НҮБ: Украины дайн дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины дайн, түүнээс үүдэлтэй эдийн засгийн уналт нь Европын зүүн хэсэг, Төв Азид дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан өнөөдөр мэдээлжээ. “Хүүхдүүд Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямралын хамгийн хүнд ачааг үүрч байна. Зөрчил, инфляцын өсөлт нь Европын зүүн хэсэг, Төв Азид дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Хүүхдийн сан 22 орны судалгааны мэдээлэлд үндэслэн дүгнэлтээ гаргажээ. Москва хөрш орон руугаа энэ оны хоёрдугаар сард халдсанаас хойш орос, украин хүүхдүүд үр дагаварт нь хамгийн их нэрвэгдэж байгаа юм.

“Украины дайн, амьжиргааны өртгийн хямралын улмаас ядуу амьдрахаас өөр аргагүйд хүрч буй хүүхдүүдийн гуравны нэг орчим нь Орост ногдож байгаа бөгөөд 2.8 сая хүүхэд ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай өрхөд амьдарч байгааг” Хүүхдийн сан тогтоожээ. Харин Украинд хагас сая хүүхэд, Румынд 110 мянган хүүхэд ийм нөхцөлд амьдрахаас өөр аргагүй болж байна. “Энэ бүс нутаг даяарх хүүхдүүд дайны үр дагаврыг амсаж байна.

Хэрэв бид эдгээр хүүхдүүд болон өрхийг яг одоо дэмжихгүй бол хүүхдүүдийн ядуурал зонхилохоос үүдэн сурч боловсрох боломжоос эхлээд амь нас, ирээдүйгээ алдахад хүрч болзошгүй” гэж Хүүхдийн сангийн Европ, Төв Азийн асуудал эрхэлсэн дарга Афшан Хан ярьжээ.

Гэр бүл ядуурах тусам хүнс, түлшиндээ зарцуулах орлогын хувь нэмэгдэж, улмаар хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд зориулагдах хувь багасдаг гэж тус байгууллага тайлбарлажээ. Мөн тэдний хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэл нэмэгддэг гэдгийг анхааруулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.