Хамгийн залуу ерөнхий сайд Сунак Их Британийг хэрхэн хямралаас гаргах бол

Aдмин / Гадаад мэдээ

Хоёр сар хүрэхгүй хугацаанд хэд хэдэн томилгоог хийсэн нь Их Британийн улс төрийн түүхийг зузаатгасан жил болж байна. Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы үеэр төрийн ордонд ёслолын үйл ажиллагаа зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор долдугаар сард огцорсон. Түүний албан тушаалыг Лиз Трасс орлож, есдүгээр сарын 6-нд Их Британийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болсныг олон улс талархан хүлээж авсан. Гэвч тэрбээр ердөө 45 хоногийн дараа буюу энэ сарын 20-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо.

Огцорсон шалтгаанаа эдийн засгийн хамгийн хэцүү цаг үеийг амжилттай даван туулах амлалтдаа хүрч чадахгүй гэдгээ ухаарлаа хэмээн тайлбарласан юм. Лиз Трасс огцорсноос хэдхэн хоногийн дараа буюу энэ мягмар гарагт Их Британи шинэ Ерөнхий сайдаараа Энэтхэг гаралтай залууг сонгов. Өмнөх сунгаанд ялах магадлал өндөртэй нэр дэвшигчээр нэрлэгдэж байсан Риши Сунак Их Британид ямар шинэчлэл, өөрчлөлтийг авчрахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

200 жилийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд

Өдгөө 42 настай Риши Сунак Их Британи улсын 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн залуу, анхны Ази гаралтай Ерөнхий сайд болсон нь дэлхийн улс төрийн төлөв хэрхэн өөрчлөгдсөний тод илрэл боллоо. Хинди шашинт Риши Сунак 1980 онд эмч Яшвир Сунак болон эм зүйч Уши Сунак нарын гэр бүлд мэндэлжээ. Сунакийн эцэг эх Зүүн Африкаас Их Британид 1960-аад онд нүүж очсон бол түүний эмээ, өвөө Энэтхэгийн колончлолын үед Зүүн Африк руу шилжин суурьшсан байна.

Эдийн засгийн гүн хямралтай цаг үед ерөнхий сайд болох сонгуульд ялсныхаа дараа Риши Сунак “Их Британи болон Консерватив намаа нэгтгэх нь миний нэн тэргүүний зорилт гэдгийг тодотгоё. Бидэнд яг одоо тогтвортой байдал, эв нэгдэл хамгаас чухал байна.Манай нам зөв шийдвэр гаргаж, улсаа удирдах хамгийн тохиромжтой үе нь одоо юм. Өмнөх цаг үеүдээс хамгийн хэцүү нөхцөлд улсаа удирдаж ажилласан Лиз Трассд талархаж байна” гэв.

Харин түүнтэй өрсөлдсөн нэр дэвшигч эмэгтэй Пенни Мордонт “Консерватив нам олон талт байдал, авьяас чадварыг дэмждэг гэдгээ олон нийтэд харуулсан түүхэн шийдвэр гаргалаа” хэмээн сонгуулийн дүнг зарласны дараа ярьжээ. Мөн Энэтхэгийн Консерватив нөхөрлөлийн байгууллагын захирал Наяаз Кази “Сунакын томилгоо бол дан ганц Энэтхэг гаралтай британичууд бус цөөнхийн бүх бүлгийн хувьд бахархалт үйл явдал юм” гэв. Тиймдээ ч Сунак Засгийн газраа бүрдүүлэхдээ нам харгалзахгүйгээр чадварлаг мэргэжилтнүүдийг багтаа авна гэдгээ мэдэгдээд байна. Тэрбээр 2019 оны сонгуулиас хойшхи Консерватив намын гурав дахь ерөнхий сайд болсон нь энэ юм.

Хамгийн баян гишүүн

Риши Сунак Оксфордын их сургуулийн Линкольн коллежийг философи, улс төр, эдийн засгийн мэргэжлээр сурч төгсжээ. 2001-2004 онд Голдман Сакст ажиллаж байгаад Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар Их Британийн гарааны бизнесийг дэмждэг нэг тэрбум ам.долларын эргэлттэй дэлхийн хөрөнгө оруулалтын компанийг байгуулжээ.

Сунак Борис Жонсоны Засгийн газарт COVID-19 цар тахлын хамгийн эгзэгтэй цаг үед чухал үүрэг гүйцэтгэж байв. Гэвч Борис Жонсон огцорсны дараа канцеллорын албан тушаалаасаа буусан билээ. Тэрбээр анх 2015 онд Хойд Йоркшир мужаас парламентын гишүүнээр сонгогдсон юм.

Риши Сунакын гэр бүл 730 сая фунтын хөрөнгөтэй. Их Британид хөрөнгийн хэмжээгээрээ 222 дугаарт бичигддэг чинээлэг өрхийн тоонд ордог юм. Риши Сунакын эхнэр Акшата Мурти нь Энэтхэгийн тэрбумтан, олон улсын “Infosys” мэдээллийн технологийн компанийн үүсгэн байгуулагч Нараяана Муртигийн охин бөгөөд Их Британид бизнес эрхэлдэг. Тэд Стэнфордын их сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2009 оны наймдугаар сард гэрлэсэн ажээ.

Сөрөг хүчин бүх нийтийн сонгууль явуулахыг уриалав

Сөрөг хүчний зүгээс Сунакын томилгоог эсэргүүцэж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Пат МакФадден “Консерватив нам тогтворгүй, эмх замбараагүй байдлыг нийгэмд үүсгэсэн. Тиймээс тус намаас сонгогдсон Риши Сунак асуудлын нэг хэсэг болохоос шийдэл байж чадахгүй. Бидэнд Консерватив намын топ удирдагчдаас илүү шинэ Засгийн газар, хөгжил дэвшил хэрэгтэй” гэж “BBC”-д ярьжээ. Харин Либерал ардчилсан намын дарга Эд Дэйви “Бүх нийтийн сонгуулиар ерөнхий сайдыг сонгох ёстой. Гэтэл одоогийн энэ үйлдэл нь Консерватив намын Британийн ард түмэнд итгэх итгэл улам бүр буурч байгааг илтгэж байна” гэж “BBC” радиогийн “Өнөөдөр” хөтөлбөрт оролцох үеэрээ ярьсан байна.

Борис Жонсоны Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байхдаа Сунак цагаачид, орогнол хүсэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан нь олон улсын хуульд харшилна гэж судлаачид шүүмжилжээ. “Түүний энэ байр сууринаас үзэхэд Сунакыг цөөнхийн төлөөлөл, олон янз байдлыг дэмжигч гэж үзэх боломжгүй” гэж Кэмбрижийн их сургуулийн профессор Приямвада Гопал “Al Jazeera” сайтад ярьжээ. Мөн тэрбээр тэрбумтны охинтой гэрлэсэн нь ажилчин анги хэмээх дундаж орлоготой иргэд эсвэл ядуу иргэдийн амьдралд тустай шийдвэр гаргахгүй байх нэг үндэс хэмээн зарим судлаач байр сууриа илэрхийлсэн байна. Энэ талаар профессор Приямвада Гопал “Риши Сунак Лондонгийн чинээлэг хэсгийн төлөөлөл. Тиймээс түүний бодлого эдийн засгийн тэгш бус байдлын хэмжээг бууруулахад нэг их нөлөө үзүүлж чадахгүй. Ер нь тэгш бус байдлын хүрээ өргөжихөд Консерватив нам гол дүрд нь тоглосон” гэв.

Жереми Хант ба Риши Сунакын хамтрал

Сангийн сайд Жереми Хант ирэх сарын 3-нд болох Английн төв банкны зээлийн хүүг тогтоох хуралдаанаас өмнө өрийг бууруулах шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхийг шинэ Ерөнхий сайдад уриалжээ. Хант 40 тэрбум фунт стерлингийн төсвийн цоорхойг нөхөх зорилготой дунд хугацааны төсвийн төлөвлөгөөг энэ сарын 30 гэхэд гаргахаар шаргуу ажиллаж байгааг Засгийн газрын бусад гишүүд сайшааж байгаа юм.

Жереми Хант болон Риши Сунакын эдийн засгийн шинжээчдийн баг зээлийн зардлыг бууруулж, ипотекийн зээлийн төлбөрийг бууруулахад тусалж, эдийн засгийн хурцадмал байдлыг намжаана гэдэгт итгэлтэй байгаагаа ажиглагчид илэрхийлжээ. Энэ талаар Шадар сайд асан Гэвин Уильямсон “Хэрэв бид Засгийн газрын зээлийн зардлыг 10 тэрбум фунт стерлингээр, ипотекийн зээлийн төлбөрийг нэг хувиар бууруулж чадвал эдийн засгийн байдлыг сайжруулж чадна” гэж “Financial Times”-д ярьжээ.

Шинэ, залуухан ерөнхий сайдын өмнө инфляцын өсөлт, төрийн үйлчилгээний хүнд суртал, эрчим хүчний үнийн хөөрөгдөл, ирэх өвөл цахилгаан тасрах эрсдэл өндөр гэсэн богино хугацаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хүндхэн олон асуудал байна. Их Британийн инфляцын хэмжээ сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрч, гүн хямралд ороод байгаа учир Сунак төсвөө танахаар төлөвлөж байгаа аж.

Энэтхэгийн Консерватив нөхөрлөлийн байгууллагаас Сунакыг Их Британийг хамгийн хэцүү цаг үед нь удирдан чиглүүлэх зөв хүн хэмээн магтаж байна. Энэ талаар тус нөхөрлөлийн захирал Кази “Хүндхэн цаг үед ерөнхий сайд болж байгаа ч Сунак эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцыг хэдийнэ олчихсон болов уу. Тэр үнийн өсөлт, амьдрах өртөгийн хямрал гэсэн олон асуудлыг даван туулж чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.33] 2022-10-28 04:46:03

Урьдахаас илүү гарахгүй харин ч дордуулах байх,бас сагсуу юм байна.

Зочин [202.9.47.143] 2022-10-28 04:32:28

ИХ БРИТАНИЧУУД ИХ ОРНОО УДИРДАЖ ЧАДАХАА БАЙЧИХСАН ЮМУУ? НЭГ МУУ ХАЛТАР ЭНЭТХЭГЭЭС ДОР.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.