ЭЛСЖИЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ТҮҮНИЙ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ СААРУУЛАХ БОЛОМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ХИЙЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Говь-Алтай аймгийн Хөх морьт сум нь Монголын их элсний баруун тал, Хүйсийн говийн зүүн талд байрладаг онцлогтой. Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүдийг агуулдаг.

Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль, цулхир ургах бөгөөд нутгийн иргэд үр боловсрох үеэр түүж бэлтгэн, хуурч, тээрэмдэн нутгийн брэнд гурилыг үйлдвэрлэж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд элсний нүүлт хөдөлгөөний улмаас сумын төв болон зарим нуур, булаг шандын урсгал ундарга элсэнд дарагдах аюул нүүрлэж байгаа явдал нь анхаарал хандуулах асуудал болоод байна. Энэ нь уур амьсгалын дулаарал болон хүний нөлөөгөөр бэлчээрийн даац хэтрэлт, элсийг тогтоон барьдаг шавгийг нутгийн иргэд түлшинд хэрэглэж байгаа зэргээс шууд шалтгаалж байна.

Иймд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар болон Хөхморьт сумын ЗДТГ, Монгол Элсний ТХГН-ийн захиргаа хамтран тус сумын элсжилтийн өнөөгийн төлөв байдал, түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлох суурь судалгааг 2022 оны 08 сарын 13-аас 21-ны хугацаанд гүйцэтгээд байна. Энэхүү судалгаагаар Хөх морьт сумын нийт газар нутгийн хэмжээнд булаг, шанд, худаг, ус цэг бүрээс нийт усны 31 дээж, элс болон хөрсний 47ш дээж, ургамлын зүйлийн бүрдлийн бичиглэл болон биомассын 50 дээж материал бэлтгэж, DJI дроне болон дижитал камераар видео бичлэг болон фото зураг дарж баримтжуулав.

Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Хөх морьт сумын элсжилтийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, хамгааллын арга хэмжээг нутгийн иргэдэд түшиглэн хэрэгжүүлэх менежмент төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. Судалгааны гол зорилго нь Хөх морьт сумын төв болон зарим булаг шанд, жижиг нуурыг элсний нүүлтээс хамгаалах оновчтой арга технологийн шийдийг гаргах явдал юм.

Мэдээ бэлтгэсэн: Н.Төгөлдөр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.