Япон хоёр жилийн дараа жуулчид хүлээн авч эхэллээ
Цар тахлын хязгаарлалтанд хоёр жил гаруй хугацааг өнгөрүүлсний дараа Япон улс энэ долоо хоногоос жуулчдыг хүлээн авч эхлэхээр болжээ.
Ийн аялал жуулчлалын салбар нь дахин сэргэж, эдийн засгийн салбарт эерэг үр дүн гарна хэмээн ажиглагчид таамаглаж байна. COVID-19-ийн халдварын тархалт буурсантай холбоотойгоор хилийн хатуу хоригоо цуцалсан Япон олон улсын визгүй зорчих эрхийг өнөөдрөөс эхлэн сэргээж байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида аялал жуулчлалын салбараасаа 34.5 тэрбум ам.доллар татахаар зорьж байгаагаа Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр зарласан. Гэхдээ зочид буудлын ажилчдын 22 хувь нь цомхотголд өртсөн үед түүний энэ зорилтыг биелэх магадлал бага гэж шүүмжлэгчид мэдэгдэв. Энэ талаар Номура судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Такахиде Киучи “Жуулчдын орлого ирэх онд 2.1 их наяд иенд хүрэх тооцоолол гарсан. Ингэхдээ 2025 он хүртэл жуулчдаас татах орлого цар тахлын өмнөх үед хүрэхгүй” гэж ярьжээ.
Хилээ нээсэн ч иргэдээ маск зүүж, олон нийтийн газраас хол байхыг уриалсан хэвээр байна. Үүнээс гадна зочид буудлаар үйлчлүүлэгч цар тахлын хязгаарлалтыг дагахгүй бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно гэсэн шинэ зохицуулалтыг Япон улсын Засгийн газар баасан гарагт батлаад байна.
Сэтгэгдэл