Индонезид хөл бөмбөгийн тэмцээний үеэр 125 хүн амь үрэгджээ
Индонезийн зүүн Ява мужид болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр гарсан эмх замбараагүй байдлын улмаас олон хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон байна. Бямба гарагийн орой Маланг хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын дараа үзэгчид талбай руу дайран орж цагдаагийнхан хариу арга хэмжээ авч мөргөлдөөн үүсжээ. Тодруулбал, Бямба гарагийн орой талбайн эзэн Арема Эф Си баг Персебая Сурабаяа багт хожигдсон байна. Хожигдсон багийг дэмжин 40 мянга орчим үзэгч цугларсан байсан бөгөөд дэмждэг баг нь хожигдсоноор 3000 гаруй хүн Канжурухан цэнгэлдэхийн тоглолтын талбай руу нэвтрэн орж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Үүний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулах хий цацаж, сандарч тэвдсэн хүмүүс цэнгэлдэхийн хаалга руу овоорон дайрч олон хүн дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ. Энэ үеэр 125 хүн амиа алдсан бөгөөд нэлээд олон тооны хүн гэмтэж бэртсэн байгаа гэж мэдээлжээ.
Үйл явдлыг нүдээр харсан гэрч, "Шүтэн бишрэгчдийн байдал хурцдаж эхэлмэгц цагдаагийнхан нулимс асгаруулагч хийгээр тасралтгүй буудсан" гэж BBC-д ярьсан байна. Мөн өөр нэгэн гэрчийн хэлж байгаагаар цэнгэлдэхийн гадна нулимс асгаруулах хий мэдрэгдэж, түүний нүд хоолой өвдөж байсан гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Энэ хэрэг явдал хөл бөмбөгийн тэмцээний үеэр хамгийн олон хүн амиа алдсан дэлхий даяар харуусал төрүүлсэн хэрэг боллоо гэж олон хэвлэлүүд онцолж байна.
BBC-гийн мэдээлснээр тус цэнгэлдэхийн хаалганы хажууд лаа асаан байрлуулж гашуудлаа илэрхийлж багаа бөгөөд, тус хаалга нь гадагшаа налсан байгааг харахад ихээхэн хэмжээний хүч түрсэн байх хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл