АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа
ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын эрх баригчид сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах шийдвэр гаргасныг тус улсын Эрүүл мэндийн сайд Хавьер Бесерра мэдэгджээ.
“Бид энэ вирустэй тэмцэх хариу арга хэмжээгээ шинэ түвшинд авахад бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. АНУ-д сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлын тоо 6600 давжээ.
Х.Бессера мөн өвчний дэгдэлттэй тэмцэхэд туслахын тулд америк хүн бүрийг "сармагчны цэцэг өвчинд нухацтай хандаж, хариуцлага хүлээхийг" уриалсан байна. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн дарга Рошель Валенскийн хэлснээр, эрүүл мэндийн салбарт онц байдал зарласнаар эрсдэлт бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг өргөжүүлнэ.
Олон улс оронд халдвар нь бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн салбарын гамшигт тооцох шийдвэрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус долоодугаар сарын 23-нд зарласан билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл