээр, долоодугаар сарын 22-нд хүрсэн тохиролцооны дагуу Украины боомт руу орох, буцах замд хөлөг онгоцуудад зэвсэг байгаа эсэхийг Туркийн тал ХЗТ-ийн дэмжлэгтэйгээр шалгах бол украинчууд Хар тэнгисээр өнгөрөх аюулгүй байдлыг нь хангах аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
зочин [66.181.186.32] 2022-07-27 14:36:36
Оросын БХ сайд Шойгу гуай 7-р сарын 22-нд гарын үсэг зурчихаад дараа өдрөөс нь буюу 23-наас нь эхлээд л Украйны Одеса хотын усан боомтыг одоо хүртэл пуужингаар харвасаар байгаа биз дээ? Оросууд яагаад хэлэлцэж тохирсон зүйлээ биелүүлэхгүй байгаа юм бол оо? Путин гуай дайн түрэмгийллээ хурдан зогсоогоосой. Украйнчуудыг бурхан ивээх болтугай.