БНСУ 2030 он гэхэд дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлийн 12 хувийг эзэлнэ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэн 2030 он гэхэд дотоодын автомашин үйлдвэрлэгчдийнхээ дэлхийн зах зээлд эзлэх хувийг 12 хувьд хүргэж, дэлхийн автомашины үйлдвэрлэлийн салбарын хүчирхэг төлөөлөгч болохоор зорьж байна гэж тус улсын Аж үйлдвэрийн яам өнөөдөр мэдээлжээ.

Энэхүү зорилтын хүрээнд Засгийн газар автомашин үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд 2026 он гэхэд нийтдээ 95 их наяд вон /66.03 тэрбум ам.доллар/ өртөг бүхий татварын хөнгөлөлт тэргүүтэй төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахаа амлалаа гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлсэн байна.

Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Ли Чан Яны даргалан явуулсан уулзалтын үеэр мэдэгдсэн бөгөөд үүнд “Hyundai Motor”, “Kia”, “GM Korea”, “KT” зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчид болон тэдгээртэй холбогдох фирмүүдийн удирдлагууд оролцжээ.

Төлөвлөгөөний дагуу БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн онд 254 мянга орчим /5 хувь/ байсан цахилгаан тээврийн хэрэгслийн жилийн үйлдвэрлэлээ 2030 он гэхэд 3.3 саяд /12 хувь/ хүргэхээр төлөвлөж байна.

Тийнхүү зорилтдоо хүрэхийн тулд цахилгаан тээврийн хэрэгслүүдэд зориулсан үндсэн программ хангамжийг 2026 он гэхэд өөрсдийн технологиор хөгжүүлж, автомашин үйлдвэрлэлийн салбарт 30 мянган боловсон хүчин бэлтгэх ажээ. Автомашины хагас дамжуулагчийн хувьд процессор, мэдрэгч болон бусад гол эд ангиудын 2030 он гэхэд дэлхийн зах зээлд эзлэх хувийг хоёр дахин нэмэгдүүлж, 6.6 хувьд хүргэхээр зорьж байгаагаас гадна өрсөлдөх чадвар өндөр цахилгаан болон устөрөгчийн тээврийн хэрэгслийг хөгжүүлэхийг төлөвлөгөөнд багтаасан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.