Ши Жиньпин, В.Путин нар Төв Азид энэ сард уулзаж магадгүй
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ есдүгээр сарын дундуур Төв Азийг зорьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар Америкийн “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Ши Жиньпин есдүгээр сарын 15-16-нд Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, В.Путинтэй уулзаж магадгүй гэж тус сонин уг төлөвлөгөөнд ойр хүмүүсийн мэдээллийг эш татан уламжилсан байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн наймдугаар сарын эхээр Тайваньд айлчилсан нь Хятадад барууныхнаас үзүүлж буй дарамт шахалт ихсэж байгааг харуулж байна гэж Бээжинд үзэж байгаатай холбогдуулан ийм алхам хийж магадгүй гэж дээрх мэдээнд дурджээ.
Энэхүү төлөвлөгөө биеллээ олбол Ши Жиньпин 2020 оны эхэн үеэс хойших хилийн чанад дахь анхны айлчлалаа Төв Азийн тус оронд хийнэ. Хятад улс Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд хатуу хариу үзүүлсэн бөгөөд тус арлын орчимд цэргийн томоохон сургууль явуулсны зэрэгцээ Тайваниас хөдөө аж ахуй, загасан бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон юм. Үүнээс гадна Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо пүрэв гарагт “Bloomberg” агентлагт Ши Жиньпин, В.Путин нар Бали аралд энэ оны сүүлээр болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байгаа талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Э.Хулан
Сэтгэгдэл