ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТӨӨРӨГДӨЛ

Aдмин / Боловсрол

Чанартай боловсрол гэдэг ойлголттой холбоотой нэг том төөрөгдлөөсөө бид салах хэрэгтэй болов уу. Хүүхдээ сайн багшийн гарт, гадаадын сайн хөтөлбөртэй сургуульд л өгчихвөл үнэтэй байх эсэх нь хамаагүй, хүүхэд маань чанартай боловсролтой болно, амжилттай карьер хийнэ, танилын хүрээ нь ч чанартай байна гэж бодох нь түгээмэл. Тэгвэл чанартай боловсролын үндсэн хөшүүрэг нь юу вэ? Харамсалтай нь, багш, хичээлийн хөтөлбөр, сургуулийн орчин, танилын хүрээний аль нь ч биш. Гол түлхүүр нь эцэг, эхийн оролцоо. Хүүхэдтэйгээ ажилладаггүй бол хэчнээн сайн багш, сургууль, эсвэл захирал байгаад нэмэргүй. Үүнийг би ковидын хоёр жилд охиноо бичиг үсэг тайлуулаад, одоо биеэ дааж даалгавраа хийдэг болгосон эхнэрийнхээ хөдөлмөрөөс харсан. Хөхүүл хүүхэдтэйн хажуугаар нэгдүгээр ангийн хүүхдэд, гэрийн хорионд даалгавар хийлгэхийг харахад хааяа зүрх шимширдэг байв. Эцэг, эхийн оролцоо нь сурлагын амжилтын үндсэн нөхцөл гэдэг дээр сэтгэл зүйчид сүүлийн үед улам их санал нэгдэж байгаа.

Хүүхдээ үнэтэй сургуульд авлига өгөөд ч хамаагүй оруулчхаад хүүхэдтэйгээ ажилладаггүй бол тэр хүн хүүхдийнхээ боловсролд санаа тавих биш, харин харгис хандаж байна гэсэн үг. Тэгээд ер нь чанартай боловсрол гэж юу вэ? Энэ бол юун түрүүнд зөв хүн болж төлөвших тухай гэж мундаг багш нар хэлдэг. Түүнээс гадна амжилттай карьер гэдгийг том дарга, менежер болох, эрх мэдэлтэй болох, баяжих, албан тушаал ахих гэж эндүүрдэг. Энэ бол кайф өгч, аз жаргалтай болгодог тэр л ажлаа олж хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийгөө олж, ойлгож, өөрийнхөө хүсэл, мөрөөдлөөр амьдрахыг хэлнэ. Заавал эрх мэдэл, хөрөнгө чинээ, өндөр боловсрол гэхгүйгээр аз жаргалтай амьдрах, хүнд хэрэгтэй байх, нийгэмд үнэ цэнтэй өв үлдээх түмэн янзын арга бий.

Орчин үед нийгэм бараг тэр чигээрээ арилжааны үнэ цэнд захирагдах болсноор бие хүн гэдэг нь аль болох их үнэд хүрэх ёстой зах зээлийн бүтээгдэхүүн болж хувирсан. Ажил хөдөлмөр, харилцааны аль алинд нь. Гэтэл арилжаанаас хол байх ёстой амьдралын үнэ цэн гэж бий. Өнөөгийн боловсролын тогтолцоо нь хүнийг зах зээлийн хүлээлтэд нийцүүлж шаардлагатай эд ангиудаар “угсардаг” машин маягийн болсон. Тухайн хүн бие хүний зах зээлд (Marketing Personality) “Амжилттай хүн” гэдэг чанартай “барааны” категорид багтахын тулд зан төлөв, бие бялдар, оюун мэдлэгийн тодорхой элементүүдийг насан туршдаа цуглуулах хэрэгтэй болно. Эдгээрийг цуглуулж чадсан нь эхнэр/нөхөр, ажилтан болох талаасаа илүү эрэлттэй байна гэсэн ойлголт нийгэмд ноёлдог.

Хүүхдээ ийм л үнэ цэнтэй “багц” болгох гэсэн эцэг, эхийн хүсэл дээр боловсролын шат шатны байгууллагууд тоглолт хийдэг. Гэтэл энэ хооронд хүүхэд өөрийн мөн чанарыг гээж, заримдаа хэн байх ёстойгоо ойлгохгүй, онц сурах дарамтаас болж депресст орох нь элбэг. Онц сурах нь хүүхдийн өөрийн хүсэл биш, эцэг эхийн хүсэл болж таардаг тохиолдол маш олон.

Өнөөдөр Монголын сургуулиуд хувийн, хувьсгалын гэлтгүй хүүхэд өөрийгөө олох, хүсэл мөрөөдлөө ойлгох тэрхүү хамгийн чухал хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа. Тэгсэн хэрнээ төрөл бүрийн агуулгыг бөөн бөөнөөр нь тархинд нь чихэх гэж оролдоно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд проактив биш, харин реактив болж нэг хэсэг нь онц сурах шаардлагыг нь биелүүлж, нөгөө хэсэг үүнээс татгалзсаны улмаас "нойлын ногоонууд" болно. Тиймээс миний хувьд хүүхдүүдийнхээ гэрийн даалгавартай гэхээс илүү хүсэл мөрөөдөл, амьдралынх нь зорилготой илүү ажиллана гэж боддог юм. Ноднин жил би том охиндоо хэргээр гоё дэвтэр авч өгөөд “Мөрөөдлийн дэвтэр” гэж нүүрлүүлсэн. Одоохондоо тэнд “Би мундаг хүн болно” гэсэн ганцхан өгүүлбэр байгаа ч томрох тусам нь үгийн хүч нэмэгдэнэ гэж бодном.

Г.Даваадорж. Business.mn. редактор


Сэтгэгдэл

Оноч [150.129.143.218] 2022-09-09 16:24:56

Энэ худал үзэл бна.

Зочин [202.9.46.59] 2022-09-09 06:27:59

Иргэдэд нь ухамсаргүй хүмүүжилгүй байхад чанартай боловсрол байгаад ч хэрэггүй.

baljmaa [103.80.210.123] 2022-09-09 02:50:37

yag unen


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.