Улсын харцага Г.Бадрах: Н.Батсуурь аваргатай төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадалгүй уналаа. Харамсалтай л байна

Aдмин / Спорт

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат “Хилчин” спорт хороо, 0208 дугаар тусгай салбар, “ЭБЭГ” компанийн бөх Монгол Улсын харцага Ганцогтын Бадрахтай ярилцлаа. Түүний тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж улсын харцага цолны болзол биелүүлсэн юм.


-Их ойн жилийн баяр наадамд улсын харцага цол хүртсэн танд баяр хүргэе. Санасандаа хүртэл наадаж чадав уу, та?

-Миний тухайд их ойн жилээр улсын харцага цолны болзол хангасандаа сэтгэл дүүрэн, сайхан байна. Өмнөх жилүүдэд наадмын дэвжээнд биеэ бариад бэлдсэн барилдаанаа гаргаж чаддаггүй байлаа. Энэ жилийн тухайд тайван байж төлөвлөсөн барилдаанаа бүрэн гаргаж улсын наадамд зургаа давлаа. Санасан цолоо авлаа. Энэ том цолыг хамгаалж барилдах том хариуцлага надад ирлээ. Энэ их өв соёлыг тээж яваагийн тухайд олны хайр хүндэтгэлийг дааж, дараагийн үеийн залуустаа зөв үлгэрлэж явах хариуцлага давхар ирж байна. Энэ жилийн наадмын онцлог нь бөхийн дэвжээнд шинэ үе гарч ирж байгааг илэрхийрсэн явдал байлаа. Аварга, арслан, заанууд төрлөө. Шинэ мянганы төлөөлөл болсон залуус цахиур хагалсан сайн наадам боллоо шүү.

-Баяр наадмын бэлтгэлээ та хаана базаав?

-Энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ “Сүүж” ууланд улсын арслан Э.Оюунболдын удирдлагад базаалаа. Сүүж ууланд наадмын бэлтгэлээ базаасан бөхчүүд жил жилийн наадмын өнгийг тодорхойлдог жишиг бий. Тэр уламжлал энэ жил ч давтагдлаа. “Сүүж” ууланд галд гарсан бөхчүүдээс баяр наадмын түрүү бөх тодорлоо. М.Лхагвагэрэл улсын заан боллоо. Э.Батмагнай, Ө.Батзул гээд залуус сайн барилдаж улсын цол авлаа. Миний тухайд Э.Оюунболд арслантай сүүлийн хэдэн жилийн турш хамт бэлтгэл хийлээ. Ачаалалтай олон өдрийн бэлтгэлийн үр дүн сая гарлаа.

-Энэ жилийн баяр наадамд ямар зорилготой зодоглов?

-Энэ өдрүүдэд төрөлх нутаг Батширээт сумын минь түүхт 70 жилийн ой тохиож байгаа юм. Сумын ойдоо улсын цолтой очиж зон олноо баярлуулах юм шүү гэсэн зорилго тавиад л наадмын бэлтгэлдээ гарсан. Энэ улиралд бэлтгэл сургуулилт дажгүй сайн байсан. Сэргээлтийн бэлтгэлийн ир их сайхан таарсан. Бэлтгэл таарсан үед сэтгэлзүй тогтвортой, тайван байдаг юм билээ. Өмнөх жилүүдийнх шиг улсын цол бодож нервтээд байх нь гайгүй. Цол бодоод ирэхээр л барилдаан гарахгүй, биеэ барьчихдаг. Зарим өдөр нойр хүрэхгүй хонох ч тохиолдол бий. Харин энэ жил наадам дөхсөн өдрүүдэд маш сайн унтаж амарсан. Бэлтгэл сайн өөртөө итгэлтэй байсантай холбоотой болов уу.

-Одоо хоёулаа энэ жилийн баяр наадмаар хийсэн барилдаануудынх нь талаар ярилцъя. Улсын цолны төлөө зүтгэж буй залуусын том шалгуур нь дөрвийн даваа байдаг. Та энэ даваанд улсын начин Г.Ганжадтай оноолт таарч их удаан барилдсан шүү дээ. Тус барилдааны талаар асуумаар байна. Барилдахаар гарахад тань Э.Оюунболд арслан юу зөвлөв?

-Яарч хөдөлж хамаагүй мэх хийж болохгүй. Хүлээж байгаад давхар шуудагны барьцнаас барилдаанаа шийдэхийг дахин дахин анхааруулсан. Наадмын өмнө Г.Ганжад начинтай оноолт таарна гэж огт тооцоолоогүй юм. Өмнө нь ч таарч барилдаж үзээгүй. Арслан ахын зөвлөсний дагуу хүлээгээд л барилдсан. Их хүнд барилдаан болсон шүү. Бид хоёр 30 орчим минут барилдсан. Ингээд давхар шуудагны барьцанд хүрэхэд голлож түрж дайраад давсан. Наадмын бэлтгэлийн үеэр энэ мэхийг хэд хэд давтсан нь чухал барилдаанд хэрэг болсон шүү. Г.Ганжад начингийн бэлтгэл ч энэ жил гойд сайн, их бяртай байна лээ.

-Улсын цолны босгонд тулаад ирэхэд юу бодогдож байх юм.

-Харьцангүй тайван байсан. Наадмын өмнө начингийн даваанд босож барилдана гэсэн сэтгэлзүйтэй байсантай холбоотой болов уу. Наадмын хоёр дахь өдрийн өглөө аав минь нутгийн хайрхандаа гарч арц уугиулж уул, усаа аргаддаг юм. Чухал барилдааны өмнө нутгийн уул усандаа залбирч сэтгэлээ тайвшруулж байгаад л гарсан. Сүсэглэдэг хайрхныхаа зураг харж, дотроо залбираад гарахад дотор уужраад сайхан болдог юм билээ. Барилдаан эхлэхээс хэдхэн минутын өмнө багш нараасаа зөвлөгөө аваад л барилдахаар гарсан.

-Улсын цолны хариуцлагатай даваанд таныг улсын өсөх идэр начин Ч.Батчулуун амласан. Багш нар нь танд юу зөвлөв?

-Харцага цолтнууд юм уу, өсөх идэр начингуудын хэн нэг нь амлах болов уу гэж тооцоолж байсан маань зөрөөгүй. Ч.Батчулуун ахын тухайд барилдаан удаашрах тусам л бие нь илүү чангардаг онцлогтой бөх. Барилдаан удааширвал надад ашиггүй. Багш нар ч үүнийг тооцоолж шийдсэн барилдаан хийхийг зөвлөсөн юм. Ингээд бариа зөрүүн дээр модож дайраад л давсан. Анх сурсан мэх маань л энэ. Мэхний барьц, байрлал ороод ирэхэд л зөнгөөрөө хийчихсэн. Бөхийн бэлтгэлд анх ороод л сурсан мэхээ хийгээд улсын цолны босго алхлаа.

-Аав тань их баярласан байх.

-Тав даваад туг тойроход сэтгэл их хөдөлсөн шүү. Багш нар дараагийн даваа байгааг анхааруулж тэгж их хөөрсөн сэтгэлийг дарж, төвлөрүүлж өгсөн. Начин болчихоод аавынхаа залгахыг хүлээгээд л утсаа чагнаад байлаа. Гэтэл ааваас дуудлага орж ирдэггүй, таг чиг. Улсын цол авчихаад байхад залгадаггүй хачин юм даа гээд гайхаад л суугаад байсан. Сүүлд асуухад тав даваад туг тойроход аав минь уйлаад хоолой нь гарахгүй байсан юм билээ. Би тэрийг нь яаж мэдэх билээ. Аав минь тэгж их баярлаж л дээ. Миний аавыг Г.Ганцогт гэдэг. Намайг энэ зэрэгтэй бөх болгохын тулд энэ насны амьдралаа зориулж ирсэн хүн. Тэр их хичээл зүтгэлийг нь би үг, үйлдэл бүрээс нь мэдэрдэг юм. Үүнийгээ тэр бүр хэлээд байж чадахгүй л дээ. Аавдаа их талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Миний барилдаан бүрийг алгасалгүй үздэг. Барилдааны дараа утсаар холбогдоод л алдаа оноогоо ярилцана. Энэ том дэвжээнд дандаа давна гэж байхгүй. Сэтгэлдээ хүртэл барилдаж чадахгүй доогуур даваанд өвдөг шороодох үе бий. Тэр үед аавтайгаа яриад л сэтгэл онгойчихдог. Улсын цол хүртэж аавыгаа баярлууллаа. Ачийг нь бага боловч хариулсан болов уу гэж санахаас сэтгэл дүүрэн сайхан байна даа.

-Улсын харцага цолны хариуцлагатай даваанд өсөх идэр начин Б.Эрдэнэхүү таныг амлаж барилдсан. Тавын давааны дараах сэтгэл хөдлөлөө гүйцэд дарж амжилгүй л гарсан байх.

-Улсын цол хүртсэндээ их баярласан ч харцага цолны хариуцлагатай даваа хүлээж байгааг маш сайн ухамсарлаж байсан. Б.Эрдэнэхүү начин амласныг сонсоод ямартаа ч барилдаан таарах юм байна гэх бодол толгойд орж ирсэн. Э.Оюунболд арслан өнөөх мордоогоо хийгээд л давах боломжтойг зөвлөсөн. Барилдааны эхэнд Эрдэнэхүү ах шахаж татаад буцахад нь зөрүүлж мордоод л давсан. Барилдаан төлөвлөж байснаар өрнөж шийдэгдсэн. Туг тойроод ирэхэд улсын заан цол нүдэнд харагдаад л дараагийн давааны барилдаанаа тооцоолоод эхэлсэн.

-Даян аварга Н.Батсуурь таныг амлах талаар тооцоолж байв уу. Энэ цагийн манлай хүчтэнтэй ямар барилдаан төлөвлөж гарав?

-Аварга намайг амлана гэдгийг ерөнхийдөө мэдэж байсан. Яаж барилдах талаар хавь ойрын хүмүүстэйгээ зөвлөөд л. Нөгөө төвлөрсөн сэтгэлзүй нэг мэдэхэд хаашаа ч юм алга болчихсон. Барилдааны явцад талбайн захад маш анхааралтай барилдах ёстойг ойлгож байлаа. Гэсэн ч талбайн захад жаахан анхаарал алдаад л уначихсан. Уул нь давхар шуудганд хүрч барилдах төлөвлөгөөтэй байсан юм. Тооцоолсон барилдаанаа гаргаж чадаагүй. Жаахан харамссан. Н.Батсуурь аварга бага зэрэг сэрэмж алдахыг л алдалгүй ашигладаг юм билээ. Барилдааны талбайн захад дээд зэргийн анхааралтай байх ёстойг ухамсарлаж байсан ч бага зэрэг анхаарал алдаад л уначихсан. Жижиг алдаа гаргаад л барилдаанаа өндөрлүүлэхэд дотор харанхуйлаад эвгүй л санагдсан шүү. Гэхдээ улсын харцага гэх том цол хүртлээ.

-Таны тухайд цэргийн цол чимэг олгох бүх цэргийн баяр наадамд их сайн барилддаг шүү дээ. Бүх цэргийн наадамд сайн барилдсан улс цаашид цол ахидаг жишиг харагдаад байдаг.

-Тийм зүй тогтол анзаарагддаг шүү. Би 2017 онд сумын заан цолтойдоо бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртэж байлаа. Дараа нь хоёр ч удаа их шөвөгт шалгарсан. Шигшигдсэн хүчтэнүүд чуулдаг энэ барилдаанд үнэн хүчээ үзээд л барилддаг юм. Шалгарсан бөхчүүд нь дээшээ цол ахидаг зүй тогтол харагддаг. Тод жишээ нь Завханы М.Лхагвагэрэл байна. Сая улсын заан цол хүртлээ. Ч.Санжаадамба, С.Мөнхбат гээд аваргууд, улсын харцага А.Бямбажав гээд бөхчүүд цэргийн наадамд түрүүлээд л дараа, дараагийн цолоо авсан байдаг.

-Танд дараагийн цол хэр хол санагдаж байна вэ?

-Бэлтгэлээ сайн хийгээд бэртэл гэмтлээс хол явахад болох байх аа.

-Таны тухайд “Босоо” Самдан аваргын 120 насны ойн барилдаанд аймгийн заан цолтой гарч барилдаад түрүүлж байсан. Аймгийн заан цолтой залуу улсын цолтнуудыг даваад түрүүлсэн нь содон л харагдаж байлаа.

-Тийм шүү. “Босоо” Самдан аварга Сэцэн хан аймгийн хүн шүү дээ. Нутгийнхаа тэр их бөхийн ойн барилдаанд түрүүлчихээд их баярласан. Миний тухайд нутгийн уул усандаа өөрийгөө даатгаж, залбирч явдаг. Яг тэр барилдааны өмнө сумандаа очиж хэд хоног амраад л ирж барилдаад шууд түрүүлсэн. Унасан газар маань ивээж явдаг гэдэгт итгэдэг юм. Тухайн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяртай үлдэж түрүүлж байлаа. Тэр барилдаанаас их урам зориг авсан шүү.

-Таныг улсын начин Ш.Зоригт бөхийн замд хөтөлсөн гэх юм билээ. Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Тийм. Анх хөдөөнөөс орж ирээд л улсын начин Ш.Зоригтын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Үндэсний бөхийн спортын суурийг тэр хүн маш зөв тавьж өгсөн учраас энэ зэрэгтэй яваа болов уу гэж ойлгодог. Мөн миний амжилтын салшгүй нэг хэсэг бол “Хилчин” спорт хорооны хамт олон, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар багш. Миний барилдааны арга техникийг хөгжүүлэх тал дээр маш сайн ажилласан хүн бол Бүрэнбаатар багш. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын арслан Э.Оюунболд болон “Хан Хэнтий аварга” дэвжээний дасгалжуулагч аймгийн арслан Г.Ганцоож нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа тааруулж байна. Э.Оюунболд арслангаас их зүйл сурсан. Баяр наадмын чухал даваанд гарахын өмнө түшиг тулгуур болж намайг дэмждэг ахдаа талархаж явдгаа илэрхийлье. Төрийн наадмын дээгүүр даваанд гарч барилдсан хүний зөвлөгөө хэрэгтэй байдаг юм билээ.


Сэтгэгдэл

зочин [202.131.241.186] 2022-08-03 05:01:18

Оюунболд чамд допинг яаж хэрэглэхийг лсайн зөвлөх байхдаа

Зочин [43.242.242.59] 2022-08-03 02:50:01

Цаашид уран сайхан мэх хийж үзүүштэй барилдаан гаргаж байгаарай.

zochin [202.21.98.10] 2022-08-02 07:28:04

obo g ih dagaj bg dopingtoidoo bas 3.4.5 der tatuulsan gedgee uneneeree heleechdee ta nar

зочин [66.181.166.196] 2022-08-01 10:05:26

Шалихгүй гар байж төлөвлөгөө энэ тэр яриад, санасандаа хүрч барилдаж чадсангүй ч гэх шиг том том баагаад л буруу тийш ээ л явж байгаа нөхөр байна даа

Зочин [202.21.109.33] 2022-07-31 06:29:46

Дүү голлое гээд анхаарал суларч барьцаа тавих агшинд таллаж дайраад хаячихдаг мэхээ Батсуурь хийж дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.