ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ
Засгийн газар 2023 онд боомтын сэргэлтийг эрчимжүүлэн, эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмж, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг 2022 оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлэн 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ.
Үүнээс 132.7 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд, 540 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх аж.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дагуу тооцсон тэнцвэржүүлсэн нийт орлого ирэх онд 18.9 их наяд төгрөгт хүрэхэд үүний 90.2 хувь буюу 17.1 их наяд төгрөгийг татварын, 9.8 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцсон байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зэс, нүүрснээс 2023 оны төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын 3-аас дээш хувийг бүрдүүлэх тул эдгээр бүтээгдэхүүн “гол нэр төрлийн эрдэс баялаг”-т тооцогдоно. Иймд мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу тооцсон зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 2023 онд тонн тутамд 8,386.7, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 110.8 ам.доллар байна. Ирэх онд зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8,400.0 ам.долларт хэлбэлзэнэ гэжээ. Улмаар ирэх онд зэсийн орлогоос 3.2 тэрбум, нүүрсний орлогоос 129.5 тэрбум, нийт 132.7 тэрбум төгрөгийн орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх тооцоо бий.
Түүнчлэн, экспортыг нэмэхэд анхаарч, голлох боомтын дэд бүтцийг дуусган, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг хийнэ. Ингэснээр 2023 онд нүүрсний экспорт нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрэх юм. Оюутолгойн ордын далд уурхайн олборлолт ирэх оны хагас жилээс эхлүүлснээр зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.4 сая тоннд хүрэхээр төлөвлөөд байна. Зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 8,400.0 ам.доллар байхаар тооцжээ.
Уул уурхайн салбарын орлого 2023 онд 4,909.5 тэрбум төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэж төсвийн төсөлд тусгажээ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны орлогоор 2,515.1 тэрбум, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоор 1,024.9 тэрбум, төрийн болон төрийн өмчит оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашгийн орлогоор 566 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх аж.
Сэтгэгдэл
зочин [202.131.229.246] 2022-10-05 02:45:38
Төмрийн хүдрээ түүхийгээр нь гаргахаа болимоор юм