Нийслэлийн ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангана

Aдмин / Боловсрол

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт 2022 оны наймдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, бусад холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 281 захирал оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө уулзалтыг нээж үг хэлэхдээ “Сүүлийн хэдэн сар, жил боловсролын салбарт оч ассан хугацаа байлаа. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болоод гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 51 сургууль, сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, спорт заалны 12 барилга барьжээ. Мөн цэцэрлэгийн орны тоог 18805, сургуулийн хүчин чадлыг 31668, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 4180-аар тус тус нэмэгдүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг зургаа дахь жилдээ, нэгдүгээр ангийн элсэлтийг дөрөв дэх жилдээ цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн ажиллаж байна. 2019 оны 11 дүгээр сараас “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж, 29 сургуулийг хамруулан, 37 автобус үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 3500 хүүхдийг тээвэрлэн, хүүхдүүд гэр, сургуулийн хооронд аюул осолгүй зорчих нөхцөл бүрдсэн. Цаашдаа сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, улам өргөжүүлэх болно” хэмээсэн юм.

Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Харин энэ жил дараагийн 100 жилийн эхлэлийг тавьж буй юм. Иймд ирэх 100 жилд хэрхэн ажиллах, боловсролын салбарт ямар шинэчлэл хийх, боловсролын чанарыг хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэж, нэгдсэн мэдээлэлд хүрэх нь зүй ёсны болохыг Боловсролын сайд тодотгож байлаа. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэхийг халах зэрэг бодлого барин ажиллаж ирсний дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй байсан 38000 хүүхдээс 32000 /нийслэлийн хэмжээнд 34000-аас 28000/ нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Харин цаашдаа боловсролын чанарыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарна гэдгийг тус салбарын сайд мэдэгдсэн юм. Үүний тулд сургуулийн удирдлагыг чадавхжуулж, менежментийг сайжруулах шаардлагатай тул өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр суралцах орчин, арга хэрэгсэл сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч уг ажлыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, арга замыг судлан, нягт хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.