Австрали 2025 он гэхэд саран дээр ургамал ургуулахыг зорьж байна
Австралийн эрдэмтэд өнөөдөр танилцуулсан шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд 2025 он гэхэд саран дээр ургамал ургуулахыг зорьж байгаа тухайгаа мэдэгджээ. Квинслендийн технологийн их сургуулийн биологич Бретт Уиллиамсын мэдээлснээр, тарих үрнүүдийг Израилын “Beresheet-2” сансрын хөлгөөр тээвэрлэх ажээ. Тийнхүү үрнүүдийг битүүмжилсэн орчинд усалж, ургалт өсөлтийг нь ажиглана.
Ургамлуудыг эрс тэс уур амьсгалд дасан зохицох, хурдан соёолох чадвар зэргийг нь харгалзан сонгоно гэж тэрбээр ярьжээ. Тухайлбал, унтаа байдалд усгүйгээр амьдрах чадвартай Австралийн нэгэн зүйл ургамал сонгогдож магадгүй байна.
“Энэхүү төсөл нь саран дээр хүн төрөлхтөн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд амин чухал ач холбогдолтой хүнс, эм, хүчилтөрөгч үйлдвэрлэх ургамлуудыг тарих зорилгын хүрээн дэх эхний алхам юм” гэж судлаачид мэдэгдэлдээ дурджээ. Австралийн үндэсний их сургуулийн профессор Кейтлин Биртийн хэлснээр, энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хүнсний аюулгүй байдалд тулгарах асуудлуудыг зохицуулахад ч мөн чухал ач холбогдолтой байна. “Хэрэв саран дээр ургамал ургуулах системийг бий болгож чадвал дэлхийн хамгийн хүнд хэцүү орчин нөхцөлд ч хүнсийг тарьж ургуулах системийг бүтээх боломжтой болно” гэж тэрбээр тайлбарлажээ. Австрали, Израилын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй энэхүү төслийг “Lunaria One” байгууллага явуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл