Др Хартманн: Лазер өвчилсөн судсыг түлж эмчилдэг шинэ шилдэг технологи

Aдмин / Эрүүл мэнд

ХБНГУ-ын Бонн хотод төвтэй “SES”/АМҮ (ахмад мэргэжилтний үйлчилгээ)/ байгууллага хөгжиж буй орнуудын төрөл бүрийн салбарт янз бүрийн заавар зөвлөгөө өгч байна. Тус байгууллагаас ямар нэг хэлбэрийн зөвлөгөө авахын тулд төлөөлөгчийнх нь газарт хандах ёстой аж. Монгол Улсад байдаг уг байгууллагын төлөөлөгчийн газарт “Ивэн” эмнэлэг венийн судасны өвчнийг эмчлэх арга, аргачлалын талаар зөвлөгөө авах хүсэлт гаргажээ. Тус эмнэлгийн хүсэлтийн дагуу “SES” байгууллагын мэргэжилтэн, Фрайбург хотын Венийн Флебологийн төвийн флебологч Др Хартманн иржээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та одоогийн байдлаар хэдэн улсад ийм төрлийн эмчилгээний арга, аргачлалын зөвлөгөө өгсөн бэ?

-Би тийм олон улсад ажиллаагүй. Монголд ирээд “Ивэн” эмнэлгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хэд хэдэн хүнд хамтарч лазер эмчилгээ хийлээ. Эх орондоо бол энэ төрлийн мэргэжлийн эмч нарт сургалт явуулах, багшлах ажлыг хийж байгаа.

-Та венийн судасны төвийнхөө гадаад хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж хэлэхгүй юу?

-Европын орнууд тэр дундаа Франц, Швед зэрэг орнуудын ижил төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай. Германд судас судлалын мэргэжлийн холбоо байдаг. Мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд манай төв идэвхтэй оролцдог. Түүгээр гадаад харилцаагаа явуулдаг гэж ойлгож болно.

-Та өөрийнхөө венийн судасны төвийн онцлогийн талаар сонирхуулбал?

-Манай төв бол венийн судасны өвчний бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээг өвчтөнд үзүүлдэг. Бүсийн эмчилгээ оношилгооны төв байгаа юм. Одоо манай хүү энэ төвийг удирдаж байна.

-Вений судасны өвчний онцлогийг хэлэхгүй юу?

-Хөл хавдана, шарх үүснэ, зовуурь ихтэй өвчин байгаа юм. Гэхдээ оношилж эмчлэх боломжтой өвчин. Эмчилгээний үр дүн одоо бол сайн байгаа. Ер нь бол удамшлын өвчин гэж үздэг.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад “Ивэн” эмнэлгийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрсэн байна. Хүрсэн түвшнээ хадгалах, цаашаа өргөжүүлэхэд одоо юу хийх хэрэгтэй байгаа бол?

-Би “Ивэн” эмнэлэгт 3 удаа иржээ. Эхний удаа хоёр долоо хоногийн хугацаагаар ирсэн. Хоёр дахь удаагаа бол гурван долоо хоногоор ирсэн юм. Одоо бол хоёр долоо хоногийн хугацаагаар ирээд байна. Анх намайг ирэхэд “Ивэн” эмнэлэг венийн судасны өвчтэй хүнд үзлэг, эмчилгээ хийж байсан. Ирэх болгонд энэ эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний төрөл нэмэгдсэн байдаг. Германд ийм төрлийн өвчтөнд үзүүлдэг тодорхой төрлийн эмчилгээ үйлчилгээг Монголдоо, монголчууддаа үзүүлж байгаа хамт олон. Европын эмнэлгийн түвшинд хүрэх зам руугаа орж байна гэж хэлж болно.

-Энэ эмнэлгийн эмч Энхээ /Бадарчийн/ танай төвд сургалтад хамрагдаж энэ чиглэлээр нарийн мэргэшжээ. Нарийн мэргэжлийн ийм эмч болохын тулд ямар үе шаттай сургалт, дадлагад хамрагдсан байх ёстой байдаг юм бэ?

-Манай төвд Энхээ эмч очиж сургалтад хамрагдаж дадлага хийсэн. Ийм төрлийн эмчилгээний арга, аргачлалтай танилцсан. Түүний үр дүнд одоо хатаах тариа, лазер хийж байна. Вений судасны өвчний оношилгоо бол маш чухал. Зөв оновчтой оношилж байж эмчилгээ үр дүнтэй болно. Лазер бол вений судасны өвчнийг халуун уураар түлж эмчилдэг хамгийн сүүлийн шинэ шилдэг технологи.

-Монгол эмч нарын дунд венийн судасны өвчнийг эмчлэх арга, аргачлалын талаар сургалт зохион байгуулах боломж танай байгууллага, таны хувьд байх болов уу? Ийм өвчний нарийн мэргэжлийн олон эмчтэй болох үүднээс асууж байгаа юм?

-Монгол эмч нар хэрвээ хүсэж байвал ахмад мэргэжилтний хувьд зохион байгуулах бүрэн боломжтой. Миний хамрагддаг “SES” / АМҮ/ байгууллага Монголд төлөөлөгчийн газартай. Түүгээр дамжуулаад ийм сургалт зохион байгуулах боломж бүрэн байгаа гэж хэлэх байна.

-Одоо лазераар энэ өвчнийг эмчилж байна. Үр дүнтэй ийм төрлийн эмчилгээ гарахаас өмнө венийн судасны өвчнийг ямар арга, аргачлалаар эмчилж байсан юм бэ, Германд?

-Цаг хугацааны асуудал байна. Венийн судасны өвчилсөн хэсгийг сугалах, түүх, уян боолт хийх, дараа нь даралтат оймс гэх мэт олон янзын эмчилгээний арга, аргачлалаар эмчилдэг байсан. Хатаах тарианы хувьд 1950- иад оноос эхэлсэн гэж үздэг. Судсыг дотор нь бөглөх эмчилгээ 1990-ээд оноос эхэлсэн. Эдгээр уламжлалт эмчилгээний арга, аргачлал одоо ч эрчимтэй хэрэглэгдэж байна.

-Лазер эмчилгээний талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Лазер бол судсыг халуун уураар түлж эмчилдэг. Хөлийн венийн өвчилсөн судасны байршил шулуун байхаас гадна муруй, тойрог янз бүрийн хэлбэртэй байдаг. Ийм нөхцөлд лазерын хошууг хааш нь яаж чиглүүлэх вэ гэдгийг судасны өнгөт ЭХО аппаратаар ЭХО-ны эмч нь зааварчилгаа өгнө. Бүх төрлийн өвчилсөн венийн судас эмчлэхэд лазер эмчилгээ нь өндөр үр дүнтэй гэдгийг дээр хэлсэн дээ. Венийн судасний эмчилгээний арга технологийг Ивэн эмнэлэг манайхаас авч эх орондоо нутагшуулсан байна.

-Монголчуудад “Ивэн” эмнэлэг венийн судасны оношилгоо эмчилгээний тусламж үзүүлж байна. Энэ эмнэлгийн эмчилгээний арга, аргачлал нь танай венийн судасны төв (ХБНГУ-ын Фрайбург хотын Венийн Флебологийн төв)-тэй ижил төрлийн эмчилгээ хийж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Судасны хөөсрүүлэх тариа хийж байна. Судсыг өнгөт ЭХО-гоор харж мэргэжлийн өндөр түвшинд оношилж сурсан байна. Энэ эмнэлэгт хийгдэж байгаа эмчилгээ манай төвөөс эх ундаргатай гэж ойлгож болох юм.

-Энэ эмнэлэгт та гурав дахь удаагаа ирж байгаа юм байна. Та бүхэн цаашид хамтран ажиллах ямар нэг төлөвлөгөө байгаа юу?

-Хоёр талаасаа эмч, сувилагч мэргэжилтний солилцоо байж болно. Манай төвд шинээр нэвтэрч байгаа эмчилгээний арга, аргачлал шинэ техник технологиос энэ хамт олон суралцах боломжтой. Энэ талаар хийж бүтээхээр ярьж хэлсэн зүйл бидний дунд бий.

-Судасны өвчний хүндрэлээс болоод хөл тайруулах үзэгдэл манайд мэр сэр байна. Судасны өвчинд ийм төрлийн хүнд мэс засал хийх зайлшгүй шаардлага тулгардаг хэрэг үү?

-Вений судасны хувьд харьцангуй ийм хүнд мэс засал хийх шаардлага тулгарахгүй. Хүний хөлд венийн судаснаас гадна олон артерийн ч гэдэг юм уу, өөр төрлийн судсанд хүндрэл өгсөн нөхцөлд мэс засал хийх зайлшгүй шаардлага гарах магадлалтай. Лазерт ч эмчлэгдэхгүй өвчин байж болно. Ийм нөхцөлд судас сугалах, түүх янз бүрийн уламжлалт арга, аргачлалыг эмчилгээнд хэрэглэнэ.

-Эмчилгээний үр дүн өндөртэй лазер эмчилгээний эрин үед ч вений судасны өвчнийг өнгөрсөн хугацаанд эмчилж байсан тэр уламжлалт арга, аргачлал одоо ч ач холбогдол нь буураагүй байх нь гэж үзэж болох нь ээ?

-Тийм ээ...

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.