Украин, Орос эмэгтэй хоригдлуудаа солилцжээ
Украин, Оросын талууд даваа гарагт нийт 218 хоригдол солилцжээ. Украины эрх баригчдын мэдээлснээр, Киев анхны “дан эмэгтэйчүүдээс бүрдсэн” солилцоогоор 108 хоригдлыг солилцсон байна. “Тэдгээр эмэгтэйн 37 нь Оросын цэргүүд тавдугаар сард Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийг хяналтдаа авсны дараа олзлогдсон байсан” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээлжээ. “Өнөөдөр дахин олон тооны хоригдлыг солилцлоо. Бид 108 эмэгтэйг чөлөөллөө. Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн анхны солилцоо энэ боллоо” гэж А.Ермак “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оройн цагаар дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ, солилцсон хоригдлуудын 96 нь эмэгтэй цэргийн алба хаагч, 12 нь энгийн иргэн байсан гэдгийг онцолжээ. Тэрбээр мөн энэ ажиллагааг амжилттай явуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлээд, илүү олон Орос цэрэг олзлохыг цэргүүддээ уриалсан байна.
“Оросын олзлогдсон цэргүүд олон байх тусам бид илүү олон баатруудаа чөлөөлөх боломжтой болно. Украины цэрэг бүр, фронтын командлагч бүр үүнийг санаж явах хэрэгтэй” гэж В.Зеленский мэдэгджээ. Донецкийн засаг захиргааны тэргүүн Денис Пушилин даваа гаргийн өглөө мөн “эмэгтэйчүүдээс голчлон бүрдсэн” хоригдлуудыг солилцоно гэдгийг мэдэгдээд байжээ. Тэрбээр “Telegram” хуудсандаа, “өнөөдөр 110-110 харьцаа бүхий солилцоо хийнэ” хэмээн бичжээ. Украины Зэвсэгт хүчний Нэгдсэн шуурхай штабын дарга, дэслэгч генерал Сергей Наевын мэдээлснээр, Украин ойролцоогоор 40 мянган эмэгтэй цэргийн алба хаагчтай бөгөөд тэдгээрийн 5000 гаруй нь тэргүүн шугамд тулалдаж байгаа аж.
Сэтгэгдэл
Мөнхжаргал [192.82.77.178] 2022-10-18 13:12:55
Хоригдол гэдэггүй олзлогдогсод гэдэг юм