Францад томоохон хэмжээний ажил хаялт зарлажээ
Есдүгээр сарын 29-нд буюу өнөөдөр Францын олон хотын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан томоохон хэмжээний ажил хаялт зарлажээ. “Le Figaro” сэтгүүлд мэдээлж буйгаар, ажил хаялт тээвэр, боловсрол, нийтийн үйлчилгээ гэх мэт салбаруудад нөлөөлнө. Ажил хаялтад олон цэцэрлэг, бага сургууль, хичээлээс гадуурх сургалтын төв, ясли, коллеж, дунд сургуулийн багш нар оролцоно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн дээд боловсролын байгууллагын холбоодыг ажил хаялтад нэгдэхийг уриалсан байна.
Иль-де-Франс нийслэлийн бүсэд төмөр зам, метро, хотын галт тэрэг, мөн трамвай, автобус баазын ажилчид хэсэгчлэн ажил хаяна. Ажил хаялтын улмаас далайн тээврийн хөдөлгөөн мөн саатаж магадгүй байна.
Энэхүү ажил хаялтад төрийн албан хаагчдыг ч оролцохыг уриалж байна. Тиймээс ажил хаялт хотын захиргаа, татварын төв, шуудангийн салбаруудын үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй байгаа аж. Францын Засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийхийг дэмжиж байгаа юм. Уг шинэчлэлд тэтгэвэрт гарах насыг 62-оос 65 болгож нэмэгдүүлэхээр тусгасан байна. Засгийн газар шинэчлэлийн төслийг ойрын өдрүүдэд өргөн барихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Иргэн [103.57.93.50] 2022-09-29 12:35:18
Монголын үйлдвэрчний эвлэл үхэж дээ янз нь. Ямар ч хөдөлгөөн байдаггүй шүү. Байр савыг нь хурааж , хөрөнгө хогшлыг нь янзлах цаг болсон байна.
Зочин [202.9.47.146] 2022-09-29 07:38:16
Европын орнууд АНУ ЕХ хоёрыг дагаж туйлшрах тусам европын орнуудын эдийн засаг нь АНУ-ын ЕХ-ын ОХУ Хятад болон бусад орны эсрэг тавьсан эдийн засгийн хориг худалдааны хоригт өртөж, цагаачлал даяарчлалын давалгаанд өртсөөр байх болно.