ОУАЭХА-ийн шинжээчид Украины цөмийн хоёр байгууламжид шалгалт хийнэ
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ шинжээчид Украины эрх баригчдын хүсэлтээр ойрын өдрүүдэд тус улсын цөмийн хоёр байгууламжид шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэ талаар ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгджээ. "Украины цөмийн хоёр байгууламжийн тухай ОХУ-аас ням гарагт хийсэн мэдэгдлийн талаар ОУАЭХА мэдэж байгаа. Украины талаас эдгээр байгууламжид шалгалтын ажиллагаа явуулах шинжээчдийн баг илгээх тухай хүсэлтийг бид бичгээр хүлээн авсан. Мөн ойрын өдрүүдэд эдгээр байгууламжид очихоор бэлтгэж байна" гэж тус байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн түүний мэдэгдэлд дурдсан байна.
Гроссигийн тэмдэглэснээр, “айлчлалын зорилго нь ямар нэгэн илтгээгүй цөмийн үйл ажиллагаа, материал байгаа эсэхийг шалгах юм”. Хоёр байгууламж хоёул ОУАЭХА-аас олгосон баталгааны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд агентлагийн шинжээчид тогтмол очдог болохыг Гросси батлан хэлсэн байна. Гэхдээ тэрбээр чухам ямар байгууламжуудыг шалгах гэж байгааг тодорхой хэлээгүй байна.
"Бохир бөмбөг"-ийн тухай Оросын худал мэдэгдлийг няцаахын тулд Украины цөмийн байгууламжид шинжээчдээ илгээхийг тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОУАЭХА-аас албан ёсоор хүсжээ. Ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу НАТО-гийн гишүүн орнууд болох АНУ, Их Британи, Франц, Туркийн Батлан хамгаалахын сайд нартай дараалан утсаар ярихдаа, Украины тал “бохир бөмбөг” хэрэглэж, бурууг нь Москвагийн эрх баригчдад тохохоор төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна. “Бохир бөмбөг” гэдэг нь цацраг идэвхт бодисоор өргөн уудам газар нутгийг хордуулах зориулалттай цөмийн бус, радиологийн зэвсэг аж.
Сэтгэгдэл