ДЭМБ: “COVID-19” халдвараар нас барсан тохиолдлын тоо 9 хувиар буурлаа
ЖЕНЕВ. /VOA/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар буурсан бол шинэ тохиолдлын тоо харьцангуй тогтвортой байлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.
ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас 14 мянга гаруй хүн нас барж, долоон сая орчим шинэ тохиолдол илэрсэн байна. Тодруулбал, Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдол 30 хувиар өссөн бол Африкт 46 хувиар буурчээ.
Мөн Америк, Ойрхи Дорнодод халдварын шинэ тохиолдлын тоо 20 гаруй хувиар буурсан байна. Харин халдвараар нас барсан тохиолдлын тоо Ойрхи Дорнодод 19 хувиар өссөн бол Африкт 70 гаруй хувиар, Европт 15 хувиар, Америкт 10 хувиар тус тус буурчээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбар дэлхийн хэмжээнд давамгайлан тархсан хэвээр байгаа бөгөөд нарийвчлан шинжилсэн тохиолдлуудын 70 орчим хувийг эзэлж байна. Ингэснээр “омикрон”-ы бусад дэд хувилбарууд болох “BA.4”, “BA.2”-ын тархалт буурч байгаа бололтой байна.
Дэлхийн олон оронд цар тахлыг хяналтад авах хязгаарлалтуудыг сулруулж байгаатай холбоотойгоор “COVID-19”-ийн тандалт судалгааны ажил хумигдаж, шинжилгээний тоо буурч байгаа тул халдварын тархалтын үнэлгээ хангалтгүй хэвээр байгааг ДЭМБ мөн сэрэмжлүүлжээ.
Энэ долоо хоногт Хятадын эрх баригчид аялал жуулчлалын гэгддэг Хайнань арал болон Төвөдөд “COVID-19” халдварын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор шинэ хязгаарлалтуудыг тогтоож байгаагаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Санья хотод 80 мянга орчим жуулчин гацсан бөгөөд долоо хоногийн дотор таван удаа шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд хотоос гарахыг зөвшөөрчээ.
Э.Хулан
Эх сурвалж: "МОнцамэ" агентлаг
Сэтгэгдэл