Б.Буджаргал: 48 цагийн турш гүйхдээ нэг л цаг унтсан

Aдмин / Спорт

Энэ удаагийн дугаарын зочноор АНУ-д амьдарч буй Монголын холын зайн гүйлт, олон өдрийн гүйлтийн спортын тамирчин, дэлхийн аварга Б.Буджаргалыг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд 48 цагийн гүйлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.

-Та хамгийн сүүлд 48 цагийн гүйлтийн тэмцээнд аваргаллаа. 48 цаг тасралтгүй гүйсэн гэж бодохоор чанга санагдаж байна шүү?

-Энэхүү тэмцээн нь Олон өдрийн гүйлтийн дэлхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээний нэг юм. Энэ холбоо нь гурван жилийн өмнө анх байгуулагдсан. Анхны Нью-Жерсид зохиосон ДАШТ-д түрүүлсэндээ баяртай байна. Харин дараа жил Англид, 2024 онд Австралид зохион байгуулах юм билээ. Би 2025 оны 48 цагийн гүйлтийн ДАШТ-ийг Монголд зохион байгуулаач гэсэн санал тавьсан. Холбооны зүгээс танай улс зохион байгуулалтаа сайн хийвэл болохгүй зүйл байхгүй гэсэн хариу өгсөн.

-Хүссэн хүн бүхэн олон цагаар гүйж чадахгүй. Та тэмцээний турш ямар арга барил, техник ашигласан бэ?

-Би анх удаа 48 цагийн гүйлтийн тэмцээнд оролцлоо. Үүнээс өмнө бүр олон цаг буюу 240 цагийн гүйлтийн тэмцээнд ч оролцож байсан туршлага бий. 240 цагт унтах, амрах цагаа зохицуулах бүрэн боломжтой. Энэ нь Улаанбаатараас Ховд орох зай гэсэн үг. Харин 48 цаг илүү ойрхон. Улаанбаатараас Дундговь аймаг орох зай юм уу даа. Би Улаанбаатараас Ховд хүртэл буюу 1300 км-ийн гүйлтэд мэргэшсэн гүйгч. Дэлхийн гүйгчид өөрсдийн гүйдэг төрөлдөө л амжилт үзүүлэх боломжтой байдаг. Тиймээс энэ зайнд гүйх туршлагагүй, би чадах болов уу гэсэн жаахан айдас байсан учир анх татгалзсан. Гэтэл яг тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө холбооны ерөнхийлөгч надад санал тавьсан.

Өөрөө санал тавьсан учир урилга өгч, надаас хураамж мөнгө ч аваагүй. Замын хувьд нэлээд өгсүүр, уруу ихтэй байлаа. Би өмнө нь байнга тэгш замаар гүйдэг байсан. Энэ замд гүйхэд хөл нэлээд хөндүүр болсон. Гараанаас гарахдаа л замын турш хурдан ч бай, удаан ч тасралтгүй гүйнэ гэсэн тактик баримталсан. 48 цагийн хугацаанд дунд нь нэг цаг л унтсан. Бусад цагт нь байнга гүйсээр барианд орлоо.

-Та энэ тэмцээний дараа 24 цагийн “Pawling trail running festival” бартаат замын тэмцээнд түрүүлсэн. Түрүүлээд зогсохгүй рекорд амжилтыг нь эвдсэн гэж сонссон. Энэ уралдаан бас таны төрөл биш?

-Энэ тухай нэг гүйгч найзаасаа сонсоод оролцохоор болсон. Өмнө нь 48 цагийн тэмцээнд түрүүлчихсэн байсан учир санаанд багтаад байсан л даа. Энэхүү тэмцээн нь гурван жил зохион байгуулагдсан юм билээ. Энэ хугацааны рекорд амжилт нь 150 км л байсан. Миний хувьд 200 км-т асуудалгүй гүйчихдэг учир өөртөө итгэсэн. Энэхүү тэмцээнд Нью-Йоркт амьдардаг н.Энхболд гээд залууг туслахаараа авч очсон.

Туслах маань цаг үргэлж хамт оролцож буй тамирчдын мэдээллийг цаг алдалгүй дамжуулж, миний гүйлтийн цаг минутыг хянаж байлаа. Магадгүй туслах байгаагүй бол энэ амжилтыг гаргахгүй байсан. Тухайн тэмцээнд оролцсон ганц Ази гүйгч нь би байсан. Ихэнх нь Америкийн тамирчид. Тэд намайг их гайхаж, “Гүйлтийн машин” гээд нэрлэчихсэн байсан шүү.

-Өөрийн биш төрөлд амжилт үзүүлж, дэлхийн аварга болсон гэхээр таниар үнэхээр бахархаж байна. Танд мэргэжлийн дасгалжуулагч, багш гэж бий юу?

-Би бор зүрхээрээ гэдэг шиг тэмцээн, уралдаанд оролцохдоо үргэлж өөрийгөө дасгалжуулж, ганцаараа оролцсоор ирсэн. Дэлхийн мундаг тамирчдын хувьд 1-3 дасгалжуулагчтай байдаг юм билээ. Эдгээр нь бүгд өөр өөрийн үүрэгтэй. Би нэг жишээ ярья. Нэг тэмцээнд Канадын гүйгчийг харж байсан юм. Тамирчнаа гүйж байхад дасгалжуулагчид нь замын хажууд гурван компьютер дэлгэчихсэн байсан. Дэлгэцэн дээр нь тухайн гүйгчийн хурд, зүрхний цохилт, биеийн ачаалал нь гарч байх жишээтэй. Үүнийг дасгалжуулагч нар нь хянаж, тохирсон зөвлөгөө өгнө. Надад бол биеийн байдлыг минь хянаж, зөвлөгөө өгөх хүн байдаггүй. Тиймээс өөрөө тэмцээний зардлаа олж, замын турш өөрийгөө л ажигладаг.

-Сэтгэлзүйн хувьд энэ байдал нь танд сөргөөр нөлөөлөх үе гарч байв уу. Ер нь ганцаараа, өөрийгөө дасгалжуулж байхдаа хэрхэн зоригждог вэ?

-Тэмцээнд оролцохоор шийдвэр гаргахдаа л өөрийгөө хурцалж эхэлдэг. Ер нь миний дотор би заавал түрүүлнэ, энэ уралдаанд ялна, рекорд тогтооно, би чадахгүй бол хэн чадах билээ гэсэн бодол мөнхөд асаалттай байдаг. Гүйгч нарын хувьд яг гүйж байхад халуун нар шарах хамгийн хэцүү. 48 цагийн гүйлтийн үеэр би малгайн дотроо мөс хийж гүйсэн. Мөн жаахан ядраад ирвэл чихэвчээрээ монгол дуугаа сонсдог. Тухайн дууны гол баатарт өөрийгөө орлуулж бодох, эх орон элгэн садан, нутаг усаа санах ч юм уу аль болох өөрийнхөө ядралтыг мартаж, сатаарах арга техник хэрэглэдэг дээ. Ер нь олон тэмцээнд оролцсон туршлагаас харахад тамирчин хүнд хөгжөөн дэмжигч их чухал юм билээ. Тухайн тамирчныг дэмжихээр ирсэн нэг хүний хэлсэн урмын үгэнд 1000 км-ыг ч туулах хүч агуулагдаж байдаг.

-Таны тэмцээнүүдийг монголчууд хэр үздэг вэ. Ер нь зорьж уулзаж, баяр хүргэж байсан дэмжигч бий юу?

-Их л ховорхон доо. Мэдээж хүний газар ажиллаж амьдарч байгаа хүмүүст цаг зав бага байдаг байх. Миний хувьд тэмцээнүүддээ ганцаараа очиж бүртгүүлээд, ганцаараа л оролцдог. Хааяа түрүүлээд барианд орохдоо өөрийн мэдэлгүй элэг нэгтнүүдээ байгаа болов уу гэж хайдаг шүү.

-Холын зай буюу таны гүйдэг олон өдрийн гүйлтийн спортод ямар орны тамирчид манлайлдаг юм бэ. Тэдний биднээс ялгарах давуу тал нь юу байна?

-Олон өдрийн гүйлтийн төрөлд ихэвчлэн Австрали, Грек, Итали, Франц, Америкийн тамирчид толгойлдог. Харин Азийн орнуудаас гүйгч нар байгаа ч амжилт гаргах нь ховор. Яг үнэнийг хэлэхэд энэ төрөлд Азиас хамгийн сайн гүйж, амжилт үзүүлж байгаа тамирчин нь би. Манай монголчуудын хувьд олон өдрийн гүйлтийн тэмцээний мэдээлэл муу, тэмцээн зохион байгуулахгүй байгаа учир хөгжихгүй, хүмүүс сонирхохгүй байна. Хэрэв нөхцөл нь бүрдээд, энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулдаг болчихвол монгол хүн дэлхийд түрүүлэх бүрэн боломжтой.

-Та анх энэ төрөлд 2017 онд аварга болсон бил үү. Энэ тэмцээн, таны тухай домог шиг яриа байдаг юм билээ?

-Би 2014 оноос хойш 20 гаруй тэмцээнд оролцож, 15 удаа аварга болжээ. Анх энэ спортод орохдоо л аварга болно гэсэн зорилго тавьсан. 2017 онд 10 өдөрт 1187 км-ийг туулж түрүүлж байлаа. Өмнө нь гурван тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулсан. Тэмцээний эхний шөнийн 00:00 цаг буюу тэмцээн эхэлснээс 12 цагийн дараа тэргүүлж эхэлсэн. Нэгдүгээр байрт явж байсан тамирчин гурван цаг унтсан. Харин би нэг цаг унтсанаар хоёр дахь өдрөөс 20 км-ээр тасарсан л даа. Гэвч гурав дахь өдрөөс ядарч, сульдаж, өвдөж эхэлсэн. Сүүлдээ өвчин намдаах эм ч үйлчлэхээ больчихдог юм билээ. Тиймээс хоёр дахь тамирчнаа дагая гэсэн тактик боловсруулсан. Тухайн үед үхсэн ч сэхсэн ч энэ тамирчныг л алдаж болохгүй гэж бодсон. Тэгэхэд би өөртөө “Би заавал аварга болно.

Миний хувьд хоёрдугаар байр гэж байхгүй. Чадахгүй бол энэ зам дээрээ үхчихье” гэж хэлсэн. Энэ тэмцээний тухай эргээд бодоход одоо ч миний яс янгинадаг. Гэхдээ цол дагаж бяр орно гэдэг шиг хичээж, зүтгэж аварга болсон минь дараа дараагийн тэмцээнд түрүүлэх их урмыг надад өгсөн.

-Энэ их тэсвэр тэвчээр монгол хүний генд байна уу. Үнэхээр уйгагүй хөдөлмөрийн үр шимдээ оршдог уу?

-Би говь нутагт өсөж төрсөн. Хүүхэд нас минь мал дээр өнгөрсөн. Мөн миний амжилтад Монголын түүх их нөлөөлсөн гэж боддог. Бид дэлхийг байлдан дагуулж явсан баатарлаг ард түмний удам. Тиймээс би ч хүчирхэг байх ёстой гэж боддог. АНУ-ын их сургуулийн профессор надад “Чи аварга болно. Чиний судсаар Чингис хааны цус гүйж байгаа шүү дээ. Энэ дэлхийн хамгийн баатарлаг эр хүн бол Чингис хаан. Харин манай Америкууд чадахгүй” гэж хэлж, урам өгч байсан юм. Одоо ч би энэ үгийг нь үргэлж санаж, өөрийгөө хурцалдаг.

-Та хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирэв. Одоогоор АНУ-ын аль мужид хэрхэн амьдарч байна?

-Би сүүлд 2019 онд эх орондоо очсон. Арванхоёрдугаар сард нь эх орноосоо гарч, Хятадад зургаан өдрийн тэмцээнд оролцож аварга болсон. Тэндээсээ Тайландад ковидын хорионд орж, жил гаруй боллоо. Харин 2020 оны арваннэгдүгээр сард АНУ-д ирсэн. Энэ үеэс 10 гаруй тэмцээнд оролцож бүгдэд нь түрүүлсэн амжилт үзүүлээд байна. Яг өнөөдөр бол АНУ-ын Нью-Иорк хотоос тантай холбогдож байна. Одоогоор тэмцээнээс тэмцээний хооронд машинаар хүрч, машиндаа амьдраад л явж байна. Энэ машиныг 2021 онд Сиатл хотод амьдардаг н.Соёл-Эрдэнэ гэдэг залуу надад бэлэглэсэн юм. Тэр үеэс хойш АНУ-ыг тойрч, тэмцээнд оролцож байна.

-АНУ бол зардал өндөртэй. Ганцхан гүйгчийн орлогоор хангалуун амьдрахад хэцүү байх. Хэрэгцээгээ хэрхэн зохицуулж байна?

-Мэдээж өртөг өндөртэй орон. Гэхдээ машиндаа амьдарч байгаа учир байрны зардал өгдөггүй. Машиныхаа буянаар АНУ-ын олон мужаар явж, монгол хүний нэр хүндийг өргөж, 10 гаруй тэмцээнд түрүүллээ. Миний машин монголоор бол микроавтобус шиг. Арын суудлуудыг нь аваад ор тавьчихсан. Би ихэвчлэн жимс ногоо иддэг. Гэхдээ үүнийгээ ч мөнгөөр авдаггүй. Хоол хүнс өгдөг халамжийн төвүүд гэж бий. Надаас гарч буй зардал нь машины бензин, уралдахдаа өмсөх пүүз. Эдгээр хэрэгцээгээ хандив тусламжаар зохицуулж байна.

-Олон улсад гүйлтийн спортоор хамгийн амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг гаргаж яваа тамирчин гэвэл би таныг хэлнэ. Гэвч таны хөдөлмөрийг Монголын төр үнэлэхгүй байх шиг байна?

-Миний хувьд оролцсон тэмцээн бүртээ монгол хүний нэр төрийг өндөрт өргөөд явж байгаа. Тэглээ гээд эх орон, төр засгаас үнэлдэггүй нь үнэн. Аварга боллоо гээд мөнгөн тусламж битгий хэл баярын бичиг ч өгч байгаагүй. Гэхдээ төр заавал намайг үнэлэх ёстой гэж ялархдаггүй. Би өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгын төлөө энэ спортод хөл тавьсан. Үнэхээр намайг дэмжих хүн гарч ирвэл баярлана. Өнөөдөр миний үзүүлж буй амжилт өчүүхэн зүйл төдий. Надад үүнээс илүү амжилт гаргах боломж бүрэн байна.

-Та гүйлтийн спортод амьдралынхаа багагүй хугацааг зориуллаа. Их спортоос олж авсан хамгийн үнэт зүйл тань юу вэ?

-Би олон өдрийн гүйлтийн төрөлд амьдралынхаа 10 гаруй жилийг зориулжээ. Энэ хугацаанд энэ спортоор өвчилж, донтож, дурлаж ирсэн. Яг өөрийгөө бүрэн зориулж байж л спортод амжилт гаргадгийг биеэрээ мэдэрч явна. Харин энэ спортоос олж авсан хамгийн чухал зүйл бол өөрийгөө ялах мэдрэмж. Өөрийгөө ялсан хүн л хязгааргүй амар амгалан, аз жаргалыг олдог юм байна. Зөвхөн спорт ч бус жижиг, том ямарваа зүйлд өөрийгөө ялж сурах нь хүн бүхэнд чухал юм даа.

-Амжилт бүтээлийн цаана золиос заавал байдаг. Та энэ спортод амжилт гаргахын тулд юуг хамгийн ихээр золиосолсон гэж боддог вэ?

-Спортоос гадна хүн бүхний амьдралд гэр бүл гэж чухал зүйл бий. Миний хувьд гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй явна. Би чинь бадарчин шиг л амьдардаг. Гэхдээ үүнийг би золиос гэж боддоггүй. Би өөрөө л сонголтоо хийсэн. Тиймээс хэзээ ч харамсаж байсангүй.

-Ирээдүйд эх орондоо ирж суурьших бодол бий юу. Монголын гүйлтийн спортыг нэг алхам ахиулахад яг тань шиг ясны тамирчин хэрэгтэй гэж харлаа?

-Би ойрын жилүүдэд эх орондоо суурьших бодолгүй байна. Учир нь зорьсондоо хүрч оролцох ёстой тэмцээнүүдээ дуусгана. Олон өдрийн гүйлтийн тэмцээнүүд ихэвчлэн АНУ болон Европын орнуудад болдог. Энэ төрлийн тэмцээний ид нас нь 40. Миний хувьд өнгөрсөн сард 40 нас хүрлээ. Тиймээс тамирчны карьер дуусах болоогүй. 10 жилийн хугацаанд дэлхийн хаана ч очиж энэ төрлийн тэмцээнд уралдахад түрүүлэх боломж бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

иргэн [192.82.86.83] 2022-11-10 10:30:36

Ийм төрлийн спорт байдгийг одоо л уншиж мэдэж авлаа.Хүний дур сонирхол,тэвчээр ,зорилго гурав байвал ямар амжилтад хүрдгийг энэ залуу харуулж байна.Монголд: Дуртай дуугаа 5 жил дуулаад монгол улсын соёлын тэргүүний ажилтан.10 жил дуулаад Гавьяат жүжигчин, 20 жил дуулбал Ардын жүжигчин,түүнээс дээш жил дуулбал хөдөлмөрийн баатар, төрийн шагнал + тогтмол цалин+ орлого ++гэх мэт ямрав?? Аан?? Дуртайдаа дуулаад байгаа хүмүүст төрөөс социализмын үе шиг үүрэг даалгавраар одоо үед шахаж албадаж дуулуулаагүй биз дээ?

Зочин [64.119.25.138] 2022-10-13 02:26:57

Бичлэг НЬ БАЙНА уу

tusa [59.153.87.199] 2022-10-12 09:10:41

Өөрийн үзэл бодол, тавьсан зорилгодоо тууштай хандаж, эрсдэл бүхнийг даван туулж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа залуудаа амжилт хүсье. Өнөөгийн гавьяа шагнал аль хэдийн хоцрогдож, үеэ өнгөрөөсөн хэлбэр. Харин төрөөс санхүүгийн дэмжлэг энэ залууд үзүүлэх хэрэгтэй дээ. Бөх, морь, сур гурваас өөрийг мэдэхгүй зарим иргэдэд толгойгоо орчинтойгоо нийцүүлэн цэнэглэх цаг болсон. Алийн болгон хүй нэгдлийн сэтгэхүйгээр амьдрах вэ дээ.

Зочин [59.153.85.115] 2022-10-12 05:29:42

48 цаг гүйхэд 1 цаг унтвал шууд чадрахгүй юу?

Танил [202.21.114.139] 2022-10-12 04:16:28

Баяр хүргэе... Өмнө говь нутгын хүний бас нэг тэвчээр, зориг хатуужлыг харуулж яваад чинь баярллаа.

Зочин [139.5.219.54] 2022-10-12 03:21:19

ИЙМ Л ХҮНИЙГ МОНГОЛ ТӨР ДЭМЖМЭЭР ЮМ ДАА АМЬДРАЛД НЬ ТУС БОЛХООР ШАГНАЛ ӨГМӨӨР ЮМ ЭВЭЭН ТЭТГЭГЧ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Л.Цэндоо [124.158.69.233] 2022-10-12 02:39:36

Нутгийн мундаг дүүдээ томоос том амжилт хүсье. Төр засаг чиний амжилтыг үнэлэх цаг удахгүй ирнэ ээ.Чамаар үнэхээр их бахархдаг шүү ах нь

Зочин [202.21.126.30] 2022-10-12 02:36:42

Ямар мундаг хүн бэ? Ямар их тэвчээр, тэсвэр хатуужил вэ? Баяр хүргэе!

Иргэн [183.177.98.26] 2022-10-12 01:45:46

Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд таниулж мэдрүүлж яваа мундаг залууд баяр хүргэж улам өндөр амжилт хүсэн ерөөе. Таны гаргасан амжилт, хүч хөлсийг үнэлэн төр засгаас төрийн дээд одон, гавьяа шагнал олгох болтугай. Тэмцээнүүдээ амжилттай дуусгасны дараа эх орондоо ирж амьдран ирээдүйн олимп дэлхийн аваргуудыг бэлтгэх зорилгоор хүүхэд залуучуудыг сургаж дасгалжуулан ажиллана гэдэгт итгэж байна.

АЙМААР ЮМ БАЙНА. [202.179.27.223] 2022-10-12 01:13:04

ЯМАРР ЭЙМЭЭР СПОРТ ВЭ.СПОРТ МӨН ҮҮ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.