ТЭНГЭРТ ТЭМҮҮЛСЭН НЬЮ-ЙОРК
Нью-Йоркт нар эртээ манджээ. Эртлэн босч эргэн тойрныхоо сонин хачныг ажиглан зогсох нь ээ америкчууд нэг алхаад л тааралдах жижигхэн хоолны газраар ороод гарахдаа манайхны хэмжүүрээр бол хоёр аяга цай уухын дайны хэмжээтэй цаасан аягатай кофе мөн цаасан ууттай түргэн хоол авч гараад ажилдаа явах замдаа өглөөний цайгаа амжуулах аж. Тэдний өглөөний унд эрүүл хоолыг шүтэгчдэд бол хор л гэсэн үг. Өдөр тийшээ өнөөдүүл дахиад л кофе эсвэл кола, аймшигтай том гамбургер, шарсан төмс, сэндвич иднэ. Оройн хоол мөн л нүсэр их. Хоолны газар суугаад хоол захиалахад порц нь дэндүү их, нэг өдөрт бидний долоо хоногийн хоолыг нэг америк хүн идчихдэг бололтой. Аян замд дөрөө нийлсэн хэд маань хамтдаа үдийн хоол идэхээр болж ширээн дээр хүн тус бүрийн өмнө тавагтай биш тогоотой юм шиг их хоол тавихад дуу алдав. Бид гуравны нэгийг нь ч баралгүй толгой сэгсэрч байгаад үлдээгээд гарч одсон. Энэ их идэлт тэднийхний эрүүл мэндийг ёстой алж байгаа байх даа гэж бодогдсон. Бас гамбургер шигээ хэлбэртэй болтлоо таргалсан хүмүүс хажуугаар зөрөх нь дэндүү олон.
Таргалалт ДОХ-оос илүү аюулын харанга дэлдэж байгаа гээд байсан нь яах аргагүй үнэн юм байна. Гэхдээ баячууд нь бол харьцангуй гоолиг юм билээ. Эндхийн хүний хэлснээр Нью-Йоркт ямар нэг талаараа энгийн биш хүмүүс байдаг гэсэн нь жаахан дэгсдүүлсэн үг ч ортой аж. Нэг бол хамгийн шилдэг нь эсвэл хамгий хүнд гарууд энд байдаг нь олон зүйлээс ажиглагдаж байсан. Хамгийн баячууд нь, хамгийн лидерүүд нь, бас хамгийн зүггүйчүүд энэ хотод зэрэгцэн байх аж.
Хүнээс бол яаж ийж байгаад мөнгө салгах аргаа олсон улс. Тиф буюу үйлчилгээний хөлс авахгүй байна гэж байхгүй. Бродвейн гудманд явж байтал хамт явсан нөхрөөс минь нэг хар арьст залуу СD авахыг шалаад салдаггүй. "Үгүй" гэж толгой сэгсрээд цааш явтал хойноос нь ирж "Май, би үүнийг чамд бэлэглэчихье" гэлээ. Бэлгэнд дургүй хэн байх вэ дээ. Өнөө бэлгийг нь аваад цааш эргэтэл хариу бэлэг нэхээд салахгүй зовоов. Үгүй бол дөрвөн доллар өг гээд бүр салах янз алга. "Чадахгүй. Үүнийгээ буцаагаад ав" гэхээр "Чи нэгэнт авчихсан" гээд зүтгээд байхыг нь яана. Нөгөө нөхөр маань энэ балай юмыг яах вэ" гээд толгой сэгсэрч байгаад арай ядан буцааж өгөөд нэг юм салсан даа. Бродвейд шөнө дунд хүртэл хүний хөл тасрахгүй.
Бродвей хэмээх алдарт урт гудамжинд худалдаа арилжаа, шоу үзүүлбэр, реклам сурталчилгаа, бүр кино зураг авалт тасрахгүй. Хэдхэн хонохдоо хоёр ч удаа кино зураг авч байхтай таарсан.
Гэнэт гудманд байсан хүмүүсийг хоёр тийшээ ярагдаж замын хажуугийн хашлага руу шахаж эхэлтэл сониучирхвал кино зураг авахаар болж байна гэнэ. Зураг авалтын талбайд хээнцэр хувцастай хэдэн хүн сандал дээр сууж буй нь найруулагч, продюссерууд нь аж. Энд байсхийгээд л ийм үйл явдал болдог болохоор хүмүүс нэг их гайхахгүй юм. Киноны гол дүрүүд бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр Бродвейн гудамжны голд тэврэлдэн зогсож юм ярих бөгөөд хажуугаар нь туслах дүр болох нийтийн хэсэгт тоглогчид гудамжаар нааш цааш алхах аж. Бидний ойролцоо цагаан цувтай нэг бүсгүй хэдэн ч удаа нааш цааш явав. Болохгүй байна гэхээр дахиад л зураг авалт эхлэх аж. Тэрхэн агшныг тийм олон удаа авч байгаа юм чинь хэцүү үзүүлбэртэй хэсгийг нь яадаг бол гэж бодож зогслоо.
Баар цэнгээний газарт хүн дүүрэн байх аж. Хаа очиж тамхи татахгүй нь сайхан. Тэгээд ч Нью-Йоркт нэг хайрцаг тамхи 13 ам.доллар. "Ямар үнэтэй юм бэ" гэвэл "Энэ чинь Нью-Йорк шүү дээ. Хажуухан өөр хотод 4 ам.доллар тавин цент" гэнэ. Бааранд харин хүмүүсийн ярих чимээ нь аймшигтай. Өдөржин хуримтлуулж байгаад орой нэг дураараа хашгирч авдаг юм шиг билээ. Торхон дотор баахан зөгий хийчихсэн мэт аймшигтай дүнгэнэх чимээг сонсоод хөгжлөөс үүдэлтэй хамаг стрессээ ингэж л тайлдаг юм байлгүй дээ гэж бодлоо.
Тэнд амьдардаг хүмүүс "Ногоон авгайтай уулзсан уу" гэж асуух юм. Эрх чөлөөний хөшөөндөө ийм хоч өгчихөж. Америкийн бэлгэ тэмдэг болсон эрх чөлөөний хөшөөгөө ингэж нэрлэчихээд шоглож суугаа тэд далбаагаа дотуур хувцсандаа хүртэл мөнхлөөд дэлгүүрт зарж байх юм. Манайхан төрийн далбаагаараа турсикээ гоёвол "нүгэл" болно биз дээ. Гэхдээ хууль цаазанд тэр олон хүн нэг зэрэг захирагдаад овлигогүй нэг нь хүртэл зөвшөөрөөгүй газар машин тавина гэж байхгүй. Мэдээж цагдаатай тохирох ойлголт байхгүй болохоор камераар команд авсан нөхөр ирээд л торгуулийн хуудсыг урд шилэн дээр нь наачихна.
Цаана нь бүртгэгдчих болохоор 150 ам.доллар зүгээр нэг цацахыг хэн хүсэх вэ дээ. Тэгээд ч өгөхгүй бол сарын дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд л аргагүйн эрхэнд дүрэмд захирагдах нь тэр. Эндээс эрх чөлөө гэдэг хамаагүй дураараа байхын нэр биш гэдэг нь тодорхой. Дэлхийн хамгийн түгжрэл ихтэй энэ хотод явган хүн ч замын түгжээнд ормоор.
Такси барих гээд хамт явсан бүсгүйтэйгээ зогсож байтал уриалгахан зантай эрхэм гараа даллан дохилоо. Дугуйныхаа ард сүйх тэрэгнийх шиг суудал зассан нь хоёр хүн зэрэгцээд элбэг суучихаар. Найрсагхан дохилзоод байхаар нь "Бензингүй юм чинь арай хямд" гээд суучихлаа. Замд бас элдвийг хөөрөн хаанаас ирснийг нь асуутал турк хүн гэнэ. Туркийн тухай мэддэг бүхнээ бурж жигтэйхэн инээд хөөр болсоор буудлынхаа үүдэнд буутал таксигаар үйлчилгээний хөлсөө өгөөд зургаан ам.доллар болдог газар 48 ам.доллар нэхдэг байгаа. Бүр хүний тоогоор шүү. Биднийг ирэхийг харсан нэг нөхөр маань "Оросууд Италид" кино шиг та хоёр ч хөглөж байх шив" гэж ирээд л инээдээ барьж ядлаа. Одоо яая гэхэв. Инээд алдаад суусан юм чинь дуртай дургүй төлсөн л дөө.
Нью-Йорк тэнгэрт тэмүүлсэн хот. Дэндүү өндөр байшингийнх нь оройг харах гэвэл арагшаа савж унах биз. Өргөөшөө биш өндрөөшөө л тэлж байгаа юм байна гэж бодогдов. Дуу чимээ гэж нөхцөлгүй.
Манайд намрын аяс орж навчис шарлаад унаж байхад тэнд 40 хэмийн халуунтай углааш сандаалтайгаа л жирийлгээд байна лээ. Дэлхийн хамгийн өндөр барилга болох ихэр хоёр цамхгийг террористууд дэлбэлчихсэний ормон дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байх юм билээ. Жижигхэн хэрэмнүүд хүмүүс найзалчихсан хээвнэг гүйлдээд л. Дэлхий нийтээрээ ногоон байгууламжид хүндэтгэлтэй ханддагийн нэг жишээ бол нэг томоохон барилгыг барихад удаан жил ургаж ирсэн хэдэн модны асуудал сөхөгдөж. Анх барилга барихдаа тэр хэдэн модыг тооцолгүй зураг төслөө гаргасан байж. Тэгээд нөгөө моддыг хэвээр нь үлдээхийн тулд зураг төслийг өөрчилж бүр нар тусахад дөхөмтэйгээр барилгаа барьсан байгаа юм.
Харин манайхан шиг төр засаг нь хүртэл хотынхоо чимэг болсон цэцэрлэгт хүрээлэнг нурааж байгаад төрийн ордноо барих тухай яривал энд юу болох бол гэж бодогдсон шүү. Бас Ж.Сорос манай улсын Ерөнхий сайдтай албаны уулзалт хийхээсээ өмнө америкчуудын бахархал болсон цэцэрлэгт хүрээнг ажлынхаа өрөөний цонхоор зааж байгаад гайхуулан ярьж байсан шүү.
Дэлхийн бүх улс орны цуглуулга гэлтэй зүсэн зүйлийн үндэстэн ястан энд байна. Завсар зайгүй бөөрөөрөө наалдан боссон барилгууд дотор давчдуулна. Хаа очиж гудамжийг нь хайж сүйд болохгүй дугаараар нь олохоор эмх замбараатай. Хаа нэг жижиг лааз гартаа барьсан гуйлгачин мөнгө гуйгаад зогсох юм. Ер нь дэлхийн хаана ч иймэрхүү нөхдүүдтэй тааралдаад байх юм.
Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг үг шиг монгол хүний толгой дээр нар жаргахаа өнгөрсөн бололтой. Хаа сайгүй л монголчуудтай таарах юм билээ. Хүүхнүүд болсон хойно яаж зүгээр байхав. Их ажлын хажуугаар зав гаргаад хэдэн дэлгүүр ороод амжив. Хажууд монгол хүмүүсийн ярихыг сонсвол нутаг нэгтэн болох хоёр охин бас дэлгүүр хэсч таарав. Тэнд сурдаг оюутнууд бололтой. Бас бидний буусан буудалд таван монгол хүн ажилладаг гэж бодохоор бид чинь дэлхийгээр нэг болжээ. Хуучин цагийг бодвол заавал Чингэсийн нэрийг урдаа барилгүй Монгол гэж хэлэхээр хэр баргийн хүн мэддэг болчихож. Нийслэл хотыг минь хүртэл торолгүй хэлж байгааг бодоход Монгол гэдэг нэр ертөнцийн хаа сайгүй дуурсагджээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.9.46.180] 2022-11-30 05:57:35
Ардчилал эрх чөлөө бол бүдүүлэг харанхуй монголчуудын толгойд хэтэрхий дураараа байхыг эрх чөлөө гэж ойлгодог.
Gadaadad baigaa Mongolchyyd aa gej neg ychir ni oldohgyi nehedyyd baigaa syy?.... [148.60.92.227] 2022-11-17 18:15:44
Delhiigeer tarhchihsan Mongolchyydiinhaa tyhaid daraagiin yed bichehiig hicheegeerei dee!!ted chini bas l zoboh ni zobj jaahan gaigyi amidrah ni argaa olj baigaa bailgyi dee!!Mongol hyn Mongoloos garaad yabahaaraa hynee baidag yum bis!tegeed ch yamar olon zyyn jiliig ardaa orhison bis dee!!!erdee l sain daa idebhtei garsan ni arban gyrban jil biz ee!!!
Зочин [91.20.62.42] 2022-11-14 06:15:45
Тун давгүй бичсэн байна шүү. Сайнтай, муутай нь.
Төөрөгдсөн аялагчид, дөрвөгсөдөд, тэнүүлчид. [192.82.78.92] 2022-11-11 03:21:27
Ер нь ядуу монголчуудад баян НьюЙоркийггайхуулах хэрэггүй ш дээ. Тэнд очиод ядуу негр, латиносуудын хажуугаар ядуучуудын зовлонг хуваалцаж татаж яв гэж байгаа юм уу? Эсхүл "Та нар муусайн ядуучууд над шиг НьюЙорк очиж чадахгүй ш дээ" гэж Та гайхуулж байгаа юм уу? 48 доллар дээр гонсойж байхыг бодвол та ч гэсэн ядуугийн зэрэгт хамаарах юм байна. Иймд бусдыг хойноосоо турхирахаасаа болгоомжил. НьюЙорк ч гоё шүү, гэхдээ түүний гэрэл нь аль 1960-70 оноос хойш хүмүүсийг их төөрөгдүүдэг шүү.
Ядуу хүний зовлон гэж. [59.153.114.210] 2022-12-02 10:18:35
Саран дээр очиход ч сайхан шүү! Их хачин шүү.Өдөр, шөнө болохгүй, эсхүл гэгээтэй байгаад л байна, эсхүл хав харанхүй болчихоод удна. Жингүүдээд л. Даан ч скафандар дотор хоол идэх боломжгүй. Шээе гэхээр сав байхгүй. Их сонин шүү. Тэгээд л муу спутникрүүгээ буцах болно. Гэхдээ америкууд намайг оруулах болов уу? Туршилтын туулай болчихсон юм биш биз??? Кх!
Зочин [202.179.31.242] 2022-11-17 01:58:50
Хүмүүс явсан газрынхаа сонин хачин, дурсамжаа хуваалцаж бхад гайхуулсан энэ тэр гэж бичдэг Ухаан нь ухна болцон дурак вэ
Зочин [148.60.92.227] 2022-10-26 14:05:09
ene meteer ta nar mini bicheed bai?auyltgyi yzsen harsnaa oi toind ortol heerhen yogt mayag oruulan temdeglesen baina,alsdaa zohiolch boloh sodon dyr todrono.....bagaas eheldeg yum s de!!!!
Зочин [192.82.81.21] 2022-10-24 05:52:49
тиф биш тип гээч ээ, комфьютер гэдэггүй биз дээ