ДЭЛХИЙН УЛС ТӨР: ХКН-ын XX их хурал дэлхий дахины анхаарлын төвд

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадын Коммунист намын /ХКН/ XX их хурал бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд “эрин үеийн шинжтэй түүхэн үйл явдлын” өрнөлийн талаарх таамаг дүгнэлтүүдээ олон орны шинжээч, эдийн засагчид дэвшүүлсээр байна. Их хурлаар дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох БНХАУ-ын цаашдын хөгжлийн төлөв ойрын 5-10 жилийн хугацаанд ямар байх вэ гэдгийг тодорхойлох учраас дэлхий дахины анхаарлыг татах нь зүйн хэрэг.

Тус их хуралд Хятад улсын өнцөг булан бүрээс намын бүх шатны үүр, хороодын 96 сая гаруй гишүүдийг төлөөлсөн 2300 орчим хүн оролцох ба намын удирдах бүрэлдэхүүнийг сонгох эцсийн шийдвэрийг Сахилга батыг хянан шалгах Төв комисс, 204 гишүүнтэй намын Төв Хороо, 25 гишүүнтэй Улс төрийн товчоо гаргана.

Их хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө, 7-ний өдөр ХКН-ын Сахилга батыг хянан шалгах комиссын 7 дугаар бүгд хурал, 9-ний өдөр ХКН-ын Төв Хорооны 7 дугаар бүгд хурал тус тус болж, Төв Хорооны 370 орчим гишүүн их хуралд тавих намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпиний илтгэлийн төсөл ба намын дүрэмд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэж, авлигын эсрэг тэмцлийг удирдан зохион байгуулсан намын Сахилга батын комиссын тайланг сонссон байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар, Ши Жинпинь дараагийн 5 жилийн хугацаанд гуравдахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах нь үндсэндээ тодорхой болсон бөгөөд намын удирдлагын шинэ багаа бүрдүүлэх ёстой. Харин Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян-ы хувь заяа хэрхэн шийдэгдэх нь ажиглагчдын сонирхлыг татаж байгаа бөгөөд түүнд шинэ албан тушаал санал болгож магадгүй гэсэн яриа тархжээ. Тэрбээр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо буюу улс төрийн хамгийн дээд түвшинд чухал шийдвэрүүдийг гаргадаг 7 хүний нэг юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.