Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийг танилцууллаа
Хятадын Коммунист нам ирэх таван жилийн хугацаанд Хятад улсыг удирдах хүмүүсийг танилцууллаа. Улс төрийн товчооны Байнгын хороо нь Хятадын дээд удирдлагын байгууллага юм. Мөн нам доторх элитүүдийн элит гэж тооцогддог бөгөөд энэхүү албан тушаалд хүрэхэд улс төрийн арвин туршлага төдийгүй дотоод өрсөлдөөний маневр хийх чадвар шаарддаг. Бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Байнгын хороонд томоохон халаа сэлгээ хийх нь сонин содон явдал биш бөгөөд энэ удаад ч мөн онцын ялгаагүй байлаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний сонгосон эдгээр хүмүүсээс Жао Лөжи, Ван Хунин нараас бусад нь шинэ гишүүд бөгөөд бүгд биш хэдий ч ихэнх нь Ши Жиньпинд үнэнч хүмүүс байна. Ингээд Ши Жиньпин тэргүүтэй Хятадын эрх мэдлийг гартаа атгах хүмүүсийг танилцуулъя.
- Ли Чян Нас: 63 Одоогийн албан тушаал: Шанхай хотын намын нарийн бичгийн дарга Ши Жиньпиний доод тушаалын хамгийн итгэлт хүнд тооцогддог Ли Чян нь Жэжян мужийн жижиг хошуунуудад ажиллаж байсан. Ши Жиньпинийг Жэжяны намын дарга байх үед Ли Чян түүний намын штабын дарга байв. Энэ оны эхээр Шанхайд “COVID-19”-ийн дэгдэлттэй тэмцэхийн тулд хэрэгжүүлсэн түүний багийнхны арга хэмжээнүүд маргаан дагуулж байсан бөгөөд оршин суугчид шүүмжлэлтэй хандаж байв.
Энэ нь түүний улс төрийн карьерт нөлөөлөх болов уу гэсэн таамаг гарч байжээ. Гэхдээ энэ томилгооноос үзэхэд, Ши Жиньпинд үнэнч зүтгэсэн нь ийм байр суурьд хүргэсэн нь тодорхой байна. Байнгын хорооны гишүүдийн нэрийг ирэх онд батлах бөгөөд Ли Чяныг дараагийн Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд болно гэж олон шинжээч үзэж байна.
- Жао Лөжи Нас: 65 Одоогийн албан тушаал: Сахилга батыг хянан шалгах хорооны дарга Жао Лөжиг Хятадын удирдлагад өсөж буй од гэж үздэг бөгөөд Ши Жиньпинтэй адил Шэньси мужтай нягт холбоотой. Чинхай мужийн засаг захиргаанд орсныхоо дараа тэрбээр түргэн шат ахиж, 42 насандаа захирагч болсноор мужийн захирагчийн албыг хашсан хамгийн залуу хүн болж байв. Авлигатай тэмцэх асуудал хариуцсан хорооны даргын хувьд Жао Лөжи нь намын сахилга батыг сахиулах үүрэг хүлээж, олон жилийн турш олон тооны өндөр албан тушаалтны авлига авсан хэргийн талаар мэдүүлсэн байна.
- Ван Хунин Нас: 67 Одоогийн албан тушаал: Коммунист намын Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Эрдэмтэн, профессор асан Ван Хунин нь томоохон улстөрчдийн хараанд өртсөнийхөө дараа албан тушаал ахижээ. Түүнийг БНХАУ-ын дарга асан Жян Зэминьд санал болгож, улмаар зөвлөх нь болж байв. Намын улс төрийн онолч хүний хувьд Ван Хуниныг Коммунист намын олон үзэл баримтлал, тухайлбал Жян Зэминийн "Гурван төлөөллийн онол", Ху Жинтаогийн "Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санаа", Ши Жиньпиний Үзэл санаа зэрэг гурван удирдагчийн үзэл суртлын ард байдаг “тархи” гэж үздэг. Мөн Хятадын “Бүс ба зам” санаачилгыг ч түүний санаа гэж үздэг байна.
- Дин Сюэсян Нас: 60 Одоогийн албан тушаал: БНХАУ-ын даргын Тамгын газрын дарга Мэргэшсэн инженер Дин Сюэсян нь улс төрийн карьераа Шанхай дахь Засгийн газрын харьяа судалгааны төвд эхлүүлжээ. Хэдийгээр албан тушаал ахихад зайлшгүй шаардлагатай мужийн түвшний намын нарийн бичгийн дарга, мужийн захирагчийн албыг хашихад туршлага дутмаг байсан ч тэрбээр 2007 онд Ши Жиньпиний нарийн бичгийн дарга болжээ. 2014 оноос хойш тэрбээр Хятадын даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна. Ши Жиньпиний Үзэл санааг хүчтэй дэмжигч тэрбээр хамгийн найдвартай туслахуудынх нь нэг юм. Тэрбээр Хятадын удирдагчийг дотоодын төдийгүй гадаадын олон айлчлалд дагалдан явжээ. Ажиглагчдын хэлж байгаагаар, тэрбээр сүүлийн жилүүдэд Ши Жиньпинтэй бусад албан тушаалтнуудаас илүү илүү их цагийг өнгөрөөсөн байж магадгүй байна.
- Ли Си Нас: 66 Одоогийн албан тушаал: Гуандун мужийн намын нарийн бичгийн дарга Хятадын удирдагчийн гэр бүлтэй ойр дотно харилцаатай бөгөөд Ши Жиньпинд үнэнч зүтгэдэг Ли Сиг 2017 онд Ляонин мужид гарсан эдийн засгийн хуурамч мэдээллээс үүдэлтэй дуулианыг зохицуулсан хүн гэж үздэг. Тэрбээр Дэлхийн II дайны үед Мао Зэдун намын төв байр болгон ашиглаж, Ши Жиньпин долоон жил хүнд хөдөлмөр эрхэлж байсан улс төрийн ач холбогдолтой Яньань хотын намын дарга байжээ. Гуандунд Ли Си технологийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн шинэчлэл хийхийг уриалсан байна. Тэрбээр мөн худалдааны шинэ бодлого гаргаж, бүс нутгийн интеграцчлалыг дэмжжээ.
Эх сурвалж: Монцамэ.мн
Сэтгэгдэл
Зочин [203.23.199.190] 2022-10-25 00:33:33
Бүгд өөрийн талын хүмүүс юм гэсэн. Хятад нэг намын биш нэг хүний удирдлагад орлоо гэж үзэцгээж байна.