Европын түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэ зун Европын түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрсөн талаар Европын Комиссын уур амьсгал судлалын байгууллагаас пүрэв гарагт мэдээллээ. Ингэснээр Европт сүүлийн хоёр зун дараалан урьд бүртгэгдэж байгаагүйгээр хэт халжээ. Коперникийн Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын мэдээлснээр, Европт агаарын температур наймдугаар сард, мөн зуны улиралд /6-8 дугаар сар/ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Тодруулбал, наймдугаар сард өмнөх онд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтээс цельсийн 0.4 хэмээр халуун байжээ. “Европ даяар хэт халж, улмаар хуурайшилт урьд бүртгэгдэж байгаагүй түвшинд хүрснээр Европын олон хэсэгт температур, ган гачиг, гал түймрийн идэвхжлийг нэмэгдүүлж, нийгэм, байгальд янз бүрээр нөлөөлж байна” гэж Коперникийн Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын судлаач Фрея Вамборг ярьжээ.

“Цаг уурын мэдээллээс үзэхэд Европт зөвхөн наймдугаар сараар зогсохгүй зуны улиралд агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Өмнөх өндөр үзүүлэлт ердөө жилийн өмнөхөн бүртгэгдсэн” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Мөн 2022 оны наймдугаар сард баруун Европт болон зүүн Европын зарим хэсгээр дунджаас илүү хуурайшилт ихтэй байсан бол Европын зүүн өмнөд нутгаар, Скандинавын зарим оронд ердийнхөөс их бороо оржээ.

Европт төдийгүй дэлхий даяар хэт халж, ган гачиг нүүрлэж, ойн түймэр дэгдэж байна

Агаарын температур нэмэгдсэнээс үүдэн дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ихэнх нутаг дэвсгэрт ган гачиг, ойн түймэртэй тэмцэж байна. Наймдугаар сарын сүүлээр Европын Комисс Европ тивийн ойролцоогоор гуравны хоёрт нь ган гачиг нүүрлээд байгааг мэдээлсэн юм. Мөн Германд Рейн мөрний усны түвшин багассанаар зарим хөлөг онгоц хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглан ачаа тээвэрлэх боломжгүй болсон нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдахад хүргэжээ. Лхагва гарагт Дэлхийн цаг уурын байгууллагын танилцуулсан тайланд урт удаан үргэлжилсэн ган гачиг, хэт халах үзэгдлээс үүдэлтэй ойн түймэр агаарын чанарыг улам дордуулж байгааг сэрэмжлүүлсэн юм. Үүнд хүн төрөлхтөний эрүүл мэнд, экосистемд учрах үр дагаврыг “цаг уурын шийтгэл” гэж тодорхойлжээ.


Сэтгэгдэл

n [202.55.188.93] 2022-09-10 13:45:32

nice


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.